1
Уулзалтын бүлэг
9-р сарын 11-ны гамшигт ослын дараа Нью-Йорк хотын маш олон иргэд уулзаж, ярилцаж уй гашуу, айдсаа давж байсан. Үүнээс өмнө ийм төрлийн уулзалт, цуглаан гарах нь ховор байсан бөгөөд уг санаачлагыг цааш үргэлжлүүлэхийг хүссэн Скотт Хэйферман хүмүүсийг ижил төрлийн сонирхолоороо холбогдож, уулзаж болох аппликэйшн бүтээсэн юм. Уг бүтээгдэхүүн нь одоогоор 35 сая орчим хэрэглэгчидтэй бөгөөд үүнийг ашигласнаар өөртэйгөө ижил уй гашуу, зовлон эсвэл ижил сонирхолтой хүмүүс, бүлэг этгээдүүдтэй хамт байж, цагийг өнгөрүүлэх боломж олгодог байна.
2
Лондонгийн метро
2014 онд Лондон хотын метронд халдлага болсны дараа эргэж засварлах хүртэл хүмүүсийг ажил, хичээлдээ явахад шинэ маршрут, чиглэлүүдээр зорчуулж эхэлсэн юм. Уг арга нь үр дүнгээ өгсөн бөгөөд хаягдаад байсан зарим дүүрэг, хэсгүүдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, замын ачаалал буурч, мөн хэрэглэгч, ашиг багатай бизнесүүд ч дагаад цэцэглэж эхэлсэн юм. Оксфорд болон Кембрижийн их сургуулийн хамтарсан судалгаагаар Лондон хотын оршин суугчдын 15 хувь нь шинэ маршрутаар тогтмол үйлчлүүлэх болсон байна
3
Фэйсбүүк – Аюулгүйн тэмдэглэгээ.
Фэйсбүүк компани 2015 онд Непалд болсон аймшигт газар хөдлөлтийн үед нэгэн шинэ нэмэлт үйлчилгээ оруулсан нь “I’m Safe” буюу "би аюулгүй" гэдэг тэмдэглэгээ байсан юм. Тухайн бүсэд оршин сууж байсан олон иргэд гамшгийг давж гарсны дараа уг тэмдэглэгээг хийж, гэр бүл, дотны хүмүүстээ аюулгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. 2015 онд 7 саяас ч олон хүн уг тэмдэглэгээг ашиглаж байсан бөгөөд тэдний найзууд, ойр дотнынхон болох 150 сая орчим хүнд уг тэмдэглэгээ хүрсэн билээ.
Тэгвэл уг нэмэлт нь цаашид хөгжсөөр гамшгийн тухай мэдээллийн функц болсон бөгөөд та уг функцийн тусламжтай гамшиг тохиолдсон иргэдэд хандив өгч, дэлхийн өнцөг булан бүрт болж буй аюул ослын тухай мэдээлэх боломжтой болсон юм.
4
Виртуал харилцааны өсөлт
Бид саяхныг хүртэл буюу коронавирусын цар тахлын дэгдэлт үүсэх хүртэл гэрээс ажиллах, виртуал харилцаа зэргийг тийм ч өргөн ашигладаггүй байсан билээ. Мөн тийм хэрэгцээ шаардлага үүсэх нь ч тун бага байсан юм. Харин цар тахал үүссэн одоо үед бид бие биенээсээ аюулгүйн зайд байж, алсаас ажиллах хэрэгцээ шаардлагыг үүсгэсэн нь виртуал харилцааны төхөөрөмж, бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтийг зайлшгүй болгосон юм.
Цар тахал тархсаны дараа Google, Microsoft зэрэг компаниуд түр хугацаанд хэрэглээний бүтээгдэхүүнүүдээ үнэгүй болгож байсан нь мөн хурал, ажил, хичээл, холбоо барих ажиллагаа зэргийг онлайнаар хийж, виртуал харилцаа нэмэгдэхэд ч том түлхэц болсон юм. мөн 2003 онд SARS гарах үед дэлхий дахинд гар утасны хэрэглээ 200 хувиар нэмэгдсэн гэдэг тооцоо ч байдаг ажээ.
5
Дижитал эмч нарын эрин үе
Өнөөгийн цаг үед маш олон ажлыг онлайнаар хийх шаардлагатай болоод байна. Харин эрүүл мэнд, анагаах ухааны салбарын техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага зэрэг нь бусад технологийг бодвол арай л уг хурдыг гүйцэж амжаагүй байгаа юм. Мөн өвчтөн, үйлчлүүлэгчид ийм үед төхөөрөмжид биш эмчид итгэх нь ч элбэг.
Коронавирусын дэгдэлтийн улмаас анагаах ухааны хөгжил яаралтай шинэчлэгдэх шаардлагатай болсон бөгөөд уг уралдаанд Хятад улс тэргүүн байранд явж байна. Хөл хорионы улмаас олон үйчлүүлэгч эмнэлэгт хандах боломжгүй болсон учир онлайнаар зөвлөгөө, эмийн жор зэргийг авах шаардлагатай болсон бөгөөд уг үйлдлийг хялбарчилсан бүтээгдэхүүн болон JD Health компани санаачилсан юм. Уг бүтээгдэхүүн нь өвчтөнүүдэд тогтмол зөвлөгөө өгөх, үзлэг хийх зэргийг хийдэг бөгөөд мэргэшсэн эмч нарын багтай ажээ. Одоогийн байдлаар JD Health компанийн үнэлгээ аль хэдийн 7 тэрбум ам.доллар даваад байна.
Эднээс гадна коронавирусийн нөлөөгөөр маш олон шинэлэг мөн ашигтай санал санаанууд гарсаар байгаа бөгөөд цаашид бид өөр ямар бүтээгдэхүүн ашиглаж, яаж өөрчлөгдөх нь удахгүй тодорхой болох биз.