1987 онд Дюкийн их сургуулийг дөнгөж төгссөн Мелинда Френч(Melinda French) "Майкрософт" компанид ажилд орж, үйлдвэрлэлийн менежерийн үүргийг гүйцэтгэх болжээ. Тэр жил нэгэн удаа компаний ажилтнууд нийтээрээ салхинд гаран цайлж байх үед ерөнхий захирал Билл Гэйтс түүн дээр ирэн хэд хоногийн дараа хамт оройн зоог барьж болох эсэхийг асуусан байна. Харин Мелинда "Хэтэрхий тулгамдуулсан асуулт байна" хэмээн хариулж байжээ.
Гучаад жилийн өмнөх энэхүү явдлаас хойш олон зүйл өөрчлөгдөж Билл, Мелинда хоёр амьдралаа холбон өдгөө гурван хүүхэдтэй болжээ. Тэдний нийт хөрөнгө 98.1 тэрбум ам.доллар болж, өөрсдийн нэрэмжит сайн үйлсийн байгууллагынх нь сангийн хэмжээ 50.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Салхинд гарч байх үедээ Мелинда Биллд утасны дугаараа өгөөд бодсон өдрийнхөө өмнөхөн нь залгаарай гэж захижээ.
Гэтэл Билл тэр орой нь түүн рүү залгаад "Хэт тулгамдуулчихав уу?" хэмээн ёжлонгуйгаар асуусан байна.
Мелинда, Билл нар долоон жил үерхснийхээ дараа гэрлэжээ. Харин ээж нь энэ явдалд эхэндээ дургүйцэнгүй хандаж байсныг Мелинда дурссан байдаг.
Тэд харилцаагаа нууцлахыг эрхэмлэж байсан бөгөөд хувийн амьдралд нь хүндэтгэлтэй хандахыг хамтран ажиллагчид болон гэр бүлийнхнээсээ хүсдэг байжээ.
"Одоо бодоход Билл тэр үед их сургуульд хамт сурдаг найз шиг л байдаг байж дээ. Би түүнийг хүндэлдэг, тэр ч намайг хүндэлдэг байлаа" гэж Мелинда дурссан байна.
"Түүний гайхалтай оюун ухаанаас гадна сониуч занд нь би татагдсан. Бас тэр хошин шогийн мэдрэмж өндөртэй. Үүнд нь би их дуртай" гэж Мелинда ярьжээ.
Сүй тавьсныхаа дараа 1993 оны сүүлчээр Билл, Мелинда хоёр Африк руу аялжээ. Тэнд хос хоёр туйлын ядуу хүмүүстэй олон удаа таарсан аж.
Занзибар аралд далайн эргээр алхаж явахдаа тэд сайн үйлсийн аян явуулж бусдад туслах тухай ярилцжээ.
Үүний дараачаас "Bill & Melinda Gates" сангийн үндэс суурь тавигдаж эхэлжээ. "Бид ийм их хөрөнгөтэй байхад өөр хэдэн тэрбум хүн тийм байдалтай амьдарч байгаа нь шударга бус санагдсан" гэж Мелинда бичиж байв.
Хосууд 1994 онд Хавайн "Manele Bay" зочид буудалд хуримаа хийжээ. Хуримын ёслолд нэг сая долларын зардал гарсан аж.
Хуримыг хаалттай байдалд хийхийн тулд Билл зочид буудлын бүх өрөө болон арал дээрх бүх нисдэг тэргийг захиалж урилгагүй зочин ирэхээс сэргийлсэн байна.
Биллийн эцэг эх хос хоёрт зэрэгцэж суугаад тэнгэрийн хаяа руу харж буй хос шувууны баримлыг бэлэглэж байжээ. Тэр баримлын талаар Мелинда "Манай гэрийн үүдэнд байж л байгаа" хэмээн дурсжээ.
Дараа жил нь хосуудын амьдрах тансаг харш "Xanadu 2.0" Вашингтон мужийн Мединад баригдаж дууссан байна. Харшийн үнэ 2016 оны байдлаар 124 сая ам.доллар байв.
Хосууд хоёр охин, нэг хүүтэй бөгөөд хүүхдүүдээ 14 нас хүртэл нь гар утас хэрэглүүлээгүй байна.
Билл, Мелинда нар хүүхдүүдээ католик дэг жаягаар хүмүүжүүлжээ.
Тэд хүүхдүүддээ багад нь Сэм МакБратнигийн "Чамд хичнээн их хайртай гээч"-с эхлээд Рэй Брэдбөрийн "Fahrenheit 451" хүртэл маш олон төрлийн ном уншиж өгдөг байв.
Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхэд түүний эхнэр л удирдан чиглүүлдэг гэдгийг Билл Гэйтс онцолжээ.
Гэйтсийн хүүхдүүд тус бүртээ 10 сая ам.долларыг залгамжлан авах бөгөөд гэр бүлийн 98.1 тэрбум ам.доллараас үлдсэн бүх хөрөнгө буяны үйлст хандивлагдах юм байна.
"Бид хоёр хүүхдүүддээ хүссэн юмаа хийх боломжийг олгодог ч их мөнгө өгөөд байдаггүй" гэж Билл ярьжээ.
Мелиндагийн өгүүлснээр түүний нөхөртэйгээ харилцах харилцаа цаг улирах тусам өөрчлөгджээ. "Он жил ирэх тусам бид хоёр яг л ижил тэгш болцгоосон" хэмээн тэрээр ярьсан байна.
Тэд анх сангийн үйл ажиллагаагаа эхэлж байхад Билл "Майкрософт"-оосоо хамааралтай хэвээр байжээ.
Харин өнөөдөр тэд сандаа эн тэнцүү хамтран ажиллаж байна. Хийсэн бүхнийг нь үнэлж тэр хоёрыг 2016 онд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонгоор шагнажээ.
Тэр хоёр ажлаа аль болох эмх замбараатай, нэг нэгэндээ урам өгсөн, тэнцвэртэй байдлаар хийхийг эрмэлздэг аж.
Хосуудын дунд маргаан гарахад хэрхэн зохицуулдгийг сонирхсон асуултад Мелинда хөгжилтэйгөөр "Бид хоёр хэзээ ч санал зөрөлддөггүй" гэж хариулсан байна.
"Гэр бүлийн суурь үнэ цэнэ болон нэг нэгэндээ итгэх итгэл, нээлттэй байдлыг эрхэмлэх замаар бид хоёр маргаан гарахаас сэргийлдэг" гэж тэрээр нэмж өгүүлжээ.
Тэдэнтэй ойр дотно байдаг тэрбумтан Уоррен Баффет Биллийг тодорхойлохдоо "Мэдээж үнэхээр ухаалаг. Гэхдээ ерөнхийд нь харвал Мелинда түүнээс арай илүү" гэж хэлж байжээ.
Харин ажил төрлийн асуудал дээр Билл Мелиндаг тодорхойлохдоо "Байгууллагын амин зүрх л гэсэн үг" гэж бичжээ.
"Хүн бүр эрүүл бөгөөд үр өгөөжтэй амьдрах эрхтэй гэж Мелинда бид хоёр боддог. Иймд гайхалтай хамтрагч нарынхаа дэмжлэгээр бид хоёр хэцүү амьдралтай байгаа хүн бүрт туслах бүтээлч аргыг олохоор ажиллаж байна" хэмээн Билл Гэйтс бичжээ.