Данид их сургууль дөнгөж төгссөн хүний цалин сарын 35 мянган дани крон буюу 5300 ам.доллараас эхэлдэг. Гэхдээ орлогын татвар нь 42-55 хувь байдаг учраас 21-25 мянган дани крон үлдэнэ. Түүнээс нийгмийн даатгалын татвар гэж дахин 3-4 мянгыг суутгаснаар 18 мянга буюу 2700 мянган ам.доллар гар дээр ирдэг аж.
Гэхдээ Данийн тэтгэврийн сан нь иргэн тус бүрийн татварын дансыг нээж өгдөг бөгөөд хүсвэл тэрхүү дансан дахь мөнгөө бүгдийг нь авах боломжтой. Хэрвээ татварын дансаа хоослохоор шийдсэн бол та хуримтлалаасаа дахин татвар төлөх хэрэг гарна. Дани улсад мөн 40 жил ажиллаж байж тэтгэвэрт гарах болзол хангана.
Копенгаген хотод ганц өрөө эсвэл нийтийн байрны түрээс сарын 5000 дани крон (770 ам.доллар байдаг) бол 1 өрөө байрных 8000 крон (1200 ам.доллар) хүрдэг. Үүнээс гадна түрээсийн барьцаа нь 200-500 мянган крон (30-77 мянган ам.доллар) байдаг гэнэ.
Үүнд засвар, гурван сарын түрээсийн мөнгө багтсан бөгөөд хэрэв та нүүхээсээ гурван сарын өмнө түрээслүүлэгчдээ энэ тухай мэдэгдэхгүй бол барьцааны мөнгөө яагаад ч буцааж авч чадахгүй. Дээрээс нь түрээслэгч гарч явсны дараа заавал тухайн байранд завсар хийдэг бөгөөд мэдээж хэрэг та бүх зардлыг нь даах ёстой.
Энэ мэтээр Данийн бүх зүйл зардал өндөртэй ч үүнийгээ дагаад улс нь хүн бүрийн нийгмийн хэрэгцээг жинхэнэ утгаар нь хангаж чаддаг юм.
Сургууль, цэцэрлэг бүрт эцэг эх нь хэр их мөнгө төлж байгаагаас үл хамааран хүүхэд тус бүр тэнцүү боловсрол авахаас гадна өглөөний цай, үдийн цай зэрэг нь яг ижил байна. Зөвхөн сургууль дээр биш, гэрийн орчинд ч хүүхдүүд ижил байдлаар өсөж торнидог аж.
Дани улс сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн хамгийн том дундаж давхаргатай орон (хүн амын 80 хувь) болж чадсан байна. Ийм учраас бусдаас ялгарч, өөрөөрөө сайрхах нь Даничуудын хувьд бүдүүлэгт тооцогддог болж, хүн бүр бусадтай ижил түвшинд байхыг хичээдэг болсон аж.
Дундаж Дани гэр бүлийн нийтлэг шинж гэвэл хүний тоогоор унадаг дугуйтай, IKEA-аас хамгийн хэрэгтэй гэсэн тавилга, аяга тавгаа авч гэрээ тохижуулдаг, H&M-ээс хямд үнээр яг өмсөх хувцсаа л бөөндөж авдаг айлыг хэлнэ. Харин байр нь түрээсийнх юм уу 20-30 жилийн моргейжийн зээлтэй байдаг.
Тэгвэл хүн амын 7 хувьд ч хүрэхгүй чинээлэг иргэд нь мөн л бусдаасаа ялгарахгүй байхыг хичээдэг. Жишээлбэл, хааны гүнж, томоохон шилтгээн эсвэл эдлэнгийн өв залгамжлагч нар хүртэл энгийн хүрэм өмсөж, хуучин дугуйгаар ажил гэр хоёрынхоо хооронд баяртай нь аргагүй явдаг. Данийн угсаа залгамжлах гүнж Мэри хүртэл хүүхдүүдээ ачааны дугуйгаар цэцэрлэгт хүргэж өгдөг.
Дани улсад хүссэн зүйлээ хийж амьдрах боломж нээлттэй байдаг. Хэрвээ та зураг зурах дуртай бол ямар ч асуудалгүй урлагийн сургуульд сурч төгсөөд, мэргэжлээрээ боломжийн мөнгө олоод амьдрах боломжтой.
