Сьерра Невадагийн цөлийн уулсын дунд уртаашаа сунаж тогтсон нам дор газрыг "Үхлийн хөндий" гэх бөгөөд энэхүү бүс нутгийг АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болгожээ.
Уртаараа 225 км, өргөнөөрөө 8-24 км хүрдэг Үхлийн хөндийд 1913 оны зун +56 хэм хүрч халсан нь дэлхийн өрнөд хагаст бүртгэгдсэн хамгийн өндөр температур болон бичигджээ. Гэхдээ өвлийн улиралд Үхлийн хөндий цас мөсөөр хучигддаг нь сонирхолтой.
Мөн тус хөндийн нэг хэсэг болох Бэдуотерийн хонхор нь далайн түвшнээс доош 86 метрт оршдог тул Хойд Америкийн хамгийн нам дор газар гэж тооцогддог байна.
Доорх газрын зураг дээр Үхлийн хөндийг цэнхрээр тэмдэглэсэн бол улаанаар тэмдэглэсэн нь энэхүү нийтлэлд голчлон өгүүлэх Рейстрек-Плайя нэртэй ширгэсэн нуур юм. Үхлийн хөндийн үндэсний хүрээлэнгийн нутаг дэвсгэрт багтах тус нуурын хотгор хур бороо сайтай үед усаар дүүрдэг ч халуун наранд хэдхэн өдрийн дараа дахин хатдаг байна.
Тус нуурын хамгийн сонирхолтой онцлог гэвэл хатсан ёроол дээр нь хааяагүй тааралдах 300 кг хүртэлх жинтэй том чулуунууд юм. Гэтэл хачирхалтай нь тэрхүү чулуунууд өөрсдөө "мөлхөж" явдаг аж.
Ойр хавьд чулуунуудыг хөдөлгөөд байх том амьтад үгүй. Мөн хичнээн хүчтэй салхилсан ч 10 заримдаа 100 давсан килограм жинтэй чулууг тэгж хөдөлгөж чадахгүй нь мэдээж. Гэвч чулуунууд нэг л мэдэхэд хөдөлсөн байх бөгөөд ардаа чирүүлсэн мэт зам үлдээдэг байна.
Эрдэмтэд удаан хугацааны турш эдгээр чулуунуудыг өрөмдөх, GPS мэдрэгч суурилуулах зэргээр судалгаа явуулжээ. Үүний үр дүнд зөвхөн өвлийн улиралд "чулууны нүүдэл" эхэлдэг болохыг тэд анзаарснаар Рейстрек-Плайя нуурын нууцыг тайлж чадсан аж.
Чулууг хөдөлгөдөг "хэргийн эзэд" нь салхи, бороо, мөс байсан юм. Энэхүү нутагт хур тунадас маш бага буюу жилд хэдхэн миллиметр унадагаас гадна цөлийн бүс учраас өдөр шөнийн температурын хэлбэлзэл их байдаг.
Хүйтний улиралд бороо орсны дараа нуурын ёроол шөнөдөө дээд хэсгээрээ мөстөж хонодог аж. Өглөө болж нар гарахад мөс хайлж, том том нимгэхэн тавцангууд болон хуваагдана.
Харин хөндийд салхилахад мөсөн тавцангууд хийсэж, дунд нь байх чулуунуудыг түлхэн байрнаас нь хөдөлгөдөг. Тэр үед нуурын ёроол усанд дэвтэж шавар болсон байх тул чулуунуудын хөдөлсөн мөр нь ийнхүү үлддэг байна. Ялангуяа салхи хүчтэй байвал тэрхүү чулуунууд минутанд 5 метр хүртэл хурдтай хөдөлдөг аж.
Өмнө нь дурдсанчлан эрдэмтэд энэ бүгдийн нууцыг тайлахын тулд чулуунуудад GPS суурилуулж, хянах камер байрлуулан бүтэн гурван сарын турш ажигласан юм.
Сонирхуулахад Рейстрек-Плайя нуур тусгай хамгаалалттай бүс нутагт орох тул тэдгээр хөдөлдөг чулуунуудыг авч явах, дээр нь юм бичих хатуу хориотой байдаг гэнэ.