Зөвхөн Өмнөд Америкт байдаг Капибара нь хүн бүрийн боддогчлон усан гахайн хамгийн ойрын төрөл мөн боловч амьдралын онцлогийн хувьд усны үхрийн мэрэгч хувилбар нь гэлтэй. Учир нь тэд амьдралынхаа ихэнх үеийг жижиг нуур цөөрөм, намаг дунд өнгөрүүлж, усан дотор хооллож, усан дотор үржилд орж, тэр ч байтугай усан дотор унтаж амардаг.
Капибара нь хөлийн хуруунууд хоорондоо сарьстай тул маш сайн сэлэгч гэдэгтэй ярилтгүй. Мөн чих, нүд, хамар нь нүүрнийхээ дээд хэсэгт, бараг нэг шугамд байрладаг тул уснаас бүрэн ил гаралгүйгээр сэлж, аварга могой, бүргэд зэргийн хараанаас нуугддаг аж.
Ийм учраас тэд уснаас гарах шаардлагагүй мэт боловч үнэндээ хуурай газар дээр маш шалмаг хөдөлгөөнтэй бөгөөд 35 км/цагийн хурд авах нь ч бий.
Капибарагийн шүд туулайныхтай адил маш хурдан ургадаг тул усны дэргэдэх хатуу иштэй ургамал, үндсийг байнга мэрэх замаар шүдээ элээх хэрэгтэй байдаг. Мөн тэд өөрийн ялгадсаа дахин идэж, шаардлагатай шим тэжээлээ нөхдөг байна.
Ороо нийллэгийн үед тэд хурц үнэр бүхий заарны тусламжтайгаар хосоо олцгоох бөгөөд хэнтэй үржилд орохоо зөвхөн эмэгчин капибара шийддэг. Дээр дурдсанчлан тэд зөвхөн усан дотор үржилд орж чаддаг ч заавал хуурай газар дээр зулзагалах ёстой байдаг. Эмэгчин нь нэг төрөлтөөр ихэвчлэн дөрвөн зулзага гаргана.
Капибара нь маш нөхөрсөг, олуулаа байх дуртай тул ихэвчлэн 10-20 бодгалиас бүрддэг сүрэгтээ огт өөр амьтныг дуртайяа элсүүлдэг. Амьтны хүрээлэнд тэдний энэ зан нь тод харагдах бөгөөд ямар ч амьтантай эвээ олоод нөхөрлөчихдөг аж.
Сонирхолтой нь тэдний тайван дөлгөөн занг бусад амьтад ашиглаж, нуруун дээр нь очиж суух дуртай байдаг болохоор Капибараг "амьд сандал" гэж хошигнон нэрлэх нь бий. Дээр нь суусан шувуу, сармагчин, туулай зэргийг капибара огт үргээж хөөдөггүй бөгөөд харин ч элдэв шимэгч хорхой, ялаа шумуул зэргээс салгаж өгдөг тул тэдэндээ дуртай байдаг гэнэ.
Эцэст нь дурдахад нас бие гүйцсэн капибарагийн биеийн жин нь бараг хүнийхтэй ойролцоо буюу дунджаар 50 кг, ихдээ 70 кг хүрдэг гэнэ.
Ингээд энэхүү амар амгалан, нөхөрсөг амьтны зарим хөгжилтэй зургуудаас хүргэе.