1954 оны 9-р сарын 14-ний өдөр одоогийн ОХУ-ын Ижил мөрний холбооны тойргийн Оренбургийн туршилтын талбайд Ту-4 нисэх онгоц 8000 орчим метрийн өндрөөс атомын бөмбөг хаяж байв. Бөмбөг газраас дээш 350 орчим метрийн өндөрт тэсэрч, Японы Хирошима, Нагасаки хотууд дээрх хаясан атомын бөмбөгнүүдээс даруй хоёр дахин их хүчтэй дэлбэрэлт үүсгэжээ.
Тус дэлбэрэлтээс 3 цагийн дараа 45,000 орчим цэргүүдийг хамруулсан цэргийн сургуулилтыг тухайн цэг дээр эхлүүлсэн байна. Тэрхүү сургуулилтад оролцсон хүмүүсийн хувь заяа хэрхсэн талаар өнөөг хүртэл тодорхой мэдээлэл байхгүй хэвээр байна.
Дэлбэрэлтийн хүчинд цацагдсан шороо 15 км өндөрт хүрч, үүссэн асар хүчтэй салхи нь зүүн зүгт 200 орчим км газарт хорт бодис тараасныг өдгөө "Тоцкийн цацраг идэвхт жим" хэмээн нэрлэх болсон билээ.
Цөмийн бөмбөгийн уг туршилтын дараа хийсэн цэргийн сургуулилтад оролцсон хүн нэг бүрээс нууцлалын баримт бичигт гарын үсэг зуруулж, бүх бичиг баримтыг 25 жилийн хугацаатай нууц ангилалд оруулсан байдаг аж.
Түүнчлэн сургуулилтад оролцогсод цацраг идэвхээс үүдэлтэй эрүүл мэндийн ямар ч асуудалд орсон байсан ч эмчид ам нээж болохгүй гэсэн ам өчиг авсан гэдэг. Улмаар 40 орчим жилийн турш хэний ч мэдэхгүй байсан нууц 1990 он гарснаар олны чихэнд дуулдах болсон ч өнөөг хүртэл бүрэн дүүрэн нээлттэй болоогүй хэвээр байгаа ажээ.
Тоцкийн сургуулилтыг “Цасан бөмбөг” гэсэн нууц нэртэйгээр, ЗХУ-ын маршал Г.К. Жуковын удирдлага дор зохион байгуулжээ. Мөн Конев, Рокоссовский, Малиновский, Василевский зэрэг маршалууд ч сургуулилтад оролцож, бөмбөг хаясан цэгээс 15 км зайд ажиглалт хийж байсан гэдэг.
ЗХУ-ын удирдлагууд энэ бүс нутгийг сонгосон нь газрын байдал Баруун Европтой тун төстэй байсантай холбоотой ба цөмийн зэвсэг хэрэглэн дайсны бэхлэлтийг устгах сургуулилт хийсэн нь энэ байв.
Атомын бөмбөгийн туршилтын үеэр дайсны цэргүүдийг орлуулан тавьсан мал амьтад тэсрэлтийн улмаас бүрэн устаж, олон километрийн радиуст байсан тосгоны байшин, барилгууд шатжээ.
Тэсрэлтийн дараагаар их бууны анги довтолгооны сургуулилтаа эхлүүлсэн бол 40 минутын дараа хуягт танкны дивизээр ахлуулсан цэргүүд асар их хор агуулсан агаараар амьсгалан сургуулилтаа үргэлжлүүлсэн гэдэг.
Тэгвэл атомын бөмбөг дэлбэрснээс хойш ердөө 20 минутын дараа дэлбэрэлтээс үүссэн мөөг хэлбэртэй үүл дундуур хэд хэдэн нисэх онгоц нисч өнгөрсөн бөгөөд хэн нэгний тушаалаар нислэг үйлдсэн эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр үлдсэн юм.
Нислэгийн дараа онгоц болон нисэх багийнхныг цацраг хэмжигчээр хэмжихэд нисэх онгоцны гадаргуу 0.2-0.3 рентген/цаг, бүхээг дотор 0.02-0.03 рентген/цаг байсан нь хэвийн хэмжээнээс багахан илүү үзүүлэлт байсан аж.
"Ли-2" нисэх онгоцноос ажиглалт хийсний үр дүнд цацраг идэвх тээсэн агаарын урсгал болон түүний тэнхлэг нь 7-9 км өндөрт давхцаж байна гэж үзсэн тул энгийн иргэд хордох аюулыг тооцоолж, ойр орчмын суурингийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан ч биелэлээ олоогүй юм.
Уг сургуулилтад оролцсон цэргүүдийн хувь заяа хаашаа эргэсэн талаар мэдээлэл өнөөг хүртэл нууц хэвээр байгаа бөгөөд тэдний ихэнх нь залуугаараа өөд болсон гэдэг нь нууцлах аргагүй үнэн билээ.
Ийнхүү ЗХУ-ын зүгээс уг сургуулилтын ажиллагааг амжилттай болсонд тооцож, иргэд ч гэр орондоо эргэн ирж, цэргүүд ч тус тусын анги руугаа ямар нэгэн хоргүйжүүлэх эмчилгээнд оролгүй буцсан түүхтэй.
Сургуулилтын үеэр гэр орон нь сүйдэж хоцорсон нэгнээ тосон авч, гэртээ байлгаж байсан Тоцк нутгийн иргэд цацрагаар хордсон уснаас ууж, ханасан цацраг бүхий малын мах хэрэглэж байсан нь ердөө нэг жилийн дотор хор хөнөөлөө үзүүлж, олон энгийн иргэд хорт хавдартай болсон гэдэг.
Түүнчлэн сургуулилтад оролцсон цэргүүдийн хүүхдүүд амьгүй төрөх, хөгжлийн бэрхшээлтэй гарах зэрэг харамсалтай үр дагавар ч олноор гарсан юм.
Тус улсын удирдлагууд өдгөө ч уг сургуулилтыг амжилттай явагдсан төдийгүй бүх зүйл хяналтад байсан гэж үздэг ажээ. 1991 онд ОХУ-ын дээд шүүхээс “Цасан бөмбөг” сургуулилтад оролцсон ахмад дайчдыг эрүүл мэндэд хортой нөхцөлд алба хаасан хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд Тоцкийн сургуулилтын талбайд дурсгалын хөшөө босгожээ.