Чухамдаа Элиза Ламын үхлийн нууц дэлхий даяарх олон сая хүний анхаарлыг татсан бөгөөд үүнийг тайлах гэсэн олон арван оролдлого гарсан юм. Бүр энэ сэдвээр "Netflix" компани баримтат кино хүртэл гаргасан байна.
Элиза Ламд яг юу тохиолдсоныг өнөөдрийг хүртэл хэн ч мэдэхгүй хэвээр байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2013 оны 1-р сарын 31-нд Лос-Анжелес дахь Сесил зочид буудалд л үзэгдсэн аж.
Элиза төрөлх Ванкувер дахь Бритиш Колумбын их сургуульд суралцдаг байв. Амралтаараа тэрээр АНУ-ын баруун эрэг дагуу ганцаараа аялж байсан бөгөөд 2013 оны нэгдүгээр сарын 26-нд Сан Диегогоос Лос Анжелес хотод ирээд байжээ. Тэрээр дараа нь Санта Круз хүрэхээр төлөвлөж байсан байна.
Охиноо ганцаараа явж байгаад эцэг эх нь санаа зовж байсан учраас Элиза аялалын туршид эцэг эхтэйгээ өдөр бүр утсаар ярьж, мессеж бичиж, аюулгүй байгаа гэдгээ мэдэгддэг байв.
Тиймээс Ламын гэр бүлийнхэн охиноо 1-р сарын 31-нд холбоо бариагүй учраас шууд ямар нэг зүйл болсныг мэдсэн гэнэ. Тиймээс тэд Лос Анжелес хотын цагдаагийн газартай холбогдов. Цагдаа нар зочид буудлын өнцөг булан бүрт эрэл хайгуул хийсэн ч охиныг олсонгүй.
Удалгүй цагдаа нар Сесил зочид буудлын лифтний хяналтын камерын бичлэгийг цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Элиза Лам алга болсон өдрөө цахилгаан шатанд суугаад хачирхалтай үйлдэл гаргаж байгаа нь бичлэг дээрээс тодорхой харагдаж байв.
Тодруулбал тэрээр цахилгаан шатанд орсон хойноо бүх давхрын товчин дээр дарна. Үүний дараа тэрээр хэд хэдэн удаа цухуйж харж байгаад гараад явдаг юм. Бичлэгт түүнээс өөр хүн гардаггүй аж. Ламын энэхүү дөрвөн минутын бичлэг хэдэн арван сая хандалт авсан байна.
2-р сарын 19-нд буюу бичлэгийг нийтэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа зочид буудлын ажилтан Сантьяго Лопез Элиза Ламын цогцсыг зочид буудлын дээвэр дээрх усны савнаас олжээ. Зочид буудлын нэгэн зочин цоргоноос муухай амт үнэртэй ус гоожиж байна гэж гомдоллосон учраас Лопез шалгасан нь тэр байв.
Лос Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газрын даргын мэдэгдлийн дагуу Ламын цогцос олдсон савыг бүрэн шавхаад дараа нь хажуу талд нь том нүх гаргаж байж цогцосыг гаргаж авчээ.
Хамгийн сүүлд "The Last Bookstore" хэмээх ойролцоох номын дэлгүүрийн эзэн Кэти Орфан хохирогчийг амьд байхыг харсан аж.
Охин гэрийнхэндээ зориулж ном худалдаж авч байсныг Орфан дурсчээ. Мөн Лам дэлгүүрт нь байхдаа багагүй түгшсэн байртай харагдсан байна.
Элиза Ламын задлан шинжилгээний хариу мөн тун хачирхалтай байв. Лам хэдэн жилийн өмнө сэтгэл гутрал болон хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон тул хэд хэдэн эм ууж байсан нь илэрчээ. Гэвч түүний биед согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний шинж тэмдэг огт илрээгүй байна.
Ламын шинжилгээний тайлан гарсны дараа сонирхогчид түүний үхлийн нууцыг тайлахаар шийдэн таарсан бүх мэдээллийг нарийвчлан судалж эхэлжээ.
Жишээлбэл, Ламын дээрх тайлангийн хураангуйлсан хувалбарыг Reddit дээр нийтэлсэн байна:
Нэгэн хэрэглэгч тэр дундаас дараах 3 зүйлийг тусгаж авчээ:
- Лам нас бардаг өдрөө дор хаяж нэг тайвшруулах эм уусан;
- Лам хэдхэн өдрийн өмнө өөр нэг тайвшруулах эм уусан
- Гэхдээ Лам ойрын хугацаанд өөр төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм уугаагүй.
