Брежневийн үед зөвлөлт Украины иргэн 18 настай Лилиана Гасинская нь барууны ертөнцөд супер од болж, “Улаан бикинитэй бүсгүй” хэмээн алдаршсан байна. Тэрээр сонин сэтгүүлийн хуудсыг чимэглэхээс гадна зурагтын нэвтрүүлгээр гарч, түүний төлөө томоохон орнуудын эрх баригчид хоорондоо тэмцэлдэж байлаа.
Гэвч хаалттай хилийн цаана түгжигдсэн 250 сая хүн тэрхүү охины талаар ямар ч мэдээлэлгүй байсан аж. Зөвхөн КГБ-ын офицерууд охинд эрүүгийн хэрэг үүсгэж, түүний талаар мэдээллийг нягт нямбай судлажээ. Учир нь “улаан бикинитэй бүсгүй" маань зөвлөлтийн хөлөг онгоцноос зугтаж гадаадад гарсны зэрэгцээ тэнд очоод “коммунизм бол худал хуурмаг, ухуулга дээр суурилсан нийгэм” хэмээн олон нийтэд зарлаж байлаа.
1979 оны 1-р сарын 14-нд Одесс хотоос хөдөлсөн “Леонид Собинов” хэмээх аяллын хөлөг онгоц британийн жуулчлалын агентлагын захиалгаар европын жуулчдыг Сиднейд хүргэсэн байна.
Зөвлөлтийн хөлгийн багийнхан боомт дээр ирээд үдэшлэг зохион байгуулсан ч хөлгийн лифтчин, үйлчлэгч Лилиана толгой өвдсөн гэх шалтгаанаар үдэшлэгт оролцолгүй өрөөндөө үлджээ.
Бусдыг хөгжилдөж байх зуур охин зөвхөн усны хувцастай гарч, хөлгийн жижигхэн цонхоор далай руу үсэрчээ. Ийнхүү тэрээр 40 минутын турш сэлээд Австралийн эрэгт хүрсэн байна. Эрэг орчмын ус хүн иддэг аварга загас ихтэйг охин мэдээгүйн дээр нарийн цонхоор багтан гарахдаа арьсаа цус гартал нь урсан байжээ. Мөн тэрээр хөлгийн орой дээрх хайгуулын гэрэлд өртөлгүй зугтаж чадсан нь гайхамшиг гэлтэй.
Шөнө дундын үед даарч, айснаасаа болж бараг ухаан алдах дөхсөн Гасинская Сиднейн эргийн элсэн дээр гараад нохойгоо салхилуулж буй нэгэн залуутай таарчээ. Залуу түүний муухан англи хэлийг арай гэж ойлгоод, хувцас хэрэгтэй байгааг нь мэджээ.
Үнэндээ охин англи хэл огт мэддэггүй байсан бөгөөд зугтахынхаа өмнө өөрт нь хэрэг болж магадгүй гээд хэд хэдэн үг, өгүүлбэрийг бичиж аван цээжилсэн байна. Энэ бүх мэдээлэл Украины Аюулгүй Байдлын архиваас олдсон баримтууд аж.
1-р сарын 15-ны өглөөний 5 цагт хөлөг онгоцны багийнхан Лилианаг байхгүй болсныг мэджээ. Ингээд тэд дөрвөн цагийн турш онгоцны бүхий л өнцөг буланг самнаж, эцэст нь түгшүүр зарласан байна. Тагнуулынхан “урвагч" охины зургийг хөлөг онгоц дээр буй бүх хүмүүст үзүүлж, түүнийг харсан эсэхийг асууж байсан гэнэ.
Гэвч тэд маш их хугацааг алдсан тул охин олдохоосоо аль хэдийн өнгөрсөн байжээ.
Энэ зуур Зөвлөлт засгаас зугтсан “улаан бикинитэй бүсгүй”-ийг Австралийн сэтгүүлчид аль хэдийн олоод, түүнээс ярилцлага авахын тулд урт дараалал үүсгэж байлаа. Байдал хэрхэн эргэснийг мэдсэн “Леонид Собинов”-ын багийнхан Гасинскаяг орхихоос өөр аргагүй болж, хуваарийнхаа дагуу Мельбурн руу хөдөлсөн байна.
