Нэг өвчтөнг анагаах гээд гурван хүний аминд хүрсэн мэс засалч Роберт Листоны хачирхалтай түүх

2021-12-10, 18:38
16,181

Бидний хувьд тун ч инээдэмтэй боловч эмч нарын хувьд хар түүх болон үлдсэн нэгэн үйл явдал “Баруун гудамжны хамгийн хурдан мэсчин” хочит Роберт Листонтой холбогддог. Учир юу гэвээс түүний хийсэн нэгэн мэс ажилбарын үеэр гурван хүн амиа алдсан бөгөөд тэдний хоёр нь өвчтөн биш байсан гэдэг.

Нэг өвчтөнг анагаах гээд гурван хүний аминд хүрсэн мэс засалч Роберт Листоны хачирхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Роберт Листон нь Рояал Эдинбургийн эмнэлгээс мэс засалчийн ажлаа эхлүүлсэн бөгөөд ааш авир муутайгаасаа болж хамт ажилладаг хүмүүсийнхээ итгэлийг олж чадалгүй гадуурхагдсаар 1835 онд Лондон хотын Клиникийн мэс заслын их сургуульд багшлах болжээ.

Түүний тухай бидэнд үлдсэн дийлэнх түүхүүдийг хамтрагчдынх нь нэг, мэс засалч Ричард Гордон тэмдэглэн үлдээсэн байдаг. Түүнчлэн Ричард хоёр минут 30 секундэд хөл тайрах мэс ажилбар гүйцэтгэж байсан Роберт Листонд “Баруун гудамжны хамгийн хурдан мэсчин” хэмээх хочийг өгсөн байдаг аж. 1837 онд хэвлэгдэн гарсан “Практик мэс ажилбар” бүтээлдээ тэрээр мэс ажилбар маш хурдан хийгдэх ёстой гэсэн үзэл баримтлалтай гэдгээ тодорхой өгүүлсэн байдаг юм.

Тухайн цаг үед түүний мэс ажилбарыг хурдан хугацаанд гүйцэтгэх нь зөв гэсэн үзэл баримтлал үр дүнгээ өгч байсны баталгаа гэвэл Гэгээн Бартоломевын эмнэлэгийн гүйцэтгэж байсан мэс ажилбаруудын 25 хувь нь амжилтгүй болж, өвчтөн эндэх явдал гардаг байсан бол Робертын хийсэн мэс ажилбаруудын ердөө 10 хувь нь амжилтгүй болдог байсан гэдэг.

Мэдээ алдуулагчийн хэрэглээ хангалтгүй байсан тухайн цаг үед мэс ажилбар удаан хийх нь асар их өвдөлтийг өвчтөнд мэдрүүлж, шоконд орох, цус алдах нас барах магадлалыг нэмэгдүүлдэг байв. Харин Роберт Листоний хийж байсан мэс ажилбарууд ердөө 3 минутын дотор чадварлагаар хийдэг байсан нь олны дунд алдар нэрийг олоход хангалттай байсан аж.

Ричард Гордоны тэмдэглэснээр Роберт Листон нь 188 см өндөр, ажил дээрээ ногоон өнгийн хүрэм, каучук гутал ихэвчлэн өмсдөг нэгэн байсан бөгөөд мэс заслын өрөөнд орж ирмэгцээ түүний ажлаа хэрхэн хийхийг харахаар цугларсан олонд хандаж “Үзүүлбэрийн цаг боллоо, ноёд, хатагтай нар аа” хэмээн бахдалтайгаар өгүүлэх дуртай нэгэн байжээ. Тэр цаг ямагт л өөрийн тогтоосон хамгийн богино хугацааны мэс ажилбарын амжилтаа эвдэхийг хүсдэг байсан ба хоёр гараа чөлөөтэй байлгахын тулд цустай хутгаа амандаа зуухаас ч цааргалдаггүй байсан хэмээжээ.

Нэгэн удаа тэрээр хуухнагтаа 20 кг орчим хавдартай, хүнд шатандаа орсон өвчтөн ирэх үед түүний хавдрыг ердөө 4 минутад авсан ч удаатай. Түүнчлэн тэрээр ард олны дунд бусад эмч нарын найдваргүй хэмээн үзсэн өвчтөнг өөртөө авч мэс ажилбар хийдэг байснаараа алдаршиж байсан байдаг.