Эндээс үзвэл сэтгэл гутрал, хоёр туйлт сэтгэцийн өвчтэй байсан хэдий ч Лам буруу эмээ ууж байсан аж.
Хоёр туйлт эмгэгийг эмчлэхийн тулд тайвшруулах эм хэрэглэх нь зөв ч буруу эм сонгосон тохиолдолд тухайн хүн эрүүл ухаанаа алдах хүртэл эрсдэлтэй байдаг юм. Тиймээс зарим хүмүүс зохисгүй эм хэрэглэсэн учраас Лам солиорсон байж магадгүй гэж таамаглажээ.
Зочид буудлын менежер Эми Прайсын шүүх хурал дээр хэлсэн үг нь энэ таамгийыг мөн баталж байгаа юм.
Лам Сесил зочид буудалд хэд хэдэн хүний хамт нийтийн өрөөнд анх орсон аж. Гэсэн хэдий ч бусад нь түүнийг "хачин авир" гаргасан гэж гомдоллосон учраас өөр өрөө рүү оруулжээ.
Гэхдээ тэрээр сэтгэцийн өвчтэй байсан нь үнэн ч юунаас болоод амиа алдав, яагаад усны саванд орсон бэ гэдгийг хэн ч тааварлаж чадсангүй.
Элизагийн эцэг эх Дэвид, Ин-на Лам нар охиноо нас барснаас хойш хэдхэн сарын дараа Сесил зочид буудлын эсрэг зарга үүсгэсэн байна. Тэдний өмгөөлөгч нь "Тус зочид буудал үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүй учраас зарга үүсгэж байна" гэж мэдэгджээ.
Гэхдээ энэхүү заргыг үүсгэх үндэслэл бараг байгаагүй гэхэд болно. Элизагийн цогцсыг хамгийн түрүүнд олсон хүн болох Сантиаго Лопез дээрх усны савнаас Ламыг гаргаж авахын тулд ямар их зүтгэл гаргасныг дурдаад энэ бүхнийг хэн нэгэн санаатай хийснээс гарцаагүй хэмээн мэдэгджээ.
Хохирогчийн цогцосыг усны саванд хийхийн тулд эхлээд дээврийн дохиоллыг унтраагаад дараа нь шатаар авирч гарах шаардлагатай учир сэтгэцийн өөрчлөлттэй хүн ийм зүйлийг хийж чадахгүй нь мэдээж.
Охин үнэхээр усны сав руу өөрөө авирсан бол хүнд тагийг нь яаж онгойлгосон байх вэ? Хэрвээ өөр хүн түүнийг усанд амьдаар нь живүүлсэн бол тэмцэлдээн болсон ул мөр үлдэх л ёстой байсан.
Зочид буудлын ерөнхий инженер Педро Товар мөн дохиоллыг унтраалгүй дээвэр рүү гарах боломжгүй гэдгийг тодорхой хэлсэн байна. Зөвхөн зочид буудлын ажилтнууд л дохиоллыг унтрааж мэддэг байв. Хэрэв унтраалгүй дээврийн хаалгыг нээсэн бол дохиолол бүх ресепшн болон дээд 2 давхарт сонсогдох ёстой аж.
Тиймээс Лос Анжелесын Дээд шүүхийн шүүгч Ховард Хулме Элиза Ламын хэргийг урьд хожид байгаагүй явдал хэмээн мэдэгджээ.
Гэхдээ Элиза Ламын учир битүүлэг хэрэг Сесил зочид буудлын хувьд анхны тохиолдол биш юм. Үнэн хэрэгтээ энэхүү барилгад учир битүүлэг зүйл өмнө нь олон тохиолдож байсан учраас жуулчдын дунд алдаршиж, Лос Анжелесын хамгийн их зочид хүлээн авдаг буудлуудын нэг болсон байна.
1927 онд нээгдсэнээс хойш Сесил зочид буудалд 16 удаа учир нь тайлагдаагүй үйл явдал болж өнгөрсөн байна. Элиза Лэмээс гадна 1947 онд "Black Dahlia" хочтой жүжигчин Элизабет Шорт энд бусдын гарт хэрцгийгээр алагдсан бөгөөд өнөөг хүртэл алуурчин нь олдоогүй байна.
Мөн 1985 онд тус буудалд АНУ-ын түүхэн дэх алдартай цуврал алуурчдын нэг, "Шөнийн алуурчин" хочтой Ричард Рамирес ид хэрэг үйлдэж байх үедээ дээд давхарт нь амьдарч байжээ.
Элиза Ламын хэрэг сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татсан явдлуудын нэг болсон учраас Сесилийг зорин ирэх хүмүүсийн тоог улам нэмэгдүүлсэн байна.