Гэмгүй, өхөөрдөм мэт харагдавч холхон байсан нь өлзийтэй 10 амьтан

Хүмүүс заримдаа жижигхэн, хөвсгөр, өхөөрдөм амьтдыг хараад "энэ надад хор хүргэх нь юу л бол" хэмээн бодож, барьж, илж үзэхийг хүсдэг.  Гэтэл үнэн хэрэгтээ хүнд хоргүй мэт санагдах амьтад санаанд оромгүй авир гаргаж, таныг гэмтээж ч болох юм. Тиймээс бид танд хэдий өхөөрдөм боловч холхон байсан нь өлзийтэй 10 амьтны талаар хүргэе.

Гэмгүй, өхөөрдөм мэт харагдавч холхон байсан нь өлзийтэй 10 амьтан

1 Зараа

Ойд болон зуслангийн байрны гадаа таарсан зарааг хооллох, илэх гэж оролдох хэрэггүй. Зурагтай номон дээр энэхүү амьтад нуруун дээрээ алим тогтоож яваагаар дүрслэгддэг бол бодит амьдрал дээр тэд алим бус хортой, аюултай нянгуудыг тээж явдаг юм.

Хэдий зараа догшин амьтан биш ч хэрэв түүнийг хэт их залхаах юм бол хормын дотор зангаа өөрчилж, хүнийг хазах магадлалтай. Үүнээс гадна тэд шинэ бүхнийг амталж үзэх дуртай учир гэнэтхэн таны хурууг амсаж үзэх хүсэл төрөх ч юм билүү. Дээр нь тэд маш хурц шүдтэй гэдгийг санахад илүүдэхгүй.

Уугуул тархац нутаг: Еврази, Африк, Шинэ Зеланд

Зараа

2 Хун

Хайрын бэлгэдэл болсон энэхүү үзэсгэлэнт шувуудыг холоос ажигласан нь илүү тохиромжтой. Ялангуяа цэцэрлэгт хүрээлэн эсвэл нуурын эрэгт хунтай таарсан бол түүнд ойртох хэрэггүй. Хэдий тэд галуу шиг догшин биш ч хамгаалах зөн ихтэй тул үүр рүү нь ойртсон бүхий л амьтад руу дайрдаг. 

Саяхан Чикагогийн ойролцоо болсон жишээг дурдвал, завьтай аялж явсан залуус хунгийн үүрэнд хэт ойртсон тул "гэрийн эзэн" нь тэдний завийг хөмрүүлсний зэрэгцээ усанд унасан нэг залууг дээрээс нь дарж живүүлэхийг оролдсон гэнэ.

Уугуул тархац нутаг: Баруун ба Зүүн Европ, Ази (тропикийн бүсээс бусад), Өмнөд Америкийн өмнөд хэсэг, Хойд Америк, Австрали, Шинэ Зеланд

Хун

3 Далайн ирвэс

Гадаад байдал нь өхөөрдөм харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ далайн хавын нэгэн төрөл эдгээр амьтад маш аюултай. Ялангуяа Антарктид дахь судалгааны багийнхны завь руу дайрах нь элбэг бөгөөд тэр ч байтугай үсэрч завин дээр гараад, хүнийг хөлнөөс нь чирч ус руу унагах оролдлого хийдэг аж.

Канадын гэрэл зурагчин Пол Никлений хэлж байгаагаар далайн ирвэс нь шинэ содон зүйлийг ихээр сонирхож энэхүү араншинг гаргадаг гэнэ.

Уугуул тархац нутаг: Антарктид, Австралийн өмнөд хэсгийн арлууд, Шинэ Зеланд, Өмнөд Африк болон Өмнөд Америк

Далайн ирвэс

4 Далайн гахай

Далайн гахайг бид хамгийн эелдэг, аюулгүй амьтан гэж боддог. Мөн тэд усанд живсэн хүнийг авардаг гэдэг ч харамсалтай нь эдгээр бүгд цуу яриа гэнэ. Үнэндээ далайн гахай хүн рүү дайран гэмтээж, заримдаа бүр ус руу авч орох нь бий.

Тэд зөвхөн далайд биш үржүүлгийн газарт байхдаа ч аюул учруулдаг бөгөөд амьтны хүрээлэнд тэднийг хооллож байсан 8 настай охины гарыг хазсан тохиолдол ч бий.

