1974-1986 онуудад Жозеф Деанжело Калифорнийн Висалиа хэмээх хотод ихэнх хэргүүдээ үйлдсэн байна. Тэрээр үргэлж ганцаараа явдаг байсны дээр маш болгоомжтой ажилладаг учраас нэг ч эд мөрийн баримт үлдээгээгүй тул ийнхүү 40 жил баригдаагүй гэнэ.
Дөрвөн өөр цагдаагийн анги нэгтгэл тус хэрэг дээр олон жил ажилласан ч гэмт этгээдийн хэн болохыг олж тогтоож чадаагүй байна. 90-ээд оны сүүлчээр тус хэргийг Калифорнийн шүүх эмнэлгийн мэргэжилтэн, цагдаагийн албан хаагч Пол Хоулз хүлээн авчээ.
Пол Хоулз
Хоулз мужийнхаа өөр хотуудын ижил төстэй хэргүүдийг харьцуулж эхэлсэн бөгөөд үүний хүчинд хоёр тусдаа гэмт хэрэгтний ДНХ ижил байсныг олж мэдэв. Тиймээс "Висалиагийн дээрэмчин" болон "Ист Риверийн хүчирхийлэгч" гэсэн хоёр цуврал алуурчинг нэг хүн болохыг тэрээр тогтоосон бөгөөд гэмт хэрэгтэнд "Голден Стэйтийн алуурчин" гэх шинэ хоч өгчээ.
Хоулз гэхдээ эд мөрийн баримтыг зүгээр сууж байгаад олоогүй, харин 4 жилийн турш хэргийн газрыг булан тохойгүй шалгасны эцэст илрүүлсэн аж.
Харамсалтай нь тухайн үед ДНХ таних технологи харьцангүй болхи байсан учраас мөрдлөгө нь мухардаж, хэргийг хаахаас өөр аргагүй болов.
Үүнээс 15 жилийн дараа энгийн иргэн хүртэл ДНХ-ээ ашиглан гарал үүслээ тогтоож болох хэмжээнд энэ төрлийн шинжлэх ухаан хөгсөн учраас Хоулз хэргийг эргэж нээх хүсэлт гаргажээ.
АНУ-д 12 сая гаруй хүн өөртөө эрүүл мэндийн асуудал бий эсэх, мөн удам овгоо тодорхойлуулах зорилгоор Генийн мэдээллийн төвд ДНХ-ээ илгээсэн байдаг аж.
Чухамдаа үүнийг Хоулз ашиглахаар шийдэн тус төв рүү сэжигтний мэдээллийг илгээв. Үүний үр дүнд илгээсэн ДНХ нь хэдэн арван хүнийхтэй таарсан бөгөөд мөрдөгч маань тэдгээр иргэдийн хувийн мэдээллийг нэг бүрчлэн шалгаж үзсэний эцэст сэжигтний тоог 5 болгож бууруулав.
Цагдаа нар дээрх 5 хүнийг ажиглалтанд оруулж ДНХ-ийн дээжийг нь цуглуулж аваад алуурчныхтай харьцуулж үзжээ.
Эцэст нь Жозеф ДеАнжело гэх эрийн ДНХ-ийн мэдээлэл цагдаагийн байгууллагад хадгалагдаж байсантай 100 хувь таарчээ.
Анхны аллагаа үйлдсэний дараа Жозеф Сакраменто хот руу нүүсэн байна. Тэрээр анх энгийн хулгайгаас эхлээд яваандаа хүчингийн хэрэг үйлдэх болжээ. Эхэндээ тэрээр ганц бие, заримдаа хүүхэдтэй эмэгтэйчүүдийг л онилдог байсан бол яваандаа хосууд руу дайрч эхлэв.
Жозеф 1977 оны 1, 2, 3, 4-р сард тус бүр хоёр, 5-р сард тав, 9, 11, 12-р сард тус бүр нэг, 10-р сард гурван халдлага үйлдсэн байдаг.
ДиАнжело эрчүүдийг нь 4 хөллүүлж хүлээд, нуруун дээр аяга таваг тавиад "Хэрэв би өчүүхэн төдий чимээ сонсвол энэ байшинд байгаа бүх хүмүүсийг ална" гэж сүрдүүлдэг байв. Ингэснээр гэрийн эзэд яаж ч чадалгүй түүний эрхэнд ордог аж. Жозеф байшинд хэдэн цагийг өнгөрөөхдөө эзэн нь мэт аашилж, бүсгүйчүүдийг хэрцгийгээр зодож хүчирхийлээд зогсохгүй хөргөгчинд нь байгаа зүйлсийг хүссэнээрээ идэж, гадаа хашаанд нь суунгаа хээвнэг шар айраг шимдэг байжээ.
Өмнө нь хэлсэнчлэн тэрээр цагдаагийн алба хаагч байсан учраас эд мөрийн баримт огт үлдээлгүй цэвэрлэхээ мэддэг байв.
Цагдаа нар ДеАнжелогийн гэрт ирэхэд тэрээр орой хоолоо идэхээр ширээгээ засч байсан аж. Тэр үед байсан цагдаагийн офицер "Биднийг ирнэ гэж төсөөлөөгүй байсан учраас тэр үнэхээр балмагдсан" хэмээн дурсчээ.
1973 онд ДеАнжело Шарон Мари Хаддл хэмээх бүсгүйтэй гэрлэж 3 охинтой болсон бөгөөд тэд Сакраменто хотод амьдардаг байв.
Гэр бүлийнхэн нь, ялангуяа охид нь ДеАнжелог төгс аав гэж боддог байсан учраас энэ явдал жинхэнэ хүнд цохилт болсон гэнэ. Тэрээр ихэнх аллагаа гэр бүл зохиосны дараа үйлдсэн бөгөөд тухайн үед ажилдаа явлаа гэх мэтээр шалтаг тоочдог байсанд нь эхнэр нь үнэхээр үнэмшсэн гэж ярьжээ.
2 жилийн турш үргэлжилсэн шүүх хурлын эцэст 2020 оны 8-р сард ДеАнжелод бүх насаар хорих ял оноосон байна.