Төсөөлөхөд л шантармаар эрт цагийн асар хүнд 7 мэргэжил

Аливаа зүйлсийн мөн чанарыг бусадтай харьцуулах аргаар мэдэж болно. Зарим хүн ядарснаас, уйдсанаас болж оффисын ажлаа голж байхад зарим нь гудамжны хогийг үг дуугүй цэвэрлэнэ. Гэтэл өнөө цагийн ямар ч мэргэжилтэй хүн өөрийгөө азтайд тооцмоор асар хүнд ажлуудыг бидний өвөг дээдэс хийдэг байжээ.

Төсөөлөхөд л шантармаар эрт цагийн асар хүнд 7 мэргэжил

1 Давсны уурхайн ажилчин

Өнөө үед хамгийн хямд байгалийн нөөцүүдийн нэг болоод байгаа давс нь эрт үед бараг л алттай ижил үнэ хүрдэг байжээ. Учир нь хөргөгч зохион бүтээхээс өмнө аливаа хүнсний бүтээгдэхүүнийг давс ашиглаж хадгалахаас өөр арга байдаггүй байсан учраас эрэлт нь асар өндөр байв. Тиймээс ийм үнэтэй түүхий эдийг олборлохын тулд баялгийн эзэд, хөрөнгө чинээтнүүд хүний амийг юман чинээ бодолгүй зүтгүүлдэг байжээ. Үүний харгайгаар 20-р зууны эхэн үе хүртэл давсны уурхайд ажиллана гэдэг жинхэнэ залхаан цээрлүүлэлт болдог байв. 

Өнөө цагт ч гэсэн давсны уурхайн ажилчдын 10 орчим хувь нь уушигны хүнд өвчнөөр өвчилдөг гэнэ. Учир нь уурхайн гүн дэх агаар хэт их давс агуулдаг бөгөөд түүгээр их амьсгалвал уушиг гэмтэж, үе мөчний үрэвсэл үүсгэдэг аж. Мөн аажимдаа бие махбодод давс их хэмжээгээр хуримтлагдсанаас болж байнгын шингэн алдахад хүргэдэг байна. Мөн давсны уурхайн доор метан болон бусад аюултай хийний хуримтлал байдаг учраас уурхайчид гэнэт олноороо хордох аюул бас бий. Эртний Ромоос гаралтай 2000 ширхэг араг ясыг судалсан судлаачид тэр үеийн 30-аас доош насны хүмүүсийн үхлийн гол шалтгаан нь давсны уурхайд ажилласнаас үүдэлтэй хэмээн дүгнэсэн байдаг.

Давсны уурхайн ажилчин

2 Сэлүүрчин

Эрт цагт цэргийн хөлөг онгоцыг боолууд сэлүүрддэг байсан гэх өрөөсгөл ойлголт бий. Ийм чухал тээврийн хэрэгслийг сул биетэй, албадан хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хариуцуулах үндэс байхгүй. Чухам тийм учраас дундад зууны үе хүртэл хүн хүч дутсан тохиолдолд л боолоор завь сэлүүрдүүлдэг байжээ.

Ихэвчлэн өрөнд унасан эсвэл яаралтай мөнгө хэрэгтэй болсон хүмүүс аргагүйн эрхэнд сэлүүрчин болдог байжээ. Хүнд сэлүүрийг асар олон цагаар хөдөлгөнө гэдэг маш хэцүү учраас энэ ажлыг хэр баргийн хүн хийж чадахгүй. Дээрээс нь их буу байгаагүй үед хөлөг онгоцууд нэгнээ мөргөж сөнөөдөг байсан юм. Хүчтэй мөргүүлсэн тохиолдолд тэндээс сэлүүрчид амьд гарна гэдэг бараг л боломжгүй.

Сэлүүрчин

3 Дэлхийн 2-р дайны үеийн шумбагч онгоцны цэрэг

Одоо ч гэсэн шумбагч хөлөг гэдэг аюултай зүйл хэвээр байгаа. Гэвч Дэлхийн 2-р дайны үед бол шумбагчтай тулаанд ороод амьд үлдэнэ гэдэг цэвэр аз мэдэх хэрэг байв. Дайны эхэн үед шумбагч онгоцнууд нь дуу чимээ ихтэй дизель хөдөлгүүрээр тоноглогдсон байсан бөгөөд энэ нь радарт шууд илэрдэг байсан юм. Тиймээс тэдгээрийг тэр бүрт нь пуужингаар харваж устгадаг байсан гэхэд болно. 

Дээрээс нь шумбагчийн өөрийнх нь холбоо харилцаа, зэвсэг техник нь маш болхи учраас тулалдаанд найдваргүй байв. 

Дайсны флот эсвэл нисэх онгоцонд шууд харагдах эрсдэлтэй учраас шумбагч нь удаан хугацаанд усны гадаргуу дээр гардаггүй тул усан цэргүүд байнга дизель үнэртсэн давчуу орчинд, агаарын дутагдалтайгаар хэдэн сарыг өнгөрөөнө.

