Түүний амьдрал бүхэлдээ үлгэр мэт байсан агаад нэрт зураач Фрида Калогийн дотны найз байсны зэрэгцээ Франклин Д. Рузвельтийн зөвлөхтэй болзож, өөр олон алдартнуудаар хүрээлүүлсэн нэгэн байжээ. Гэсэн ч түүний амьдралд тохиолдсон золгүй гэмээр үйл явдлууд түүний амьдрах итгэл найдварыг үгүй хийсэн юм.
Хэдий хүчин чармайлт гарган хөдөлмөрлөж байсан ч түүний урлагийн замнал төдийлөн амжилттай байсангүй. Жүжигчний сонгон шалгаруулалтуудад удаа дараа бүтэлгүйтэж, тухайн үед нэрд гарж байсан Зигфельд шоунд оролцохоос өөр ажилгүй болж явсан ч тэрээр цөхрөлгүй амжилтад хүрч чадсан билээ. Харамсалтай нь түүний амьдралаас золгүй явдал үүрд одсонгүй, нөхөр нь 150 метрийн өндөр хадан цохионоос машинтайгаа унаж амиа алдсан нь түүнд хүнд цохилт болсон нь мэдээж.
Ийнхүү санхүүгийн хувьд хүнд байдалд орсон Дороти Хейл өөрийн алдар нэртэй, баян чинээлэг танилын хүрээний нөлөөгөөр л аж төрж байсан гэхэд хилсдэхгүй. Улмаар 1938 оны намрын тэр нэгэн үдэш үдэшлэгийн дараа тэрээр сүүлчийн захидлаа бичин үлдээгээд амиа егүүтгэжээ.
Дороти Хейлийн амьдрал
Тэрбээр 1905 оны 1-р сарын 11-ний өдөр АНУ-ын Питтсбург хотод мэндэлжээ. Тухайн цаг үед хөл дээрээ ч босоогүй байсан кино урлаг, Холливудын зах зээл түүний мөрөөдөлд бага ахуй наснаас нь цэцэглэж байсан гэдэг. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг байсан ааваасаа тусдаа амьдрахаар шийдэн 14 насандаа католик шашны охидын сургуульд суралцан тусдаа гарсан боловч удалгүй мөнгөгүй болсон тул төрөлх хотдоо эргэн ирсэн байна. Гэхдээ тэрээр гэртээ төд удсангүй 1920-оод оны эхээр өөрийн хүсэл мөрөөдлөө хөөн урлагийн ертөнцөд хөл тавихаар Парис хот руу явжээ. Тэнд тэрээр уран баримал, архитектурын чиглэлээр суралцаж байх үедээ саятан, хөрөнгийн зах зээлийн шинжээч Гайллард Томастай танилцан гэр бүл болсон ч удалгүй салжээ. Европ тивд тэрбээр олимпийн тамирчин асан, хожим гэрэл зурагчин болсон Николас Мюррей, зураач Фрида Кало, артист Мигель Коваррубиас зэрэг алдартнуудтай танилцан нөхөрлөх болсон байдаг.
Тухайн үед түүний амьдралд орж ирсэн эрхмүүдийн нэг бол артист Гарднер Хейл байв. Гэмтлийн улмаас бүжигчний замналаа дуусгавар болгосон тэрээр 1927 онд Доротитой гэр бүл зохиожээ. Доротигийн хувьд ч амьдрал нь хүслээр нь болж буй мэт дээшилсээр кино зах зээлийн томоохон төлөөлөгч болох Самуэль Голдуины жүжигчний сонгон шалгаруулалтад тэнцэж олон алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллах болов.
Гэсэн ч тэр бүх аз жаргал дүүрэн мөчүүд удаан үргэлжилсэнгүй, 1929 онд АНУ-д их хямрал тохиож тэдний гэр бүл санхүүгийн асар том цохилт амссан бөгөөд түүнээс 2 жилийн дараа Гарднер Хейл Калифорни мужид учир битүүлэг байдлаар өндөр хадан цохионоос машинтайгаа унаж амиа алдсан юм.
Дороти Хейлийн үхэл
Доротигийн амьдралын сүүлчийн жил мөн л таагүй явдлаар эхэлсэн нь түүний дотны найз Розмонд Пинчот хор ууж амиа хорлосон явдал байв. Түүнчлэн түүний хувийн санхүүгийн зөвлөх Бернард Баруч түүнтэй ажиллахаасаа татгалзаж, нөхөр хайж олохыг зөвлөөд сураг алдарсан нь түүнд хүнд цохилт болов.
Ийнхүү хүнд байдалд байх үедээ тэрээр хэсэг найзуудаа нэгэн үдэшлэгт урьсан бөгөөд тэр орой тэрбээр амиа егүүтгэсэн билээ. Тухайн үдэшлэгийн дараа тэрээр Бродвейд Оксар Уайлд жүжгийг үзэж сонирхоод гэртээ ганцаар ирсэн бөгөөд зөвлөх асан Бернард Баруч тэргүүтэй хүмүүст хандан захидал бичин үлдээгээд 1938 оны 10-р сарын 21-ний өдрийн 5 цаг 15 минутын үед цонхоороо үсэрч амиа хорлосон гэдэг.
Газарт унан шууд амиа алдсан түүний биеийг цагдаагийн газарт аваачих үед оффицерууд түүнээс харцаа ч салгаж чадахгүй байсан түүх бий. Ийнхүү мөн оны 11-р сард Клар Люс хэмээх эрхэм зураач Фрида Калотой холбогдон түүний хөргийг зуруулжээ.
Гэсэн ч энгийн нэгэн хөрөг зураг зуруулах гэсэн Клар Люст Фрида Кало цонхоороо үсэрч буй Хейлийн дүрийг зурж өгсөн бөгөөд өдгөө тэрхүү зураг нь Нью-Йорк хотын Куйнс дахь Ногучи музейд хадгалагдаж байна.