Гэвч урьдын нэгэн адил үзэгчдийн дунд хөл тайрах мэс ажилбар хийж байх үедээ тэрээр санамсаргүй алдаа гаргасан юм. Тэрээр мэс ажилбарыг ердөө 28 секундэд хийж дуусгасан боловч хэтэрхий яарч байхдаа өвчтний хөлийг дарж байсан туслахынхаа хурууг давхар тайрч орхижээ. Ийнхүү түүний өвчтөн болон туслах ажилтан нь цусны халдвар авч нас барсан гэдэг.

Тухайн цаг үед эрүүл ахуйд анхаарал хандуулах явдал бага байсан тул мэс ажилбарын дараа халдвар авч амиа алдах явдал нийтлэг тохиолддог байсан аж. Эл үйл явдал өрнөж байх үед тус мэс заслыг биечлэн үзэж байсан хүмүүсийн нэг болох Оливьер Уэндэлл Холмес гэгч “Мэс ажилбар бол цус нөжтэй хутгалдсан л ажил шүү дээ” хэмээн ажиг ч үгүй бусдадаа хэлж байсан гэдэг.

Гэвч хэрэг явдал үүгээр дууссангүй, Роберт Листон санамсаргүй байдлаар түүний ажлыг сонирхож явсан нэгэн эрхмийн хүрэмний хормойг хутгаараа зүсч орхижээ. Ийнхүү гэнэтийн зүйлтэй учирсан өнөөх эрхэм цочирдолд орж амиа мөн алдсан ажээ.

Зарим хүмүүс энэхүү түүхийг бодит явдал гэхээсээ илүүтэйгээр ам дамжсан домог яриа төдий зүйл гэж үзэх нь ч бий. Харин Робертын тухай хууч яриа үүгээр дуусахгүй олон байдаг байна. Тухайлбал тэрээр нэгэн мэс ажилбарын үеэр өвчтний хөлийг тайрч байгаад анхаарал алдаж төмсөгийг нь хамт тайрсан, нэгэн хүүгийн хүзүү дээр гарсан зүйлийг энгийн нэг ургацаг хэмээн дүгнээд тайртал нөгөөх нь ургацаг бус гүрээний тараагуур судасны хаван байж таарсан тул хүү цус алдаж амиа алдсан гэх мэт түүх олон бий.

Ийнхүү золгүй явдлуудаараа алдаршсан Роберт Листон тухайн цаг үедээ чамгүй сайн зохион бүтээгч байсан агаад хэд хэдэн мэс заслын хэрэгсэл зохион бүтээсэн гэдэг. Листоны чиглүүлэгч, судас баригч хайч зэрэг түүний зарим бүтээлүүд нь өнөөг хүртэл хэрэглэгдсээр байгаа юм.

Түүнчлэн тэрээр тухайн цаг үед Америк тивд аль хэдийн хэрэглээнд нэвтрээд байсан мэдээ алдуулагчийг хэрэглэхээр зориг шулуудан, олон нийтийн өмнө мэдээгүйжүүлэгч хэрэглэн мэс засал хийсэн анхны европ хүн болон түүхэнд үлдсэн байдаг. 1846 оны 12-р сарын 21-ний өдөр хийсэн тус мэс ажилбарынхаа өмнө тэрээр цугласан олонд хандаж “Өнөөдөр америкчуудын хийсэн зүйлийг туршиж үзнэ” хэмээн өгүүлж байсан гэдэг.

Тухайн өдөр баруун хөлөө өвдгөөрөө тайруулахаар ирсэн байсан өвчтөн Фредерик Чөрчиллд эфирийн тос үнэртүүлэн унтуулаад 25 секундийн дотор мэс заслыг хийж дуусгасан бөгөөд Чөрчилл ухаан ороод хэзээ мэс ажилбар хийх талаар асуусан ч гайхаж, биширсэн хүмүүсийн царай төрхөөс хариултыг нь шуудхан олж мэдээд “Шударга бус байна” хэмээн орилсон түүхтэй.

Тус мэс ажилбарыг биеэр үзэж сонирхсон оюутнуудын дунд алдар нэрд хүрсэн хоёр ч эрхэм байсан нь Жеймс Симпсон болон Жозеф Листер нар байв. Жеймс Симпсоны хувьд хожим Эдинбургийн их сургуульд эх барихуйн багшаар ажиллаж байх үедээ хүүхэд эх барихад эфир хэрэглэж болох талаар судалгаа хийсний үр дүнд хлороформыг олж нээсэн бол Жозеф Листер бүх л амьдралынхаа туршид мэс ажилбарын үеэр халдвар авч амиа алдаж буй хүмүүст судалгаа хийж, ариун цэврийн асуудлыг хөндөж тавьсан анхны эрдэмтдийн нэг болж байв.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()