Энэ бүгдээс болоод цэргүүд бие махбодын өвчлөл, сэтгэл зүйн хямралд орж, бүр галзуурах нь энгийн үзэгдэл байжээ. 

Дэлхийн 2-р дайны үеийн шумбагч онгоцны цэрэг

4 Элч

Эрт цагт мэдээ, захидал хүргэж ирсэн элчийг хороох явдал цөөнгүй байсныг наанадаж Монголын байлдан дагууллын түүхээс харж болно. Элчийн хүргэх мэдээ дайны хувь заяаг эргүүлэх ч боломжтой тул тэднийг зөвхөн дайснууд төдийгүй нэг талын хэрнээ өөр хоорондоо тэмцэлдсэн удирдагчид шууд хороохыг хичээж ирсэн юм. 

Мэдээж элчийг хөнөөх нь доромжилсон хэрэгт тооцогддог байсан ч муу мэдээ хүргэж ирсэн хүнийг цаазалдаг заншил олон үндэстэнд байсан. Гэхдээ энэ нь эсрэг талдаа сургамж болгох гэсэндээ биш муу мэдээг авчирсан хүнтэй нь хамт үгүй хийх мухар сүсэгтэй илүү холбоотой байжээ. Иймд элч нар аливаа муу мэдээг ямар нэгэн байдлаар эерэг тал руу нь эргүүлж ойлгуулах хэл ярианы чадварт суралцдаг байв.

Гэсэн хэдий ч зарим соёлд, жишээлбэл, эртний Египетэд сайн мэдээг хүргэсэн элч нарыг ч бас цаазалдаг байв. Ингэснээр тэрхүү сайн мэдээ авчирсан элчийг бурхад руу илгээснээр тэрхүү мэдээ нь биеллээ олно гэдэгт тэд итгэдэг байжээ. 

Элч

5 Ангийн үс бэлтгэгч

Үслэг эдлэл нь балар эртнээс нааш үнэ цэнтэй, эрэлттэй бараанд тооцогдсоор иржээ. Тийм учраас ангийн үс бэлтгэгч нь ан гөрөө элбэгтэй Орос, Скандинав, Хойд Америкт түгээмэл мэргэжил байв.

Мэдээж ийм мэргэжил сонгосон хүмүүс чоно, баавгай зэрэг аюултай амьтадтай байнга нүүр тулахаас гадна Хойд Америкт бол олзонд нь санаархсан нутгийн уугуул иргэдтэй мөргөлдах хэрэг гарна. Энэ төрлийн ажил ямар аюултай байсныг харъя гэвэл "The Revenant" киног үзэхэд л хангалттай. 

Хүйтэн, чийгтэй газар маш бага нөөцөөр удаан хугацаанд амьдрах шаардлагатай учраас өлбөрч эсвэл хөлдөж үхэх аюул энүүхэнд. Гэтэл ийм эрсдэлтэй мэргэжил мөртлөө цалин нь харьцангүй бага байсан гэдэг. 

Ангийн үс бэлтгэгч

6 Хүүр тээвэрлэгч

Түүхийн уртад дайн тулаан, тахал өвчнөөс болоод хүн төрөлхтөн хэдэн зуу, хэдэн мянгаараа хорогдсоор ирсэн билээ. Чухам тэр үед тэднээс үлдсэн цогцосыг хэн нэгэн зөөх хэрэг гарна. 

Тулааны үеэр амиа алдсан нөхдөө дайны талбараас авчрах нь мэдээж амь өрссөн ажил. Харин ариутгал, халдвар хамгааллын технологи өнөө үе шиг өндөр хөгжөөгүй байсан учраас өвнөөр нас барсан хүнтэй харьцах нь бүр ч хэцүү байсан юм. Хар тахлын үеийн эмч нар урт хошуунд нь анхилуун ургамал, цэцэг хийсэн баг өмсөж өөрсдийгөө хамгаалдаг байсан нь үүний нэг жишээ.

Хүүр тээвэрлэгч

7 Яндан хөөлөгч

Хуучин цагийн хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг бол яндан хөөлөх ажил байсан бөгөөд харамсалтай нь бяцхан хөвгүүд дөрвөн настайгаасаа эхлэн энэ чиглэлээр мэргэшдэг байжээ. Европын барилгуудын ихэнх яндан нь хэт нарийхан, заримдаа мушгиа хэлбэртэй, хурц өнцөгтэй байсан учраас насанд хүрэгчид багтдаггүй байв. Тиймээс бага насны хүүхдүүдийг ийм ажилд дайчилдаг байсан хэрэг. Хөөрхий хөвгүүд өдөр бүр яндан цэвэрлэдэг байсан бөгөөд тэндээ гацаж, унаж эсвэл угаартаж, түлэгдэж нас бардаг байжээ. Үүний дээр хөө тортог, утаагаар байнга амьсгалсны уршгаар олон хүүхэд өсвөр насаа ч үзэж чадалгүй уушигны хүнд өвчнөөр үхсэн байдаг.

Яндан хөөлөгч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()