Энэхүү арал дээр Одомари, Нитода гэсэн хоёр жижиг тосгон байдаг. Нутгийн иргэд эрт цагаас эхлэн торгоны хүр хорхойг үржүүлж, сайн чанарын торго нэхэж иржээ.
Гэвч нэгэн асуудал гарч ирсэн нь тэдний арай хийж үржүүлсэн хүр хорхойнууд нь харх, хулгануудын идэш болж эхэлжээ. Ийнхүү амьжиргааны эх үүсвэрээ хамгаалахын тулд оршин суугчид хамгийн энгийн шийдлийг нэвтрүүлж, муур олноор нь тэжээж эхэлсэн аж.
Гэхдээ Таширо арлынхан муурнуудыг гэртээ байлгах бус байгальд сул тавьсан байна. Муурнууд үүргээ ч сайн гүйцэтгэж, богино хугацаанд хулгануудын устгаж чадсан учраас үүнд талархсан хүмүүс тэднийг сайн хооллож, өвдснийг нь асардаг болжээ. Мөн муурнуудад зориулан аралдаа олон тооны хөшөө дурсгалууд, тэр ч байтугай 10 сүм барьсан гэнэ.
Нэг удаа Таширо арлын нэгэн загасчин эр тороо усанд шидэхдээ дотор нь муур хэвтэж байсныг мэдээгүйгээс болж өнөөх муур живж үхчээ. Үүнд харамссан эр хөөрхий муурт зориулан дурсгал байгуулсан нь өнөө үед жуулчдын үзэх дуртай газар болжээ.
Арлын иргэд муурнууд аз жаргал, эд хөрөнгө авчирдаг гэж билэгшээдэг бол загасчид тэднийг цаг агаарыг урьдчилж мэддэг учраас олз их олоход тусладаг хэмээн хүндэтгэдэг аж.
Сүүлийн жилүүдэд арлын хүн амын тоо эрс буурчээ. Залуучууд ажил эрэлхийлэн томоохон хотуудыг зорих болсон учраас зөвхөн өндөр настнууд энд үлдсэн байна. Тиймээс Таширо арлын дундаж нас 71 хүртэл өссөн гэнэ. Хэдийгээр тэд чинээлэг биш ч тийм олон муурнуудыг өдөр бүр хооллохоо мартдаггүй байна.
Мөн арал дээр хүр хорхой үржүүлж торго нэхэх уламжлал алдагдсан хэдий ч Таширо нь олон улсад Муурын арал хэмээн алдаршиж жуулчдыг татах болжээ.
Тиймээс жуулчид олноороо ирж арлын эдийн засгийг дэмжих болсон гэнэ. Хэрвээ та Таширо дээр очиж үзэхийг хүсч байвал нутгийн дүрмийг чанд баримтлах ёстой гэнэ.
Тэдгээр нь:
- Нохой авчрах боломжгүй.
- Муурнуудад зөвшөөрөгдөөгүй хүнсний бүтээгдэхүүн өгөхгүй, мөн их хэмжээгээр хооллохгүй байх
- Муурнуудын зургийг авахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Жишээ нь тэдний нүд нь гялбадаг учраас камерийн гэрлийг асааж болохгүй.
Таширогийн иргэд муурнуудаа арлын бүрэн эрхт эзэд гэж үздэг. Ингэж хүндлэл хүлээсний хариуд муурнууд ч хүмүүстэй маш найрсаг харьцдаг болсон бөгөөд ойртож ирсэн нэгэнд эрхэлж, зургаа дуртайяа даруулдаг байна.
Муур нь тэжээдэг хүнийхээ ганцаардах мэдрэмжийг арилгаад зогсохгүй хүнд ажлын өдрийн дараа стресс тайлахад тус болдог гэдгийг эрдэмтэд аль эрт нээсэн билээ.
Чухамдаа мууртай харьцаж сэтгэл зүйн засал хийлгэхийг мууран эмчилгээ гэж нэрлэдэг. Ерөнхийдөө мууртай ойр байдаг хүмүүс өндөр дархлаатай байдгийн дээр дундаж наслалт нь энгийн хүмүүсийнхээс 5-7 жилээр нэмэгддэг гэнэ.