Хойд туйлд очсон хүмүүс яагаад амиа хорлох талаар бодож эхэлдэг вэ?

Хүйтэн цаг уур, жихүүдэс хүргэм зэврүүн салхи, нарны гэрэл үзэхгүй харанхуй бүрхэг тэнгэр, эцэс төгсгөлгүй үргэлжлэх хоосон зэлүүд тал нутаг. Хойд туйлын хахир хатуу, онгон дагшин энэ л байгальд хүн өөрийгөө энэ орчлонд ямар өчүүхэн гэдгээ мэдрэх боломжтой биз ээ.

Хойд туйлд очсон хүмүүс яагаад амиа хорлох талаар бодож эхэлдэг вэ?

Хойд туйлын алс бөглүү нутгийг олны дунд байх хүсэлгүй, дотогшоо хүмүүст туйлын тохиромжтой газар гэх наргиа байдаг боловч энэ нь Исланд, Норвеги зэрэг умардын тохь тухтай орнуудад л хүчинтэй үг гэдэг нь гарцаагүй. Харин умард туйлын бүслүүрээс хойших нутагт өнгөрсөн зууны 70-аад онд ажиллаж байсан зөвлөлтийн туйл судлаачид тэрхүү газар орныг тодорхойлохдоо амиа хорлохоос өөр ямар ч бодол толгойд ордоггүй, бүх зүйл утга учир бүхнээ гээж, үнэ цэнэгүй болон хувирдаг газар хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг.

Нарны гэрэл илч цацрагаа түгээж, цэцэг навч дэлгэрдэг зуны хоёр сарыг эс тооцвол умард туйлын бүс нутагт хүйтэн, бүүдгэр цаг уур ноёрхож, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн тал нутаг, намхан жижиг толгод, чулуурхаг гүвээ, манханаас өөр юу ч үгүй газарт амьдрал үгүй мэт санагдах ажээ.

Гэсэн ч эрт цагаас умард туйлын эх газрын эрэг, эрэг орчмын арлуудаар хүмүүс суурьшин амьдарч байсан түүх бий. Гэхдээ тэд хойд өргөрөгийн 73 градусаас хойших нутагт байнга оршин сууж байсан нь үгүй бөгөөд 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үеэс л тэрхүү бөглүү нутгийг зорих хүмүүсийн урсгал эхэлсэн байдаг. Эрт цагт зуны улиралд мөс хайлах үед загасчид алс умард руу чиглэн аялаж, өвлийн улирал ирэх үед яаравчлан өмнө зүг рүү хөдөлдөг байжээ. Нутгийн уугуул иргэдийн хувьд ч алс умард руу зүглэдэггүй байсан гэдэг.

Тухайлбал, умардын 74-р өргөрөгт орших Шинэ газар арал дээр урьд өмнө нь хүн суурьшиж амьдарч байсан удаагүй бөгөөд Оросын Эзэнт Гүрэн болон хожим ЗСБНХУ-ын засгийн газрын тусламжтай байнгийн хоол хүнс, түлш, барааны хангамжтай болсон цагаас эхлэн хүн суурьшиж эхэлсэн түүхтэй.

Хэдийгээр тасралтгүй хангамжтай болсон ч Шинэ газар аралд суурьшсан оросууд төдийгүй умард туйлын хүйтэн уур амьсгалд аль хэдийн дасал болж түүхий мах, цусаар хооллодог эртний уламжлалтай самоедууд ч чийг бам өвчинд нэрвэгдэн амь насаа алдсаар байсан гэдэг.

Тэгвэл уламжлалт аргаар чийг бам өвчинтэй тэмцэж үр дүнд хүрч байсан түүх ч тэмдэглэгдэн үлдсэн байдаг аж.

“Намрын адаг сарын нэг өдөр хөлөг онгоц нь сүйрсэн Норвегийн далайчид Шинэ газар арал дээрх ненецүүдийн урцанд орж ирсэн аж. Тэдний хувцас нь сармайж урагдан хагас үхлүүт байдалтай маш их айж балмагдан орж ирэх үед тэднийг ненецүүд элгэмсэг хүлээн авч хоол өгч, бүсгүйчүүд нь үслэг дулаан хувцас, гутал хийж өмсгөж байсан гэдэг. Түүнчлэн далайн хавын мах идэхгүй байсан норвегичуудад зориулан ууланд буга авлаж махыг нь чанаж өгч байсан ч түүх бий.

