Анх очиход тус гудамжинд хүн ер үзэгдэхгүй, муур л алхаж харагдана.
Гудамжны хоёр талаарх барилгуудыг харахад хана нь ихээхэн хуучирч муудсан, бараг эртний хотын туурь мэт санагдана. Магадгүй энд хүн амьдардаггүй, хаягдсан газар юм болов уу?
Гэхдээ муур байгаа газар хүн оршин суух нь тодорхой шүү дээ.
Эдгээрээс үзвэл бага зэрэг жихүүдэс хүргэм санагдах ч ердөө зургийн өнцөг нь л тэгж таардаг. Учир нь энэ гудамж нь өөрөө бүхлээрээ хот юм. Өөрөөр хэлбэл тус хот зөвхөн энэ гудамжнаас бүрддэг ажээ.
Хотын зургийг нартай цэлмэг өдөр ч дарсан, бүрхэг өдөр дарсан ч нэг л байдлаар харагдана.
Харин өөр өнцгөөс авсан дараах зургийг харвал яагаад ер бусын гэгдэх болсныг та ойлгоно.
Баруун эсвэл зүүн тийшээ хэдхэн алхаад л хотоос гарах боломжтой. Гэхдээ тэгсэн хүн амьд үлдэхгүй болов уу.
Энэ бол Испанийн Каталон нутагт, Барселон хотоос 120 километрийн зайд орших Кастельфольит-де-ла-Рока (Castellfollit de la Roca) хот юм.
Тэгвэл хотыг яагаад энэхүү эгц цавчим хүрмэн чулуун хадан дээр байгуулсан юм бол?
Кастельфольит-де-ла-рока хотын талаар анх 1193 онд түүхэн баримтад дурдсан байдаг. Испаничууд тус хадны өвөрмөц тогтоцыг анзаарч, байгалийн хана хэрэм болгохоор шийдсэнээр хот үүсэн байгуулагджээ. Авирахад хэцүү, хамгаалахад хялбар хадан дээр бэхлэлт хот босгосноор ойр орчмын тосгодын иргэд гадны довтолгооны үед ирж хорогддог болсон байна. Он удаан жилийн турш хоёр голын усанд элэгдэж урт нарийхан болсон хадан дээр барилгууд нэмэгдсээр ийнхүү ганцхан гудамжтай хот болсон аж.
Өнөөдрийн байдлаар энэхүү гайхалтай хотод 1000 гаруй иргэн амьдардаг бөгөөд зөвхөн ийшээ зорин ирэх жуулчдын хүчээр оршин тогтнодог. Харамсалтай нь цар тахлын улмаас жуулчдын хөл хөдөлгөөн зогссон үед Кастельфольит-де-ла-рока хэрхэн оршин тогтнох бол гэдэг нь хотын иргэдийн санааг зовоож байгаа гэнэ.