Ираны хөлбөмбөгийн эмэгтэй багийн хаалгачийг өрсөлдөгчид нь сэжиглэж, хүйсийг нь шалгахыг шаарджээ

Энэ сарын эхээр Йордан улсын хөлбөмбөгийн холбооноос Азийн хөлбөмбөгийн холбоонд хандаж, Ираны эмэгтэй шигшээ багийн хаалгач Зохре Коудайгийн (Zohreh Koudaei) жинхэнэ хүйсийг олж мэдэхийг шаардсан байна. Тэрээр Йорданы эсрэг хийсэн тоглолтын үеэр хоёр торгуулийн цохилтыг амжилттай хааж, багаа ялалтанд хүргэсэн юм. Гэвч түүний гадаад төрх болон бие бялдрын онцлогийг анзаарсан Йорданы тал Коудайг эрэгтэй хүн байх магадлалтай хэмээн сэжиглэсэн байна. 

Ираны хөлбөмбөгийн эмэгтэй багийн хаалгачийг өрсөлдөгчид нь сэжиглэж, хүйсийг нь шалгахыг шаарджээ

Өдгөө 32 настай Зохре Коудай нь 2007 оноос хойш улсынхаа шигшээ багт тоглож байгаа юм. Саяхан болж өнгөрсөн Иран, Йорданы хоорондох хэсгийн тоглолт үндсэн цагт тэнцээгээр өндөрлөсний дараа Зохре хоёр ч торгуулийн цохилтыг амжилттай хаасан байна.  Ийнхүү 4:2-ийн харьцаатайгаар Ираны баг ялалт байгуулж, анх удаа эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авчээ. 

Гэвч Йорданы Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, хунтайж Али бин аль-Хуссейн Ираны хаалгачийг эрэгтэй байж магадгүй хэмээн сэжиглээд зогсохгүй Коудайн "хүйсийг шалгах хүсэлт"-ийг Азийн хөлбөмбөгийн холбоонд гаргажээ.

Азийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд энэхүү явдлын талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Харин хэвлэлийн төлөөлөгч нь "Манай холбоо одоо явагдаж буй шалгалт болон хууль эрх зүйтэй холбоотой асуудлаар тайлбар өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа." хэмээн мэдэгджээ. 

FIFA-гийн дэд ерөнхийлөгч асан ханхүү Али хэрэв өөрийнх нь хардлага үнэн болох нь батлагдвал маш ноцтой асуудал үүсээд зогсохгүй Азийн хөлбөмбөгийн холбоонд томоохон шинэчлэл хийгдэж магадгүйг онцолжээ.

Харин Ираны шигшээ багийн дасгалжуулагч Мариам Ирандост дээрх бүгдийг үгүйсгэж "Эмнэлгийн ажилтнууд ийм төрлийн асуудал гарахгүйн тулд шигшээ багийн тоглогч бүрийг дааврын шинжилгээнд хамруулсан. Тиймээс хөгжөөн дэмжигчдийг энэ тал дээр санаа зовохгүй байхыг хүсч байна" хэмээжээ.

Мөн Коудай өмнө нь 2008, 2010 онд Азийн АШТ-ний урьдчилсан шатны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоход дээрхтэй холбоотой ямар ч асуудал үүсч байгаагүй болохыг Мариам Ирандост мэдэгджээ.

Сонирхолтой нь Иракийн хөлбөмбөгийн холбооноос Йорданы байр суурийг дэмжиж, Ираны шигшээ багийн тоглогчдоо сонгодог шалгуур нь ”эргэлзээтэй" гэх утга бүхий захидлыг тэдэнд илгээжээ. Ираны эмэгтэй шигшээ баг урьд нь тамирчны хүйсийн болон сэргээшийн асуудалд олон орооцолдож байсныг Иракчууд захиандаа мөн дурдсан байна.

Харин Ираны шигшээ баг Йорданчууд ялагдсандаа шаралхаж ийм арга хэмжээ авч байна хэмээн буруутгав. 

Тэдний үзэж буйгаар Йорданы баг хэдий чансаа сайтай, ялах магадлал өндөр байсан ч үр дүн санаснаас нь өөрөөр эргэсэн тул ялагдлынхаа шалтгааныг утгагүй зүйлд тохож байгаа гэнэ.

Иран эмэгтэйчүүдийн дунд хөлбөмбөг нь маш алдартай спорт юм. Харамсалтай нь Исламын хатуу дэг жаягийн дагуу эмэгтэйчүүд эрчүүдийн хамт цэнгэлдэхэд тоглолт үзэхийг хориглодог байна. 

Өмнө нь ч гэсэн Ираны эмэгтэй шигшээ баг эрэгтэй тамирчдын хүйсийг нуун тэмцээнд оруулсан хэмээн буруутгагдаж байжээ. 2015 онд тус багийн найман тоглогч хүйсээ солиулах хагалгаанд орохоор төлөвлөж буй эрчүүд гэх цуурхал хүртэл гарч байв. 

Тиймээс Ираны Хөлбөмбөгийн холбоо тоглогчдынхоо хүйсийг шалгахын тулд гэнэтийн үзлэг хийдэг болно хэмээн өмнө нь мэдэгдсэн аж.

1980-аад оны дунд үеэс Ираны удирдагч асан Аятолла Рухолла Хомейни зарлиг гаргаж, хүйсээ солиулах нь Исламын шашны номлолд харшлахгүй гэж мэдэгдсэнээс хойш тус оронд ийм төрлийн мэс засал хийж эхэлсэн байдаг. 

Эхээс төрөхдөө эрэгтэй байсан Мариам Хатун өөрийгөө эмэгтэй гэж мэдэрч эхэлсэн учраас сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтэн эмчлүүлж, эмэгтэй даавар тариулж байсан гэдэг. Тэрээр хожим нь өөр шигээ хүмүүсийг харж үзэхийг Аятолла Рухоллагаас хүссэн байдаг.

Ираны удирдагч түүний зовлонг  ойлгож, бурхан тэднийг ийм болгосон учраас бүрмөсөн хүйсээ солиулахад буруу зүйл байхгүй хэмээн зарлиг гаргасан аж. 

Үүний хүчинд өдгөө тус улс нь дэлхийн хүйс солих мэс заслын "төв" болсон байна. 

Ямартаа ч тус улсад трансжендер хүмүүсийг хууль эрх зүйн хүрээнд огт хавчдаггүй болжээ. Хэрвээ хүсэх юм бол хэн ч гэсэн хүйсээ солиулж болох бөгөөд дааврын эмчилгээ болон хагалгааны мөнгийг нь хүртэл төрөөс даадаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()