Тяньжин хотын Жиннан дүүрэгт нийт тохиолдлын 94 хувь нь илэрсэн байна. Үүний улмаас тус бүст хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг орон нутгийн захиргаа гаргажээ.
Тиймээс Тяньжин хотын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Тяньжиний Санхүү эдийн засгийн их сургуулийн дотуур байрыг түр хугацаагаар тусгаарлах бүс болгон ашиглахаар болжээ.
Энэ хоёр сургууль нь Тяньжин хотын төвөөс 45 км-ийн зайд орших Баоди дүүргийн Жинжин хотхонтой ойрхон байрлалтай юм.
Энэхүү явдал нь өвлийн амралтаар таарсан бөгөөд хичээл 2-р сарын 21-нд эхлэх тул оюутнууд дотуур байрыг нь ашиглах шийдвэрийг уриалгахан хүлээж авсан байна. Харамсалтай нь эзгүй хойгуур нь тэдний эд хогшлыг хогийн уутанд хийгээд шууд гаргаж хаяж байгаа явдалд тун эгдүүцжээ.
1-р сарын 18-ны өдөр ажилчид дотуур оюутны байрыг нь хоосолж, орхиод явсан хувийн эд зүйлсийг нь цонхоор шидэж байгаа бичлэг болон гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тарсан нь багагүй шуугиан тарьсан юм.
Оюутнууд “Яалаа гэж бидний өмчтэй ингэж харьцаж байгаа юм бол? Эд зүйлсийг маань харж хандана гэж амлахдаа шууд хаях гэж байсан хэрэг үү?"
"Цар тахлын үед дотуур байрыг ингэж ашиглах нь зүйн хэрэг. Гэхдээ хүний өмчийг шууд ингээд хаяж болохгүй гэдэг наад захын ухамсар байна уу?" гэх мэтийн сэтгэгдэл үлдээж байжээ.
Мөн зарим оюутнууд дээрх хоёр сургуульд сурдаг гэдгээ хэлэхээс ичдэг болсон тухайгаа илэрхийлсэн байна.
Олон нийтийн Weibo сүлжээн дээр оюутнууд зөвхөн хичээлийн хэрэгсэл гэлтгүй хувцас, гутал, гоо сайхны бүтээгдэхүүн, компьютер зэрэг үнэ бүхий зүйлсийг нь ингэж хаясан болохыг мэдэгджээ. Үүний зэрэгцээ оюутнуудын эд зүйлсийг хаана яаж хадгалсан, эвдэрч сүйдсэн зүйлст нөхөн олговор өгөх эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Энэхүү мэдээ нь ганцхан Хятад төдийгүй дэлхийн хэмжээнд шуугиан дэгдээгээд байгаа юм. Орон орны цахим хэрэглэгчид ийм зүйл хэрхэвч байж болохгүй хэмээн үзэж байгаа аж.
Тяньжиний Санхүү эдийн засгийн их сургуулийн захиргаа 1-р сарын 19-нд оюутнуудаасаа уучлалт гуйсан бөгөөд дотуур байрыг нь хоослох, цэвэрлэх ажлыг яаравчлан хийх шаардлагатай байсан учраас ингэж хуумгай хандсан гэх тайлбарыг тавьжээ.
Харин Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Өдгөө зарим оюутнууд аргаа баран "Уучлалт гуйх нь хамаагүй, өөрийнхөө юмыг хаана байгааг л мэдэхийг хүсч байна" гэх болжээ.