Австралийн динго нохойтой таарсан ихэнх хүмүүс түүнийг зүгээр л туранхай золбин нохойтой андуурдаг. Хүнтэй нөхөрлөсөн "ойрын хамаатнууд"-тайгаа гаднах төрхөөр үнэхээр төстэй ч хурд хүчээр хамаагүй илүү. Дундаж нохойтой харьцуулбал зэгзгэр биетэй, урт нарийхан хөлтэй, чоно шиг урт сүүлтэй бөгөөд жин нь ердөө 15 кг, хамгийн ихдээ 20 кг хүрдэг байна. Зүс нь ихэвчлэн тод улбар шараас цайвар шаргал хүртэл тохиолдоно.
Зэрлэг байгальд динго нохой нь 3-5 жил л амьдардаг бол хүний хараа хяналтад 14-16 наслах нь бий.
Анхандаа динго нохойг Австрали тивд колоничлогчид анх авчирсан гэж үздэг байжээ. Ийнхүү яваандаа тэд зэрлэгшиж, тоо толгой нь олширсны улмаас Австрали тивийн уугуул уутат амьтдыг барьж, асар их хохирол учруулах болсон гэх үзэл нь орчин үеийн судалгаагаар худал болж таарчээ.
Археологчид, палеонтологчдын дүгнэлтээр динго нохой нь Австралид колоничлогчид ирэхээс хамаагүй өмнө буюу аль 3500 жилийн өмнөөс амьдарч байсан гэнэ. Тэр ч байтугай Өмнөд Хятад болон Вьетнамын нутгаас одоогийн динготой яг адилхан нохойны 5000 жилийн настай үлдэгдлийг олсон байна. Үүнээс үзвэл балар эртний хүмүүс Номхон далайн арлуудаар дамжиж, сүүлдээ Австралид очихдоо үнэнч туслахаа хамт аваад явсан болж таарч байна. Харамсалтай нь шинэ тивд хүмүүсийн тоо цөөрч, харин ноход нь элбэгшин зэрлэгшсэн бололтой.
Тэгвэл динго ноход төрөл бүрийн хорт могой, нисдэг аалз, уутат чоно гэх мэт ер бусын аюултай амьтдаар дүүрэн тивд хэрхэн амьд үлдэж чадсан юм бол? Энгийнээр хэлэхэд тэд чонын үр удам гэдгээ мартаагүй учраас тэр аж. Золбин нохдын адил тэд сүрэглэн амьдарч, яваандаа сүргийн дотор эрэмбэ дараалал бий болж, альфа эрэгчин гарч ирнэ. Ийнхүү альфа хосын дундаас төрсөн гөлөгнүүд цаашид удмаа авч үлдэх хамгийн өндөр магадлалтай тул сүргийн бусад гишүүд тэднийг хамгаалахын төлөө зүтгэнэ.
Мөн нэгэн цагт хүний нөхөр байсныхаа хувьд тэдний ухаан гайхалтай хөгжсөн нь байгалийн шалгарлыг давж үлдэх бас нэг шалтгаан болжээ. Ялангуяа тивийн шинэ эзэд ирсний дараа тэдний ганцаараа болон олуулаа асуудлыг шийдэх чадвар үнэхээр гарамгай болсон аж.
Хашаа, пингийн хаалганы түгжээг мултлаад нээчихдэг, имжийг чоно шиг өртөөлөн хөөсөөр барьж иддэг гэхээр ойлгомжтой.
Улмаар динго нохой Австрали тивийн бүхий л амьтны аймагт хар дарсан зүүд болж хувирсан байна. Мал сүргээс эхлээд матар, аварга загас хүртэл тэдний хоолны цэсэнд багтдаг аж.
Европчууд ирээд голчлон хонь сүрэг үржүүлэх болсноор дингонууд хялбархан цадах боломж нэгээр нэмэгдэж, фермерүүдийн тэвчээр ч барагдаж эхлэв. Сүрэг хонь руу дайрахдаа тэд зөвхөн нэгийг барьдаггүй, олноор нь хүнд шархдуулаад орхидог нь хамгийн хорлонтой аж.
Ингээд фермерүүд хэдэн зууны турш тэднийг буудаж, хордуулж, урхи тавих гэх мэтээр устгах гэж үзээд амжилтад хүрсэнгүй. Жишээлбэл 19-р зууны төгсгөл үед Австраличууд жил бүр хэдэн тонн стрихнин хор хэрэглэж байсан ч дингоны тоо толгойд мэдэгдэхүйц ямар ч өөрчлөлт гараагүй гэдэг.
Өнөө цагт хүмүүс энэхүү араатантай илүү өртөг өндөр аргаар тэмцэх болжээ. Бүхий л бэлчээрийн талбайг төмөр утсан хашаагаар хүрээлсэн байх бөгөөд харуулууд өдөр бүр эргүүл хийж, дингонуудын хашаан доогуур шургахаар ухсан нүхнүүдийг бөглөнө.
Тэр ч байтугай засгийн газраас хонин сүргийн тоо хамгийн ихтэй, үржил шимтэй нутаг бүхий Күинслэнд мужийн өмнөд хэсгийг бүхэлд нь тусгаарлаж хашаа татах ажлыг хийсэн байдаг. Нийт урт нь 5614 км хүрэх тэрхүү хашааг олон зуун хүн улсын хилийн зурвас мэт харж хамгаалдаг байна.
Хониноос гадна Австрали тивийн суугуул өөр нэгэн амьтан болох туулайнууд өдгөө динго нохдын идэш тэжээлийн 60 гаруй хувийг бүрдүүлэх болжээ. "Сохорсон биш завшив" гэгчээр колоничлогчдын авчирсан туулай шинэ нутагтаа байгалийн дайсангүй дураараа дургиж, хамаг нутгийг цөлжүүлж дуусгахын даваан дээр динго нохойны ачаар тоо толгойг нь тогтоон барьсан байна. Ингэснээр тэд хүнд учруулсан хохирлынхоо "нөхөн төлбөр"-ийг хэд дахин давуулж төлсөн хэрэг болжээ.
Сүүлийн жилүүдэд гарч ирсэн бас нэг асуудал нь дингонууд хогийн цэг дээр эзэн суусан явдал юм. Цуцаж унатлаа туулай хөөж, эсвэл хонь руу дайрч байгаад малчны суманд өртөхийн оронд бэлэн хэвтэж байгаа хоолыг эргүүлэх нь тэдэнд дээр санагджээ. Ийнхүү хот суурин, хүмүүстэй улам ойртохын хэрээр тэжээвэр ноходтой дотносож "найзлах" нь мэдээж.
Динго болон жирийн нохойны дундаас төрсөн үр төл нь эцэг эхээсээ илүү ухаалаг, илүү догшин болдгийн дээр жилд 2 удаа гөлөглөх чадвартай болдог.
Тоо толгойны хувьд ч эрс ихэссэн тэдгээр эрлийзүүд мал сүрэг байтугай хүний амь насанд аюул учруулдаг болжээ. Үүнтэй холбоотой нэг жишээг дурдая. Нэгэн бүсгүй гадаа суугаад хооллож байтал эрлийз динго гэнэт дайрч, утсыг нь булаагаад зугтжээ. Хүнд хоол биш утас нь чухал тул араас нь заавал хөөцөлдөнө гэдгийг тэрхүү нохой мэдсэн байна. Ийнхүү бүсгүй нохойг хөөсөөр хүнгүй газар ирэхэд хоёр хамтрагч нь отолт хийн хүлээж байв. Аз болж дайралтын үед тусламж амжиж ирсэн бөгөөд бүсгүй амьд үлдсэн байна.