10
1967 онд АНУ-ын Чикаго хотод 58 см зузаан цас оржээ.
1967 оны их цасан шуурга хэмээн түүхэнд үлдсэн энэ их цас АНУ-ын Мичиган мужаас Индиана муж хүртэл нутаг дэвсгэрт орсон бөгөөд Чикаго хотод хамгийн их хур тунадас бууж, 26 хүн амь насаа алджээ. Тус цасан шуурганаар АНУ-д нийт 76 хүн амь үрэгдсэн юм.
9
1971 онд Канадын Кебек, Онтарио мужуудад 61 см зузаан цас оржээ.
Дорнод Канадын 71 дэх цасан шуурга хэмээн нэрлэгдсэн энэ цасан шуурганы үеэр харагдах орчин бүрэн халхлагдаж, цочир хүйтэрсэн тул 20 орчим хүн нас барж асар их хэмжээний хохирол учирч байв. Хамгийн хачирхалтай нь байгалийн онц ноцтой үзэгдэл болж байхад Онтарио мужийн засаг захиргаа гэрээсээ гарч болохгүй талаар ямар нэгэн мэдээг ард иргэдэд хүргээгүй явдал юм.
8
1978 онд АНУ-ын Бостон хотод 69 см зузаан цас оржээ.
1978 оны Бостоны цасан шуурга үдээс хойш буюу хүүхдүүд сургууль дээр, насан хүрсэн хүмүүс ажил дээрээ байх үед эхэлсэн нь ихээхэн хэмжээний гамшиг тарих гол үндэс болсон юм. Цагт 10 см зузаан цас орж байсан цасан шуурганы үеэр олон хүмүүс машиндаа гацаж байсан бөгөөд Массачусеттс болон Роуд Айландад нийт 100 гаруй хүн амь насаа алдсан тоо баримт бий.
7
1993 онд Катскилл, Аппалачианы бүс нутагт 127 см зузаан цас оржээ.
1993 оны 3-р сард хожим “Зууны шуурга” хэмээн нэрлэгдэх болсон их цасан шуурга болж байжээ. Уг цасан шуурга нь дэлхийн түүхэнд хамгийн том хэмжээний газар нутгийг цасан давхаргад хучсан гэдгээрээ алдартай. Канадын зүүн эргээс АНУ-ын Флорида муж буюу Карибын тэнгисийн эрэг хүртэл орсон энэ их цас 2 улсын 26 муж дамнан орж, 270 хүний амь насыг авч оджээ. Нам дор газартаа 100 см орчим зузаан цасан давхарга тогтсон бол уулархаг газраар түүнээс ч их хэмжээний цас орсон нь дамжиггүй биз ээ.
6
1888 онд АНУ-ын Саратога Спрингст 147 см зузаан цас оржээ.
1888 оны цасан шуурганы хөлд АНУ-ын зүүн хойд эргийн бүх мужууд өртөж, 400 гаруй хүн амь насаа алдаж, далайд явсан хэдэн зуун хүн ор сураггүй алга болсон түүхтэй. Цар уур гэнэт цочир хүйтэрч, хүчтэй салхи цастай зэрэгцэн цасан шуурга болсноор Нью-Йорк хот 22 см зузаан цасан давхарга дор орж, хотын хөл хөдөлгөөн бүрэн зогсож байсан бол Саратога Спрингс тосгон 500 см зузаан цасан доор бүрмөсөн орсон гэдэг.
5
2014 онд АНУ-ын Нью-Йорк мужид 150 см зузаан цас оржээ.
АНУ-ын Нью-Йорк мужид бүтэн жилийн турш ордог хур тунадас ердөө 2 өдрийн дотор орж гамшигт үзэгдэл тарьсан нь 6 хүний амийг авч одон, 200 км автозамын хөдөлгөөнийг боогдуулж, Буффало нисэх онгоцны буудлаас хөөрөх болон ирэх ёстой байсан бүх нислэгийн 40 орчим хувийг цуцалж байсан гэдэг.
4
2008 онд Төвөдийн Лхундзед 182 см зузаан цас оржээ.
Уулархаг, сэрүүн бүс нутагт тооцогдох Төвөдийн өндөрлөгт цас тэр бүр ороод байдаггүй ажээ. Гэвч 2008 онд Төвөдөд 36 цаг тасралтгүй цас орж, хамгийн зузаан хэсэгтээ цас 182 см болж байсан бол дунджаар 150 см зузаан цасан бүрхүүл тогтож байжээ. Зам харгуй цасанд боогдож, олон байшин барилгууд цасны жинг тэсвэрлэхгүй нурж байсан тэдгээр өдрүүдэд 7 хүн эндэж, хүнсний эх үүсвэр болсон мал нь үлэмж хэмжээгээр хорогдсон юм.
3
1717 онд АНУ-ын Нью-Энгландад 274 см зузаан цас оржээ.
Цаг уурыг урьдчилан таамаглах боломжгүй байсан 18-р зуунд дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх байгалийн гамшигт үзэгдэл болсон нь “1717 оны их цас” байлаа. Тухайн үед их хэмжээний цас хуралдан тогтсон тул хүмүүс байшингийн 2-р давхарын цонхоор гадагш гарч байсан түүх бий бөгөөд цас арилгах тоног төхөөрөмж байгаагүй тул цас хайлахыг хүлээхээс өөр аргагүй байсан гэдэг. Ийнхүү их цас хайлахыг хүлээн зам харгуй 7 хоног зогсож байжээ.
2
1959 онд АНУ-ын Маунт Шастад 480 см зузаан цас оржээ.
Маш бага газарт асар их хэмжээний цас орж, хуралдан тогтсон энэ цас нь хүний хөлөөс зайдуу бөглүү газарт орсон тул төдийлөн их хор хохирол дагуулаагүйн зэрэгцээ нарийн судлагдаагүй үлдсэн аж.
1
1977 онд АНУ-ын Буффалод 506 см зузаан цас оржээ.
АНУ-ын хойд бүс нутагт байрлах боловч харьцангуй дулаан уур амьсгалтай гэгддэг Буффало хотод 1977 онд 70 км/ц хурдтай шуурга шуурч, цас холилдон орсноор цочир хүйтэрч ойр орчмын нуур цөөрмүүд хөлдөж, үзэгдэх орчин бүрэн хязгаарлагдсан бөгөөд нийт 5 метр зузаан хур тунадас буусан гэсэн тооцоо гаргасан байдаг байна.