Дэлхийн хамгийн өргөн гол нь Өмнөд Америкийн нутаг дахь Ла Плата хэмээх хоёр голын бэлчир юм. Уругвай, Парана мөрнүүдийн адаг болсон тэрхүү бэлчир хамгийн өргөн хэсэгтээ 48 км хүрдэг байна. Мөн Амазон мөрөн хуурай улиралд дунджаар 11 км өргөнтэй байдаг бол борооны улиралд энэ тоо нь гурваас дөрөв дахин нэмэгдэх нь бий.
Энэ мэтээр том мөрнүүдийн хоёр эргийн хоорондох зай нэг километрээс буудаггүй байхад Хятадын нутаг дахь нэгэн голын дундаж өргөн нь хэдхэн сантиметр байдаг аж. Голын аль ч хэсэгт хүн дээгүүр нь амархан алхаад гарчихаар нарийхан байхад яагаад "гол" хэмээн тодорхойлсон нь сонирхолтой.
Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн нутаг, Хэшигтэний талаар урсах Хоолой гол (хятад. Хуалай) нь албан ёсоор дэлхийн хамгийн нарийн гол гэж тооцогддог. Тус голын дундаж өргөн нь 15 см, зарим хэсгээрээ бүр дөрөвхөн см хүртэл нарийсдаг байна.
Ийм байхад түүнийг горхи биш гол гэж нэрлэдгийн шалтгаан нь нарийхныг эс тооцвол жинхэнэ голын бүхий л шалгуурыг хангадагт оршдог. Жишээлбэл жилийн турш ширгэлгүй урсдаг байнгын урсацтай, тодорхой ай сав газартай, үерлэдэг эрэгтэй, 17 километр урттай гэх мэтээр голын бүхий л шинжийг агуулсан аж.
Мөн Хоолой голын гүн нь хэмжээтэй нь харьцуулахад нэлээн их буюу дунджаар 50 см хүрдэг байна.
Хамгийн гайхалтай нь Хоолой голд загас байдаг бөгөөд нутгийнхан хоёр эргийн хооронд гацсан загастай таарах нь тийм ч ховор биш.
Хоолой гол газрын гүнээс оргилох булгаас эх авч, дээр дурдсанчлан Өвөр Монголын тал нутгаар 17 километр урсаад Хөлөн буюу Далай нуурт цутгана.
Хятадын судлаачдын тогтоосноор Хоолой гол ойролцоогоор 10 мянган жилийн өмнө үүсэн бий болжээ. Ихэнх том гол мөрнүүд сая сая жилийн настай байдагтай харьцуулбал энэ нь маш залуу гэсэн үг юм.
Дашрамд дурдахад, Хоолой голд "Номон гүүрт гол" хэмээх илүү сонирхолтой нэр бий. Нэгэн хүү Хоолой гол дээгүүр үсрэхдээ номоо унагаачихжээ. Гэтэл ном нь усанд норолгүйгээр дэлгэгдэж, гүүр мэт тогтсон байсан тул хүү тэр чигт нь үлдээж, элдэв шавж хорхойнуудад гүүр болгохоор шийдсэнээс дээрх нэр бий болсон гэгддэг аж.