1977 онд биологич Ричард Пето бие дэх эсийн тоо болон хорт хавдар үүсэх магадлал хоорондын хамаарлыг тооцоолжээ. Үүний үр дүнд тэрээр биеийн эсийн тоо нэмэгдэх тусам хавдрын эсийн тоо илүү эрчимтэй олширдог болохыг тогтоосон байна. Жишээлбэл хүний эсийн тоо 30 дахин нэмэгдвэл өмөн үү буюу арьс, гэдэсний хорт хавдар тусах магадлал 860,000 дахин нэмэгддэг аж.
Гэвч бодит байдал энэ онолтой зөрчилдөж байгаа юм. Дунджаар 1000 хулганы бие дэх эсийн тоо нийлж байж ердөө нэг хүнийхтэй тэнцдэг. Гэвч хулгана биднээс илүү тус өвчинд өртөмтгий байдаг аж. Мөн дэлхийн дээрх хамгийн том биетэй амьтан болох цэнхэр халим хорт хавдар огт тусдаггүй гэхэд болно. Үүний цаад учир нь юу юм бол?
Эндээс харвал халимын бие хулганыхаас хэдэн мянга дахин том, эсийн тоо нь мөн адил хэдэн сая дахин илүү боловч хорт хавдар тусах магадлал эсрэгээрээ буурч байгаа нь тодорхой байна. "Петогийн гажуудал" гэж нэрлэдэг энэхүү оньсого шиг явдал нь эрдэмтдийн шүдний өвчин болжээ. Тиймээс тэд олон тооны судалгаа явуулсны эцэст энэ бүгдийн учрыг тайлах 3 таамагт хүрсэн аж.
Эхнийх нь бодисын солилцоотой холбоотой гэсэн онол юм. Урт хугацааны судалгаагаар жижиг амьтдын бие дэх эсүүд бага насалж, илүү хурдан хуваагдаж, хувьсалд ордог болох нь ил болсон юм. Үүний дагуу хорт хавдарын эсүүд илүү хурдан үржиж, биеэр тархдаг байна.
Биеийн жин болоод хавдэрын эс мутацид орох магадлалын хамаарал
Үүнээс гадна биеийн эд эс өөрийгөө хавдраас хамгаалахыг хичээдэг. Хүний биеийг "засварлах" үүрэгтэй мянга мянган уураг ДНХ-ийг тойрон хүрээлж байдаг юм. Тэдгээр нь учирсан аливаа гэмтлийг засч, эсийн доройтлоос сэргийлдэг бөгөөд аюултай эсүүдийг нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй юм.
Хэрэв тухайн гэмтсэн генийг нөхөж чадахгүй бол тухайн өвчилсөн эс өөрөө өөрийгөө устгадаг. Том амьтдын хувьд энэхүү хамгаалалтын механизм илүү үр дүнтэй ажилладаг болохыг сүүлд хийгдсэн судалгаанууд баталж байна. Жишээлбэл зааны бие дэх уургийг тариулсан хулганууд энгийн хулгануудаас илүү дархлаатай болж, хорт хавдар тусах магадлал нь эрс буурч байжээ.
Сонирхолтой нь хорт хавдар өөрөө өөрийгөө устгадаг аж. Миллиметрийн хэмжээтэй хавдар хулгана мэтийн жижиг амьтдын аминд шууд хүрдэг боловч хүний хувьд олон жилийн турш энгийн байдлаар амьдарч чаддаг.
Гэтэл цэнхэр халимын биед ийм хэмжээтэй хавдар нэг дор хэдэн зуугаараа ургасан ч яах ч үгүй. Гэхдээ тэрхүү өвчилсөн эд нь бодисын солилцооноос ангид болдог бөгөөд аажимдаа өөр дээр нь хавдар ургаж эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл тэрхүү хавдар нь өөрөө хавдартай болно гэсэн үг. Тухайн "хавдар туссан хавдар" нь өөрийн гэсэн дархлаагүй учраас аажимдаа идэгдэж байхгүй болно. Чухам энэ мэтээр эдгэрсэн тохиолдол цэнхэр халимд цөөнгүй байдаг байна.
2 гр-ын хэмжээтэй хавдар ургах магадлал