Нобелийн шагналт Малала охин сэтгэлт залуутайгаа даруухан хурим хийжээ

10 гаруй жилийн өмнө Малала Юсафзай хэмээх охин төрөлх Пакистандаа охидын боловсрол эзэмших эрхийн төлөө тэмцсэнээс болж Талибанчууд түүний толгойн тус газарт нь буудаж байсан юм. Гэтэл тэрээр гайхалтай азаар амьд үлдээд зогсохгүй дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болсон байдаг. Тэгвэл өдгөө 24 нас хүрч яваа Малала саяхан Англид хуримаа хийжээ. 

Нобелийн шагналт Малала охин сэтгэлт залуутайгаа даруухан хурим хийжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзай болон Пакистаны крикетийн зөвлөлийн ерөнхий менежер Ассер Малик нар өнгөрсөн мягмар гарагт хуримаа хийжээ.

Хос хоёр никка гэх Исламын шашны уламжлалын дагуу даруухан гэрлэх ёслол үйлдсэн бөгөөд хуримын зургуудаа сошиал сүлжээгээр хуваалцжээ.

“Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр тохиолоо. Ассер бид хоёр насан туршдаа хамт байхаа ийн баталгаажуулав. Бид Бирмингем дэх гэртээ хоёр талын гэр бүлийнхэнтэйгээ хамт жижиг никка ёслол үйлдсэн юм. Та бүхнийг нөхөр бид хоёрын төлөө залбираарай гэж хүсье. Үлдсэн амьдралаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх болсондоо баяртай байна." хэмээн тэрээр бичжээ.

Малалагийн гэр бүлийг 2012 онд Пакистаны Сват хөндийгөөс нүүлгэн шилжүүлсэн бөгөөд охиндоо эмчилгээ хийлгэхээр эцэг эх нь Бирмингемд  нүүж ирсэн байна. Малала нутагт нь тогтсон хэт хуучинсаг засаглал охидын боловсролд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа тухай блог хөтөлснийх нь төлөө Талибанчууд түүнийг онилжээ.

Малала гэхдээ тэрхүү явдлаас эмээлгүй үйл хэргээ үргэлжлүүлж, 2013 онд аав Зиауддин Юсуфзайтай хамтран Малала санг байгуулсан бөгөөд үүнийхээ ачаар олон нийтэд танигдаж, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө илүү тууштай тэмцэх болсон байна. Тус сан нь охидын үнэ төлбөргүй, аюулгүй, чанартай боловсрол эзэмших эрхийг хамгаалахын төлөө ажилладаг юм.

Малала 2014 онд 17 настайдаа "Хүүхэд, залуучуудын  эсрэг дарангуйлалтай тэмцэж, бүх хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан" үндэслэлээр Нобелийн энх тайвны шагналыг Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатяртитай хамт хүртсэн юм.

Малала энэ зуур өөрийн хувийн боловсролдоо анхаарч Их Британийн Оксфордын их сургуульд суралцан төгсчээ. Тэрээр өөрийн шүтээн болох Пакистаны анхны эмэгтэй Ерөнхий сайд Беназир Бхуттогийн нэгэн адил гүн ухаан, улс төр, эдийн засгийн чиглэлээр 2020 онд бакалаврын зэрэг хамгаалсан гэнэ. 

Түүний нөхөр Малик нь Пакистаны нэр хүндтэй Айтчисоны коллежд суралцаж төгсчээ. Тэрээр мөн 2012 онд Лахорын Удирдлагын Шинжлэх Ухааны Их Сургуулийг эдийн засаг, улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн аж. 

Энэ оны 6-р сард Британийн "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Малала эцэг эх нь түүнийг бэрд гаргах бодолтой байгаагаа илэрхийлээд зогсохгүй аав нь хэд хэдэн гэр бүлээс санал авснаа дуулгасан тухай дурссан байна. 

Тэрээр мөн өөрийгөө хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Малалагийн төрөлх нутаг Пакистанд 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 86 хувь нь нөхөрт гарсан гэх тооцоо бий. Тиймээс тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд дээрх мэдэгдэл нь шуугиан тарьсан бөгөөд иргэд, улстөрчид ялгаагүй түүнийг нийгэмд гэр бүлийн эзлэх үүргийг үнэгүйдүүлж байна хэмээн шүүмжилсэн юм. 

"Хүмүүс яагаад гэрлэх ёстойг би одоо болтол ойлгохгүй байна. Хэрэв та амьдралаа хамт өнгөрөөх хүнтэй болвол түүнтэй заавал гэрээ байгуулах шаардлага байхгүй шүү дээ. Яагаад зүгээр л харилцаа үүсгээд явж болохгүй гэж?" хэмээн Малала мэдэгдэж байсан аж.

Гэхдээ Малала ийнхүү нөхөрт гарсан явдалд асар олон хүн баяр хүргэж байгаа бөгөөд тэдэн дунд жүжигчин Риз Уизерспун, байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг, Мелинда Франц Гейтс, Челси Клинтон зэрэг алдартнууд сайн сайхныг ерөөсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()