Симон Сегуан Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө эцэг, гурван ахын хамт фермийн аж ахуй эрхлэн амьдардаг байжээ. Түүний аав нь ойролцоох Тивара хотын зөвлөлийн дарга байсны дээр Дэлхийн 1-р дайны ахмад дайчин байв.
Эх орон нь германчуудад эзлэгдсэний дараа аав нь нууцаар байгуулагдсан партизан хөдөлгөөний удирдагчийн үүргийг давхар гүйцэтгэх болов.
1944 онд герман удирдлагуудаас түүнийг нутгийнхаа ажил эрхэлдэггүй залуу эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргаж өгөхийг тушаасан байна. Нацистууд тэрхүү охидыг өөрсдийн штаб болгосон Спуарын шилтгээнд авчирч зугаацах зорилготой байжээ.
Охин нь тийшээ очвол зайлшгүй амиа алдана гэдгийг тэрээр мэдэж байсан тул Симоныг ферм дээр ажилладаг оёдолчин хэмээн бүртгүүлсэн байна.
Гэтэл нэг өглөө герман цэргүүд ферм дээр нь ирж Симоныг олоод, цаашид дүрэмт хувцаснуудыг нь нөхөж өгч байхыг тушаажээ. Ийнхүү охин аргагүй байдалд орсон учраас Парис руу арай хийн зугтаж, нагац эгчийндээ нуугдсан байна.
Парист ирсэн хойноо Симон эцгийнхээ замналыг дагахаар шийдэж, партизануудын эгнээнд шууд элсэв. Хайртай хүмүүс төдийгүй эх орныхоо төлөө амь бие үл хайхран тэмцэх үзлийг аав нь охиндоо суулгасан учраас Симон ёстой л барын аманд гараа хийхээс буцахааргүй зоригтой нэгэн болсон байна. Мөн түүний аав дайны төгсгөл үед Францын армийн эгнээнд нэгдэж, олзлогдсон цэргүүдийг хорих лагеруудаас суллах ажиллагаанд оролцжээ.
Эхэндээ тэрээр мэдээ зөөгчийн дугуйг хулгайлах гэх мэтийн зэвсэг шаардагдахгүй жижиг хорлон сүйтгэх ажил хийж эхэлсэн байна. Харин Шатодюн, Дрю, Шартр зэрэг хотуудад хэд хэдэн даалгаврыг амжилттай гүйцэтгэсний дараа Симон Францын явган цэргийн дивизэд алба хаах бүрэн эрхээ авч, өөрийн нэрийн хуудас болсон зэвсэг буюу германчуудаас олзлогдсон MP-40 автомат буугаа хүлээн авсан юм.
Энэ хугацаандаа Симон ар гэрийнхнээ аюулд оруулахгүйн тулд нэрээ Николь Мине болгон өөрчилсөн бөгөөд үүгээрээ олонд танигдсан юм. Түүнд партизан нөхөд нь шаардлагатай бичиг баримтууд олж өгсний хүчинд дайн дуусах хүртэл жинхэнэ нэрийг нь нацистууд мэдэж чадаагүй гэнэ.
Сонирхолтой нь тэрээр Шартр хотын захад жижиг тулаанд оролцож байхдаа өөрийн ирээдүйн нөхөр, дэслэгч Бурсиертэй танилцсан байдаг.
Тэрээр Шартр болон Парисыг чөлөөлөх тулалдаанд оролцсон францын цөөхөн партизаны нэг болсон байдаг. Түүнчлэн Николийн оролцсон тагнуулын ажиллагаа, нууц мэдээллийн ачаар Дюнкерк хотын иргэд бөмбөгдөлтөөс өмнө амжиж дүрвэж чадсан юм.
Тэгээд зогсохгүй Шартр хотод тэрээр Германы 25 цэргийг олзолж, Парисын нэгэн хэсгийг ердөө 20 нөхдийнхөө хамтаар байлдан эзэлж онцгой гавъяа байгуулсан юм.
Гэхдээ тэрээр дээрх байлдаануудын талаар өөрөө огт ярьж байгаагүй бөгөөд хүмүүс өөрийнх нь гавъяаг хэт дөвийлгөсөн гэж дурссан аж.
1946 онд Симон эх орныхоо төлөө гаргасан зориг, хичээл зүтгэлийнхээ хариуд Цэргийн загалмай одонгоор шагнуулж, дэслэгч цол хүртсэн байдаг.
Мөн тэрээр байлдааны талбарт танилцсан нөхөртэйгөө албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй ч олон жилийн турш хамтдаа жаргалтай амьдарч, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн байна.