Энэхүү үйл явдал 2020 оны 8-р сарын 5-нд, Өмнөд Хамгён мужийн Сокху галт тэрэгний зогсоол дээр болжээ. Хойд Солонгосын түүхэн дурсгалт, тахилгат Пэгдү ууланд зэвсэгт хүчний сургалтын хөтөлбөрийн дагуу аялал хийх цэргүүдийг суулгаж явсан галт тэрэг цахилгаан тасарсны улмаас тус зогсоолд саатсан байна. Ийнхүү цэргүүд галт тэрэгнээс түр гарч, салхилах үеэр тэрхүү гурван цэрэг Өмнөд Солонгосын BTS хамтлагийн “Blood Sweat & Tear” дууны бүжгийг дуурайн хийсэн нь удирдлагуудын хараанд өртжээ.
Тодруулбал тухайн галт тэргэнд цэргүүдтэй хамт явсан улс төрийн орлогч, Зэвсэгт хүчний аюулгүй байдлын албаны хэсгийн төлөөлөгч нар гурван цэргийн бүжгийг хараад галт тэрэгний буудлын хууль сахиулагчдыг дуудаж, тэр даруй баривчлуулжээ. Тэднийг эхэлж анги руу нь буцаалгүйгээр шууд Зэвсэгт хүчний аюулгүй байдлын алба дээр хүргэсэн байна.
Цэргүүд "Өмнөд Чусоны (БНСУ) соёлын доройтлын илэрхийлэл болсон бүжгийг дуурайн хийж, хувьсгалын ариун дурсгалт газар Пэгдү уулыг үл хүндэтгэж, хөрөнгөтний гаж суртлыг дэмжсэн үзэл санаа гаргасан" гэсэн үндэслэлээр саатуулагдсан болохыг төрийн хэвлэлд мэдээлжээ.
Гурван цэргийн хувьд сахилга бат, цэргийн эрдмийн тал дээр үлгэр жишээ албан хаагчид байсныг дурдах хэрэгтэй. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны наймдугаар сараас энэ он хүртэл үргэлжилсэн шүүх хурлын шийдвэрээр тэдний хүлээсэн албан үүрэг, иргэний эрхийг түдгэлзүүлж, Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Кэчоны улс төрийн гэмт хэрэгтний хорих лагерьт ял эдлүүлэхээр болжээ.
Шийтгэл амссан цэргүүд тус бүжгийг ангидаа байхдаа сурсан бөгөөд Өмнөд Солонгосын хамтлагийн бүжиг гэдгийг мэдээгүй болохоо мэдүүлэгтээ дурджээ. Мөн албаны хүмүүс тэдний хийсэн бүжгийг Өмнөд Солонгосынх гэдгийг шууд таниад зогсохгүй ямар хамтлагийн ямар нэртэй дуу болохыг нь хүртэл мэдэж байсанд тэрхүү гурван цэрэг гайхширч байгаагаа шүүх хурлын үеэр илэрхийлсэн байна.
Үнэндээ Хойд Солонгосын Зэвсэгт хүчний аюулгүй байдлын албаны ажилтнууд долоо хоногийн гурван цагийг гадаадын бичлэг үзэж, "орчин үеийн трэнд"-ийг судлахад зарцуулах ёстой байдаг аж.
Хойд Солонгосын залуус ч гэсэн "орчин үеийн трэнд"-ийг дагаж, Кпоп бүжгүүдийг даган хийх нь түгээмэл байдгийн зэрэгцээ өмнө нь цэргүүд анги дээрээ тиймэрхүү үйлдэл гаргасан ч дарга нар нь төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан тухай гурван цэрэг гомдоллосон боловч харамсалтай нь төсөөлж байснаасаа харьцангуй хүнд шийтгэл амссан нь энэ аж.