Уугуул тархац нутаг: Дэлхийн бүх далай, тэнгис

Далайн гахай

5 Буга

Ерөнхийдөө буга нь их сонор сэрэмжтэй амьтан учир хүн рүү дайрах гэхээсээ илүү зугтах оролдлогыг эхлээд хийнэ. Гэхдээ тэд хэт айсан, гэмтсэн, гарах гарцгүй болсон, үр төл нь дэргэд нь байх үед ямар ч араатан руу шууд дайрдаг.

Уугуул тархац нутаг: Еврази, Хойд болон Өмнөд Америк, Шинэ Зеланд

Буга

6 Молтогчин туулай

Тэжээвэр туулайг бид хичнээн л хичнээн эрхлүүлж болох ч тэдний зэрлэг байгаль дээрх "хамаатнууд" нь аюултай халдварт өвчин тараадаг. Ялангуяа молтогчин туулай аюулаас зугтах ямар ч аргагүй болсон үедээ имж шиг үсэрч, хойд хоёр хөлөөрөө тийрдэг.

Байнга дэгдэж явдаг тэдний хөл нэлээд хүчтэй учраас том хүн туулайнд өшиглүүлсэн тохиолдолд бие нь бага зэрэг хөхрөх бол хүүхэд нэлээн хүнд гэмтэл авах магадлалтай. 

Уугуул тархац нутаг: Еврази, Хойд Америк, Африк

Молтогчин туулай

7 Сармагчин

Энэтхэгт хүн амьтанд хазуулаад бэртсэн тохиолдлуудын нэгдүгээрт нохой, түүний дараа сармагчин ордог аж. Гэтэл тэндхийн сармагчингууд жуулчид руу царайчлан харж, хоол нэхээд сурчихсан учир тэднийг өхөөрдөж ойртоод харамссан тохиолдол цөөнгүй гардаг.

Сармагчингуудад жуулчдын өгсөн хоол хангалтгүй санагдвал хүчирхийллийн аргыг сонгох нь бий. Амьтны хүрээлэн дэх сармагчин ч зэрлэг байгалийн зан араншингаа орхидоггүй.

Уугуул тархац нутаг: Өмнөд болон Төв Америк, Африк, Ази

Сармагчин

8 Зурам

Зурмыг гарнаасаа хооллох, барих гэж оролдох нь маш аюултай. Биеэ хамгаалж буй зурам маш догшин болдог бөгөөд хурц шүдээрээ арьсыг цоо хазаж, улмаар халдвар тархаах магадлалтай.

Уугуул тархац нутаг:  Евроази, Хойд Америк, Зүүн Ази

Зурам

9 Цэнхэр луу

Халуун орны далай тэнгист байдаг Glaucus atlanticus  буюу "цэнхэр луу" хэмээх энэхүү амьтан нь яг л үлгэр домгоос гараад ирсэн мэт харагддаг. Түүнийг харсан хүмүүс ихэвчлэн гар дээрээ тавьж байгаад зураг дарахыг хүсдэг ч энэ нь эрүүл мэндэд их аюултай гэнэ.

Далайн нялцгай биетний төрөлд хамаарах "цэнхэр луу" нь үнэндээ махчин юм. Сээр нуруугүйтэн, медуз зэргийг идэх замаар биедээ хор хуримтлуулдаг бөгөөд аюул нүүрэлсэн тохиолдолд хороо ашиглана. Хүний биед хор нь орсон тохиолдолд толгой өвдөх, бие өвдөх, дотор муухай оргих, харшил өгөх мэт сөрөг үр дагавартай.  

Уугуул тархац нутаг:  Тропикийн бүсийн далай, тэнгис

Цэнхэр луу

10 Хорт мэлхий

Гоёмсог тод өнгөтэй мөөгнүүд ихэвчлэн хортой байдгийн нэгэн адил Dendrobatidae хэмээх энэхүү гоё өнгөтэй, жижиг биетэй мэлхий нь багагүй аюултай. Америкийн уугуул иргэд эрт үеэс энэхүү мэлхийний арьсан дээрх хорыг авч, хортой сум хийхэд ашигладаг байжээ.

Хор нь арьс салстаар хүний биед шингэдэг учир жуулчдад энэхүү мэлхийд шууд хүрэхийг хориглодог аж.

Уугуул тархац нутаг: Төв ба Өмнөд Америкийн халуун орны ой

Хорт мэлхий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()