Тухайн өдрүүдэд Австралийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр Лилианагийн зургийг “Улаан хувцастай үзэсгэлэнт бүсгүй хөлөг онгоцноос зугтав”, “Орос дүрвэгч: Би яагаад амиараа дэнчин тавьсан бэ”, “Намайг буцаах оролдлого хийвэл би амиа хорлоно”, “Лилиана тавтай морил” гэх зэрэг гарчигтайгаар нийтлэж эхэлсэн байна. Ингээд зоригт охины түүх барууны бусад орнуудын хэвлэл мэдээллээр гэрлийн хурдтай тархжээ.
Дүрвэгч охин маань өөрийн улаан бикинигээ өмсөөд дуртайяа гэрэл зураг даруулахын зэрэгцээ 14 настай байхаасаа л коммунизмыг үзэн ядаж, сэтгүүл дээр буй зургуудыг хараад Австралид дурласан талаараа ярьжээ. Мөн тэрээр өөрийгөө алдартай хөгжимчин, жүжигчний хүүхэд гэж байсан ч үнэндээ түүний ээж Луганскийн тосгоны клубын дарга, хойд эцэг нь клубын найрал дууны удирдаач байсан аж. Үүнээс гадна тэр модель болох мөрөөдөлтэйгөө нуусангүй.
Ингээд 4 хоногийн дараа Австралийн цагаачлалын албанаас түүнд улсдаа оршин суух эрхийг гардуулан өгсөн байна. Энэ явдал нь зарим эрх баригчид болон тухайн үед дайнд нэрвэгдсэн Вьетнам, Камбожийн дүрвэгчдийн дургүйг хүргэсэн аж.
"Зарим орны хүмүүс аймшигт хядлагаас зугтахын төлөө бүхнийг хийж байхад энэ охин тансаг амьдралыг хүсэж байна", "Хэрвээ тэр залуухан, үзэсгэлэнтэй бас хагас нүцгэн байгаагүй бол түүнд Австралийн иргэншил олгох байсан уу" гэх мэтээр хүмүүс шүүмжилж байлаа.
Нууцлаг бөгөөд үзэсгэлэнтэй украин бүсгүйд дурласан австрали залуус нэлээд олон байсныг дурдах хэрэгтэй.
Гэтэл Лилиана тэдний дундаас эхнэр, гурван хүүхэдтэй эрийг сонгон хайрын романс үүсгэсэн байна. Тэр нь Австралийн "Daily Mirror" сонины гэрэл зурагчин эр байсан бөгөөд зөвлөлтийн дүрвэгч охины төлөө тэрээр гэр бүлээ орхижээ.
Лилианагийн мөрөөдөж байсан тансаг амьдралын хамгийн амжилттай үе нь 1979 оны 10-р сарын “Пентхаус” сэтгүүлийн нүүрийг нүцгэн зургаараа чимсэн явдал байжээ. “Улаан бикинитэй бүсгүй бикинигүй үедээ” гарчигтай тус зураг авалтанд оролцсон тэрээр 15 мянган долларын цалин авсан байна.
Бүсгүйг алдрын оргилд байх зуур Одесс хотноо “Леонид Собинов” хөлөг онгоцны багийнханд хариуцлага хүлээлгэж, бүгдийг нь ажлаас халжээ.
Мөн зөвхөн хөлөг онгоцны багийнхан төдийгүй “улаан бикинитэй бүсгүй"-н талаар мэдсэн, сонссон бүхий л хүмүүсийг мөн шийтгэсэн байна.
Лилианад "Австралийн хөгжим, барууны хувцаслалт, шөнийн идэвхтэй амьдрал” зэрэг нь маш ихээр таалагддаг тухай өмнө нь дурдаж байжээ.
1984 онд Гасинская Австралийн үл хөдлөхийн салбарын саятан Ян Хайсонтай гэрлэсэн ч 4 жилийн дараа тэдний гэрлэлт дуусгавар болжээ.
Дараа нь бүсгүй гоо сайхны бараа бүтээгдэхүүний салбарт хүч үзсэн ч амжилт олоогүй аж. Яваандаа “Улаан бикинитэй бүсгүй"-г сонирхох хүмүүсийн сонирхол буурч, түүний талаар мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаа больжээ.
1990 онд Гасинская Лондон хотыг зорьсон бөгөөд одоо эцэг эхийнхээ хамтаар тэнд амьдарч байгаа гэнэ.
Гасинская сэтгүүлчидтэй огт харилцахаа больж, тэдний хүсэлтэнд хариу өгөхгүй байгаа аж.
Тэрээр өдгөө 61 настай. Цахим хуудаснаас нь үзвэл тэрээр 2 хүүтэй байх магадлалтай аж.