Турк бүсгүй өөрийнх нь нүүрийг хүчлээр түлсэн залуутай гэрлэжээ

Жирийн нэгэн турк охин балмад этгээдэд итгэж дотноссоноос болж хорвоог харах хоёр нүдээ бараг алдсаны зэрэгцээ эхээс төрсөн царай төрхөө эргүүлж олох бараг боломжгүй болжээ. Тэрээр асар үнэтэй, олон удаагийн мэс засалд орж байж л аймшигтай түлэгдсэн сорвийг бага зэрэг арилгаж чадах аж. Гэтэл тэрээр итгэмээргүй уужим сэтгэл гаргаж, өөрийг нь ийм болгосон этгээдийг уучлаад зогсохгүй цаашдын амьдралаа холбохоор шийджээ.

Турк бүсгүй өөрийнх нь нүүрийг хүчлээр түлсэн залуутай гэрлэжээ

Өдгөө 20 нас хүрч яваа Берфин Озек (Berfin Ozek) хэмээх охинд 2019 онд нэгэн золгүй явдал тохиолджээ. Бие даасан амьдрал нь дөнгөж эхэлж явсан түүнд гэр бүл, найз нөхөд, залуу нас гээд бүх зүйл байсан юм. Харамсалтай нь утга учиргүй харддаг найз залуу Казим Озан Селтик (Kazim Ozan Celtik)-ээс тэсэлгүй салахаар шийдсэн нь маш харамсалтай явдлын эхлэлийг тавьжээ. 

Нэг удаа Берфин найз залуутайгаа өөр нэг залуугаас болж маргалдсан байна. Өөр залуу найз бүсгүйтэй нь харьцсан явдалд Казим туйлын эгдүүцсэн бөгөөд салах гэхэд нь "Чамд надаас өөр хэн ч ойртохооргүй болгоод өгье" хэмээн заналхийлжээ.

Үнэхээр ч хартай залуу худал сүрдүүлээгүй байна. Ийнхүү тэрээр гудамжинд найз охиноо отож байгаад нүүр рүү нь хүчил цацжээ. Хөөрхий охины баруун нүд нь хүнд гэмтэж ердөө 30 хувийн хараатай үлджээ. Хамгийн харамсалтай нь түүний нүүр жинхэнэ зэрэмдэглэгдэж хоцорсон байна.

Казим мэдээж шууд баривчлагдсан боловч найз бүсгүй рүүгээ өөрийг нь уучлахыг хүссэн зурвасуудыг ар араас нь явуулж эхэлжээ.

Тэрээр Берфингүйгээр амьдарч чадахгүй, хэрвээ түүнээс удаан хол байвал амиа хорлоно гэх утгатай зүйлсийг бичиж байсан бөгөөд энэ нь найз охиных нь сэтгэлийг хайлуулсан бололтой. 

Эцэст нь "Казим дөрвөн хананы дунд хоригдож байгаа нь надад туйлын өрөвдмөөр байна. Бид бие биедээ олон захидал бичсэн. Хэн хэн маань нэгэндээ маш их хайртай" гэж Берфин хэлээд шүүхэд гомдолгүй гэсэн өргөдөл өгчээ. 

Гэвч Казим эрх чөлөөтэй болмогц Берфин алдаа хийснээ ойлгов. Мэдээж хамаатан садан, найз нөхөд нь түүний энэ үйлдэлд гайхаж хоцорсон бөгөөд эцэг эх нь аминд нь хүрэх шахсан хүнийг ингэж уучилж чадсанд нь итгэсэнгүй. 

Нийгмийн сүлжээнд мөн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн бөгөөд цахим хэрэглэгчид гэмт этгээдэд ялыг нь үүрүүлэхийг шаардах болжээ. Тиймээс Берфин цагдаад дахин гомдол гаргасан байна. 

Ингээд Казим дахин баривчлагдсан төдийгүй 13 жилийн ял авчээ. Гэтэл тэрээр сурсан зангаараа найз бүсгүй рүүгээ харамссан утгатай захидлуудыг өдөр бүр илгээсээр байжээ.

Ингээд түүнд аз таарч, тухайн үед Туркийн засгийн газар коронавирусын халдвар шоронд тархахаас сэргийлэх үүднээс олон тооны хоригдлыг өршөөлөөр сулласан бөгөөд жил зургаан сарын дараа Казим дахин эрх чөлөөтэй болсон байна. 

Суллагдсан даруйдаа тэрээр шууд Берфин дээр очиж гэрлэх санал тавьсан бөгөөд охин ч зөвшөөрсөн хариу өгчээ. 

Ийнхүү 2021 оны 12-р сард залуу хосууд гэр бүлээ баталгаажуулав. 

Мэдээж энэхүү явдалд охины эцэг эх нь маш их харамссан байна. 

Аав Яасар Озек нь "Тэд бидэнд огт мэдэгдэлгүй хуримаа хийсэн байна. Охиныхоо төлөө олон жил зүтгэж тэмцсэний үр дүн гарсангүй" гэж ярьжээ. 

Охины ойр дотны хүмүүс нь харгис этгээд засарсан шинж байхгүй байгаа учраас удалгүй Берфиний аминд ч хүрч мэднэ хэмээн ярьцгаажээ.

Мөн цахим орчинд хүмүүс сэтгэл дундуур байгаагаа нуусангүй. Нэг хэрэглэгч "Дэлхийн хамгийн тэнэг хүнийг олоод ир гэвэл энэ эмэгтэйг заамаар байна. Дараагийн удаа нөхөр нь эхнэрийнхээ арьсыг хуулах байх даа" хэмээн дургуйцлээ илэрхийлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()