Өөдрөг үзэлтэй хүн урт удаан, аз жаргалтай амьдардаг гэж ихэнх хүн боддог билээ. Харин "Стокдейлийн гажуудал" гэх онол нь үүнийг үгүйсгэдэг юм. Энэхүү онолыг бодит амьдрал дээр, үнэхээр хүнд нөхцөлд баталж чадсан эрийн нэрээр нэрлэжээ.
АНУ-ын усан цэргийн нэрт адмирал Жеймс Бонд Стокдейл (James Bond Stockdale) нь Вьетнамын дайны үеэр олзлогдож америкчуудын Ханой Хилтон гэж нэрлэсэн хорих ангид 8 жилийг өнгөрөөжээ.
Түүнийг ганцаарчилж хорьсон төдийгүй дор хаяж 20 удаа эрүүдэн шүүсэн бөгөөд Стокдейл суллагдах, бүр амьд үлдэх эсэхээ ч мэдэхгүй байв. Гэхдээ тэрээр бууж өгөөгүйн дээр бусад хоригдлуудад хүртэл эрүүдэн шүүлтийг тэсэх урам зориг өгч байжээ.
Стокдейл хоригдож байхдаа бусдадаа мэдээлэл дамжуулах сүлжээ хүртэл байгуулсан гэдгээс нь ямар сүйхээтэй хүн бэ гэдэг нь харагдана.
Суллагдсаныхаа дараа тэрээр АНУ-ын ерөнхийлөгчөөс "Эр зоригийн одон" хүртсэн аж.
Өмнө нь хэлсэнчлэн Стокдейл хоригдох хугацаандаа зүгээр суусангүй, чадах чинээгээрээ эсэргүүцэл үзүүлж байв. Жишээ нь Вьетнамчууд түүний зургийг авч, "хоригдлуудад хүнлэг хандаж байгаа" гэх утгатай ухуулах хуудас хийх гэхэд нь тэрээр нүүрээ сахлын хутгаар танигдахгүй болтол нь зүссэн байдаг.
Түүнээс тийм хүнд нөхцөлийг хэрхэн давсныг асуухад нь Стокдейл "хэзээ ч найдвараа алдаагүй, гэхдээ ямар нэг зүйл хүлээж зүгээр суугаагүй" гэж хариулжээ.
Стокдейлийн хоригдож байсан газар хэдэн өөдрөг үзэлтэн байжээ. Тэд зул сар эсвэл улаан өндөгний баяр гэхэд суллагдана хэмээн найдвар тээсэн бөгөөд тэрхүү заасан хугацаа нь ирэх үед мэдээж эрх чөлөөгөө олж чадаагүй байна. Үүнээс болоод сэтгэлээр унасан цэргүүд удалгүй амиа алдацгаажээ.
Дэлхийн 2-р дайны үед хорих лагерьт хоригдож байсан Австрийн сэтгэл зүйч Виктор Франкл ижил үзэгдлийн талаар бичиж үлдээсэн байдаг.
Түүнтэй хамт хоригдож байсан нэг эр 1945 оны 3-р сарын 30-нд дайн дуусна гэж зүүдэлсэн тухайгаа ярьжээ. Тэгтэл 3-р сарын 29-нд тэдний байрлаж байсан лагерь чөлөөлөгдөхгүй нь тодорхой болох үед хөөрхий эрийн халуун огцом нэмэгдэж, нас барсан байна.
Тэгвэл Стокдейлийн гажуудлын дагуу найдвар тээсэн цэргүүд хэрхэн амьд үлдсэн юм бол?
Стокдейл дан ганц найдаагүй, харин нөхцөл байдал хичнээн муу байгааг жинхэнэ эрүүл ухаанаар дүгнэж чадсанд бүх зүйл оршино. Энэхүү "Аливаа юмсыг яг байгаагаар нь хүлээж авах" гэсэн үзлийг энгийн амьдралд ч гэсэн нэвтрүүлэх боломжтой.
Хэцүү явдал тохиолдох үед хоосон найдвар тээх нь эргээд хор болдог. Жижиг сажиг зүйлс дээр өөдрөг байх нь амжилтанд хүргэж болох ч урт хугацаанд үргэлжилдэг том зүйлс дээр хий хоосон өөдрөг байсан хүн хожим нь хатуу үнэнийг ойлгодог бөгөөд түүнийг хүлээж авах чадваргүй болсон байдаг. Өөрийгөө худал зүйлд итгүүлэх нь хэзээ ч ялалтад хүргэхгүй.
Хэрвээ та одоогийн нөхцөл байдлаас гарч чадахгүй байгаа бол бодит байдлыг хүлээж авч чадаагүй байна гэсэн үг.
Тэгвэл Стокдейлийн гажуудлыг хэрхэн ашиглах вэ?
1. Асуудлынхаа жинхэнэ шалтгааныг ол. Хуурмаг зүйлсийг хая. Үнэн гэдэг тийм ч таатай зүйл биш.
2. Асуудлаа хэрхэн бодитоор шийдвэрлэх талаар бодож үзээрэй. Тэрхүү аргууд тань хэцүү, боломжгүй мэт санагдаж байсан ч эргэлзэж болохгүй.
3. Өөртөө болон хүч чадалдаа итгэ. Та бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэх нь хамгийн чухал.
4. Нарийн төлөвлөгөө гарга. Ингэхдээ алхам алхмаар нь тооцоолбол тийм ч хэцүү санагдахгүй.
5. Нэг алхмаас дараагийнх руу нь тууштай шилжих хэрэгтэй. Их зүтгэл гаргасан бол өөрийгөө урамшуулж занш.
Хамгийн гол нь хэт өөдрөг үзэл таныг өөрөө өөрийгөө хуурахад хүргэнэ гэдгийг санаарай. Нөхцөл байдал хичнээн хүнд байсан бодитоор нь хүлээж авах хэрэгтэй.