"Бид хавцлын ирмэг рүү юу ч мэдэлгүйгээр алхаж байна. Хэрэв дэлхийн хүн ам 60 хувиар багаслаа гэвэл энэ нь Хойд болон Өмнөд Америк, Африк, Европ, Хятад, Далайн орнуудад хэн ч үлдээгүйтэй адил гэсэн үг. Ийм л зүйл амьтдад тохиолдсон байна. Түүнчлэн амьтдын тоо толгойн бууралт нь хүн төрөлхтний ирээдүйд томоохон аюул учруулах юм" хэмээн WWF-ийн байгаль хамгааллын албыг хариуцсан гүйцэтгэх захирал Майк Барретт өгүүлжээ.
Ихэнх эрдэмтэд манай гариг дээр "Зургаа дахь их мөхөл" аль хэдийн нүүрлэж эхэлсэн бөгөөд энэ нь Хомо Сапиенсийн шууд нөлөө бүхий анхны мөхөл мөн гэсэн байр суурьтай байна. Энэхүү мөхөөлтийн үе одоо дууслаа ч зэрлэг байгаль дахин сэргэхэд 5-7 сая жилийн хугацаа шаардагдах аж.
"WWF" нь зэрлэг амьдралын нөхцөл байдлыг дүгнэхийн тулд хөхтөн, шувуу, загас, мөлхөгч, хоёр нутагтнуудаас багтаасан 4000 орчим төрөл зүйлийн 16.704 тоо толгойн мэдээлэл дээр судалгаа хийсэн "Амьд гариг" жагсаалтыг эрхлэн гаргажээ. Тус жагсаалтаас харахад 1970-аас 2014 оны хооронд тэдгээр тоо толгойн хэмжээ нь 60 хувиар хорогдсон байдалтай байжээ. Үүнээс дөрвөн жилийн өмнө хорогдлын хэмжээ 52 хувь байсан юм.
Экосистем, ан амьтад нь хүн төрөлхтөнд амин чухал бөгөөд дэлхийн дулааралтай нэгэн адил анхаарал хандуулах ёстой хүчин зүйл юм. Ан амьтдын хорогдлын хамгийн том шалтгаан нь тэдний амьдрах орчны сүйтгэл, тэр тусмаа хөдөө аж ахуйн бүс нутгийн өргөжилт аж. Өдгөө дэлхийн нийт газар нутгийн дөрөвний гуравт хүний үйл ажиллагаа байнга явагдаж байна. Амьтдыг хоол хүнсэнд ашиглах явдал бол дараачийн том шалтгаан бөгөөд хөхтөн амьтны нийт 300 төрөл зүйл хүнсэнд ихээр хэрэглэгдсэний улмаас устжээ.