Сингапурчууд ердөө 40 жилийн дотор хээл хахуулиас бүрэн салж чадсан юм. Гэхдээ тэд БНХАУ шиг авлигачдыг бөөнөөр нь цаазалж, хатуу ял оноох арга хэрэглээгүй.
Өмнө нь Сингапур Их Британийн колони байсан бөгөөд 1950-иад онд тусгаар тогтнолоо олсон байдаг. Харамсалтай нь хуучин колони орнуудын жишгээр иргэдийн орлогын хэмжээ үлэмж хэмжээгээр багасаж, хууль тогтоомжийн хэрэгжилт гэх зүйл үгүй болж, том жижиг гэлтгүй төрийн бүхий л албан тушаалтан авлигад идэгдсэний дээр ямар ч боловсролгүй цөөн хэдэн улс төрч засгийн эрхэнд гараад байв.
Чухамдаа энэ л үед Их Британид боловсрол эзэмшсэн улс төрч Ли Куан Ю хээл хахуулийг үгүй хийхийн тулд хамаатан садан, найз нөхдөө шоронд хорих шаардлагатай болсон ч хамаагүй хэмээн амласныхаа хүчинд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ хүрч авлига гэх ойлголтыг жинхэнэ утгаараа халаад зогсохгүй Сингапурыг өдий зэрэгтэй хөгжүүлж чадсан билээ.
Тэгвэл Ли Куан Ю авилгатай тэмцэхдээ яг ямар аргаар тэмцсэн юм бол?
1
Албан тушаалтнуудын халдашгүй эрхийг цуцалсан
Тэрээр хамгийн түрүүнд Авлигатай Тэмцэх Товчоог (АТТ) үүсгэн байгуулаад зогсохгүй хязгааргүй эрх мэдэл олгосон байна. Үүний хүрээнд бүх албан тушаалтан болон тэдний гэр бүлийнх нь гишүүд энгийн иргэдийн нэгэн адил шалгагдаж, ял шийтгэл амсдаг болжээ. Тиймээс АТТ-ын ажилтнууд зөвхөн Засгийн газрын гишүүд төдийгүй тэдний гэр бүл, найз нөхдийнх нь банкны данс, эд хөрөнгийг шалгаж эхэлсэн бөгөөд албан ёсны орлогоосоо илүү мөнгө зарцуулж байгаа нь тогтоогдвол шууд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлэх арга хэмжээ авав.
АТТ хамгийн том гэсэн албан тушаалтнуудыг хүртэл чөлөөтэй шалгаж, буруу аргаар олсон хөрөнгийг бүхэлд нь улсын санд хурааж авдаг болсноор авлигыг бүр мөсөн дарж чадсан байна. Мөн дээрээс ирж буй тушаалууд нь илүү дутуу утга санаагүй, маш ойлгомжтой болсон учраас жижиг дунд хэмжээний албан тушаалтнууд ямар нэг "цоорхой" ашиглан албан тушаалаа хэтрүүлж чадахгүй болсон аж. Дашрамд дурдахад АТТ Ли Куан Юг өөрийг нь удаа дараа шалгасан боловч юу ч олоогүй гэдэг.
Тус товчоо ямар үр дүнтэй ажилладаг байсан тухай нэг жишээ хүргэе.
Байгаль орчны сайд Ви Тун Бун 1975 онд гэр бүлийнхээ хамт Индонез руу аялсан байна. Гэвч уг аяллын төлбөрийг Ви Тун Бунд тал засах гэсэн нэгэн барилгын компани гаргасан нь илэрчээ. Тус компани нь мөн сайдад 500 мянган ам.долларын орон сууц бэлэглэж, хувьцааны арилжаа хийлгэх зорилгоор аавынх нь нэр дээр нийт 300 мянган ам.долларын зээл авч өгсөн байна.
АТТ Ви Тун Буны хэргийг илчилж, 4 жил 6 сарын хорих ял оноосон аж. Тэрээр давж заалдан, ялыг 18 сар болгон бууруулсан ч шоронд суухаас өөр аргагүй болсон төдийгүй дээрх бүх хөрөнгөө хураалгажээ.
2
Хэмжээндээ амьдрах шаардлага
1960 онд өөрийн албан ёсны орлогоос хэтэрсэн зардлаар амьдардаг эсвэл хэт өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг албан тушаалтныг шууд авлига авдаг гэж үзнэ гэсэн утга бүхий хууль батлагдсан юм. Хэрвээ тухайн албан тушаалтан багахан хэмжээнд ч гэсэн авлига авдаг гэсэн сэжиг төрөх юм бол шууд хэрэг үүсэн шалгагдах бөгөөд шүүх дээр өөрийгөө гэм буруугүй гэж нотлох хүртэл авлигач гэсэн нэр зүүх аж.
Өмнө нь хэлсэнчлэн гэм буруутай нь тогтоогдсон албан тушаалтны эд хөрөнгийг хурааж, их хэмжээний торгууль ногдуулж, зохих хугацаагаар хорих юм. Харин авлигачийн гэр бүл ямагт тийм нэр зүүх бөгөөд нийгмээрээ тэднийг хавчин гадуурхаж, ажилд ч авдаггүй байна.
3
Өндөр цалин бол ёс журмын үндэс суурь
Ли Куан Югийн хийсэн хамгийн үр дүнтэй ажил бол төрийн албан хаагчдыг өндөр цалинтай болгосон явдал юм. Нэгдүгээрт тэд төр засаг, ард түмний төлөө зүтгэн шударга хөдөлмөр эрхэлж байгаа, хоёрдугаарт хангалттай орлоготой хүмүүс хахууль авах үндэслэл байхгүй хэмээн тэрээр үзсэн байдаг.
Үүний дээр цалин нэмэгдсэний ачаар жинхэнэ чадварлаг боловсон хүчин төрийн албанд орох болсон юм. Тиймээс тус улсын эдийн засаг сэргэж, төрийн албан хаагчдын орлого ч нэмэгдэх болов. Өдгөө Сингапурын төрийн албан хаагчид тус улсын хамгийн өндөр орлоготой иргэдтэй тэнцэх хэмжээний цалин авдаг гэнэ. Мөн үндсэн цалингаас гадна гүйцэтгэлд тулгуурласан хэд хэдэн урамшуулал нэмж "хүртдэг" аж.
4
Хэвлэлийн эрх чөлөө
Сингапурын хэвлэл мэдээллийн салбар нь төрөөс бүрэн хараат бус байдлаар ажилладаг. Тиймээс сэтгүүлчид авлигын хэргийг ямар ч айх зүйл байхгүй тэр даруйд нь илрүүлж чаддаг ажээ. Хэрвээ төрийн албан хаагч хахууль авж байгаад баригдах юм бол шууд сонингийн нүүр хуудсыг "чимдэг" гэнэ.