Тэр үед норвегичуудын нэг чийг бам өвчин хүрэх үед тэд амьтны бүлээн цус уулгаж, бугын түүхий мах идүүж, биеийг нь махаар үрж хэвтэхийг бус илүү их хөдөлгөөнтэй байхыг зөвлөсөөр түүний амийг аварсан гэдэг.

Ийнхүү хахир өвлийг үдэж, хавар цагтай золгох үед ненетүүд тэдэнд завь урлан өгч эх нутаг руу нь үдэн гаргасан байдаг. Ижилдэн дассан тэд нэгнээ тэвэрч, үнсэж, баярлаж талархсан гэдгээ илэрхийлж бэлэг солилцон, нулимс дуслуулан далайд гарсан ажээ.

Он жилүүд урссаар хэдэн жилийн дараа нэгэн уурын онгоц Шинэ газар арлын Малые Кармакулыд ирж Шведийн эзэн хааны талархлын захидлыг сонордуулж, ненецүүдэд ангийн дурантай буу, сум хэрэгслүүдийн хамтаар бэлэглэж хэрхэн хэрэглэх зааврыг ч тэдэнд өгсөн байдаг. Үүнд нь баярлаж догдолсон нутгийн иргэд тэр даруйдаа ахууна шувуу агнаж талархлын бяцхан уулзалтыг өндөрлүүлж байжээ.”

Сэтгэл гутрал хүн төрөлхтний дунд эрт цагаас эдүгээг хүртэл байсаар ирсэн боловч менерик гэх эмгэг нь зөвхөн алс умард нутагт тохиолддог нь хүйтэн цаг уур, алс бөглүү зэлүүд нутагтай нь холбоотой гэж үзэхэд хүргэсэн юм. Якут болон Юкагирчуудын хувьд сэтгэл санаа огцом хямарч, зан араншин өөрчлөгдөх энэ үзэгдлийг бөө мөргөлтэй холбон үздэг бол оросуудын хувьд удамшлын шинж чанартай сэтгэл зүй, зан араншин өөрчлөлтөд хүргэдэг нэгэн төрлийн өвчин гэж үздэг ажээ.

Түүнчлэн энэ эмгэг нь туйлын бүс нутагт ажиллаж буй түр оршин суугч хүмүүст ч тохиолддог нь 1885 онд хэвлэгдэн гарсан умард нутгийг судлах ажлын бичигт ч тэмдэглэгдэн үлджээ.

Тэд бичихдээ, “Шинэ газар арал бол дэлхий даяар судлагдаж буй шинэ бүс нутгуудаас хамгийн хүнд орчинтой газар орон юм. Гренланд, Шпицберген арлуудаас ч эрс тэс уур амьсгалтайн дээр тус арал дээр өвлийг өнгөрүүлсэн хүмүүсийн биед өөрчлөлт гарч, эм тогтмол хэрэглэх шаардлага тулгарч байлаа. Түүнчлэн хоёр сар тасралтгүй үргэлжлэх туйлын шөнөөр сэтгэл санаа гүн хямралд орж ямар ч эрч хүчгүй, хүсэл тэмүүлэлгүй болж амиа хорлох талаар бодоход хүргэдэг” хэмээжээ.

Мөн 1970-аад оны ЗСБНХУ-ын судлаачид Шинэ газар арлын Зеленаяд ажиллах үедээ гөлрөнгө байдалд орж, амиа егүүтгэх талаар бодоход хүрч байсан талаараа тэмдэглэн үлдээсэн байдаг ажээ. Судлаачдын нэг нь тэмдэглэлдээ умард туйлын тэнгэр яг л юүлүүр мэт хүнийг өөртөө татахын зэрэгцээ дарамт учруулж байдаг хэмээн тайлбарлажээ.

Өдгөө хүн төрөлхтөн техник технологийн дэвшлийн ачаар хамгийн алс бөглүү, эрс тэс уур амьсгалтай нутаг оронд ч тухтай амьдрах боломж бүрдэн сэтгэл санааны хямралд өртөх явдал буурсаар байгаа ч нарны гэрэл үздэггүй намар, өвлийн улиралд туйлын бүс нутагт оршин суугчдад сэтгэл гутрал, хий солио өвчин илрэх явдал байсаар байгаа билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()