Ерөнхийдөө Дани маягийн социализмын үр дүнд хуульч, түлээчин, бизнесмэн байна уу хамаагүй, хүн бүр яг ижил хэмжээнд амьдрах нөхцөл бүрджээ.
Хүн бүрийн цалин нь өндөр учраас татварын хувь нь их байсан ч төрөөс бүхий л хэрэгцээг нь хангадаг тул амьдралд нь элбэг хүрдэг. Хэрвээ та Дани хүнээс цалинг нь асуувал цэвэр гар дээр авдагаа биш татвар суутгахаас өмнөх бүтэн хэмжээгээр нь хэлнэ.
Энэ бүгдээс харвал тус улс энгийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ажлын байрыг найдвартай, тогтвортой болгосноор хүн бүр сайхан амьдарч чаддаг нь илэрхий болно. Даничууд бүгд яг ижил хэмжээний хөдөлмөр эрхэлж, ижил хэмжээний мөнгө олж, ижил хэмжээний татвар төлнө.
Хэрвээ та энгийн хэмжээнээс илүү мөнгө олох гэвэл татварын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ нийгмээс ирэх дарамт ихэснэ. Тиймээс Дани улсад баяжих нь буурай хөгжилтэй орнуудаас ч илүү хэцүү юм.
Хүн бүр дугуй унадаг нь машин тэнд үнэтэй байдгаас шалтгаалдаг гэвэл үгүй. Дани иргэний цалин ямар ч машин авахад хүрэхээс гадна үнэндээ Герман зэрэг хөрш орнуудад нь автомашинд Даниас ч илүү өндөр татвар ноогдуулдаг.
Харин улсаас үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдгийн дээр дугуйн зам, үнэгүй бялдаржуулах клуб, хөлбөмбөгийн талбай хаа сайгүй байдаг учраас иргэд нь жижиг сажиг өвчнөөр өвдөж, бусдад дараа болохгүйг бодон дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжихийг илүүд үздэг. Тиймээс Даничууд болж өгвөл дугуй унахыг хичээдэг аж.
Ерөнхийдөө Даничууд байгалийн жамаар амьдрах дуртай хүмүүс учраас юу ч болсон яарч балмагдалгүй, тайван байхыг илүүд үзнэ. Үүний дээр загвар хөөнө гэсэн ойлголт байхгүй тул бүгд биед эвтэйхэн дулаан хувцас өмсдөг.
Мөн тэд хүүхдүүддээ маш хайртай учраас багачуудад зориулсан дэд бүтцийг газар бүрт бий болгодог. Жишээлбэл, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нь хүүхдүүдийг зугаалуулдаг автобустай төстэй, зургаан хүний суудалтай тэрэг байдаг.
Эцэст нь хэлэхэд Дани хэлэнд hygge хэмээх орчуулагддаггүй үг бий. Үүний утгыг нь тайлбал илүү дутуу зүйлгүй, энгийн амьдралаас авах таашаалыг үнэлж сурах чадварыг илэрхийлдэг байна.
Ингээд та бүхэнд зөвхөн Дани оронд харж болох дүр зургуудаас хүргэж байна.
1
Гудамжин дахь үнэгүй дугуй засварын хэсэг
2
"Лего" тоглоомын эх орон гэдэг нь хаана ч явсан мэдэгдэнэ
3
Данийн жижиг хот дахь жирийн гудамж
4
Явган зорчигчийн гэрлэн дохион дээр бяцхан викинг гарч иржээ
5
Dokk1 Cultural Center-ийн бүрэн автомат номын сан
6
Ихэнх шат нь хажуугаараа дугуй түрж гаргах зориулалт бүхий замтай байдаг
7
Тариан талбай руу орох хаалга
8
Автобусны жолооч түр амарч буйг ингэж илэрхийлдэг
9
Автобус доторх зул сарын чимэглэл
10
Дугуйн замын дэргэд "Болгоомжтой бай. Бахнууд үүгээр зам гардаг" гэсэн тэмдэг байрлуулжээ.
11
Нэгэн аяллын отогт хүмүүсийн гээсэн оймснуудыг дэлгэн тавьжээ
12
Данийн "цагаан шөнө". Шөнийн 12 цагийн үед авсан зураг