Хойд хөршийн алс дорнын хязгаар дахь нүүдэлчин чукча үндэстнүүдийн нутаг болсон Чукоткын тойргийн Певек нь арктикийн тойрог доторх Хойд мөсөн далайн боомт хот юм. Тэгвэл саяхан тус хотын эрэг дээр дэлхийн өөр хаана ч байхгүй бүтээн байгуулалт бий болжээ.
Тус станц нь хөлөг онгоцны бүтцийн дагуу хийгдсэн, хөдөлгөөнтэй учраас шаардлагатай гэж үзвэл хойд туйл болон ОХУ-ын зүүн хязгаарын нутгууд дахь цахилгаан дулааны дутагдалтай газруудыг хангаж чадах юм байна. Тиймээс дэлхийн бусад орнууд энэхүү төслийг сонирхож эхэлжээ.
"Академич Ломоносов" станц нь 70 МВт-ын эрчим хүч, цагт 50 Гкал дулаан үйлдвэрлэх чадалтай аж. Уг станц нь технологийн хувьд хоцрогдсон "Билибинская" АЦС (48 МВт хүчин чадалтай) болон одоо байгаа 110 кВ-ын "Певек-Билипино" агаарын шугам, мөн нүүрсээр ажилладаг "Чаунская" ДЦС-ыг орлож, Чукоткийн автономит тойргийг бүхэлд нь эрчим хүчээр хангах юм байна.
FNPP төслийг Оросын төрийн өмчит "Росатом" компани боловсруулсан аж. Зарим шинжээчид энэхүү төслийн ачаар нүүрс, хий зэрэг хүлэмжийн хийн эх үүсвэр болсон ашигт малтмалын хэрэглээг багасгаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж болно хэмээн үзсэн учраас АНУ, Хятад, Франц зэрэг орнууд ийм төрлийн реактор барихаар төлөвлөж эхэлжээ.
Гэсэн хэдий ч зарим мэргэжилтнүүд цөмийн эрчим хүчийг ашиглан ус халаах нь тодорхой эрсдлийг дагуулна хэмээн анхааруулж байна. Норвегийн байгаль орчныг хамгаалах Bellona группын судлаач Андрей Золотков "Цөмийн технологи ямар ч үед аюул дагуулдаг гэдгийг бүгд ойлгох ёстой." гэж мэдэгдсэн байна.
"New York Times" сонины мэдээлснээр Певек хотын оршин суугчид халуун ус тасрахгүй болсон учраас энэхүү бүтээн байгуулалтанд сэтгэл хангалуун байгаа гэжээ. Хотын орлогч дарга Максим Журбины хэлж байгаагаар хотын оршин суугчдын хэн нь ч гомдол гаргаагүй гэнэ.
"Академич Ломоносов" нь цөмийн реакторын болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн аюулгүй байдлын арга хэмжээг боловсруулсан байна. Тус хөлөг онгоцны эд ангиуд нь маш бат бөх бөгөөд дээр нь жижиг онгоц унасан ч эвдрэл гарахгүй гэнэ. Мөн ус халаах болон хөргөх шугамууд нь өөр өөр даралттай учраас хотод цацраг туяа нэвтрэхгүй ажээ.