Зэрлэг байгальд улам олшрох болсон эрлийз баавгай "Пиззли"-гийн тухай...

2021-11-07, 17:00
29,254

Баавгайнуудын хувьд хайр дурлалд наснаас гадна өнгө зүс хамаагүй аж. Үүний хамгийн тод жишээ нь хүрэн баавгай, цагаан баавгайны дундаас төрсөн "пиззли" хэмээх араатан юм. Та энэ нэрийг анх удаа сонсож байж болох ч ойрын ирээдүйд пиззли баавгай умард нутгийн түгээмэл оршин суугч болох магадлал тун өндөр гэнэ.

Зэрлэг байгальд улам олшрох болсон эрлийз баавгай "Пиззли"-гийн тухай...

Хэрэв пиззли баавгай ярьж сурвал хамгийн түрүүнд хэлэх үг нь "Надад арай аятайхан нэр өгч болоогүй юм уу?" гэх байсан биз. Үнэндээ цагаан баавгай буюу "polar bear" хэмээх үгийг Хойд Америкийн хүрэн баавгайг нэрлэдэг "grizzly" гэсэн үгтэй нийлүүлэн товчилж, шинэ баавгайг нэрлэе гэсэн эрдэмтдийн санааг буруутгах аргагүй.

Гэхдээ "гролар" эсвэл "туйлын гриззли" гэх мэт пиззлиг бодвол арай сүртэй сонсогдох нэрнүүд түүнд бас бий.

Хүрэн баавгай, цагаан баавгай болон пиззлигийн толгойны хэлбэрийн ялгаа

Хүрэн баавгай, цагаан баавгай хоёр генетикийн хувьд нэлээн төстэй байдаг нь пиззли баавгай бий болсон гол шалтгаан. Хувьслын стандартаар үзвэл дөнгөж саяхан буюу 400 мянга орчим жилийн өмнө дээрх хоёр салж, тусдаа төрлүүд болжээ. Иймд энэ хоёрын дундаас үр төл авах нь хэцүү хэдий ч боломжтой байдаг.

Пиззли баавгайн үс нялхдаа цагаан өнгөтэй байх ч нас явах тусам бор шаргал, хөхөвтөр туяатай болдог

Пиззли нь гадаад төрхийн хувьд эцэг эхийнхээ шинж чанаруудыг тэнцүү хуваан авч төрдөг жинхэнэ "хайбрид" амьтан аж. Хэмжээгээрээ цагаан баавгайнаас арай бага, хүрэн баавгайнаас арай том бөгөөд толгойн хэлбэр нь мөн л дээрх хоёрын яг холимог гэлтэй. Түүнчлэн цагаан баавгай шиг урт хүзүүтэй ч хүрэн баавгай шиг өргөн мөртэй байдаг. 

Харин зан байдлын хувьд цагаан баавгайг илүү дуурайсан болох нь ажиглагджээ. Жишээлбэл тэдний алхаа, хэвтэх байрлал, дэвсэх, алгадах хөдөлгөөн, олзоо барьж буй байдал нь хойд туйлын удамтайгаа яг адилхан гэнэ. 

Хүрэн баавгайн хөлийн тавхай нүцгэн, цагаан баавгайнх үстэй байдаг бол пиззлигийнх хагас нь үсээр хучигдсан байдаг

Эхэндээ пиззли баавгай зөвхөн амьтны хүрээлэнд байдаг байв. 19-р зуунд, Штуттгартын амьтны хүрээлэнд анхны эрлийз бамбаруушийг төрүүлсэн гэж тооцдог. Гэтэл өдгөө судлаачид зэрлэг байгалиас пиззли баавгайг олох болжээ. Хэдий хүнд харагдах нь маш ховор боловч ерөнхийдөө оршин байгаа гэдэг нь нэгэн том аюулын дохио болж байгаа аж. Тэр нь мэдээж дэлхийн дулаарал юм.

Заримдаа нүүрний хэлбэрийг нь харж байж л пиззлиг цагаан баавгайнаас ялгах боломжтой

Байгальд цагаан баавгай болон хүрэн баавгайн эзэмшил нутаг давхцаж болох ч тэд хамт амьдарна гэж үгүй. Нэг нь ихэвчлэн мөсөн хавтангууд дээр аж төрөх бол нөгөө нь шигүү ойг эрхэмлэнэ. Гэвч уур амьсгалын өөрчлөлт илт мэдрэгдэх тусам пиззли баавгай ч улам элбэг үзэгдэх болов.

Мөсөн бүрхүүл хайлж эхэлснээр цагаан баавгайнууд нутгаасаа хэдэн зуун км холдож, эх газрын "найзууд" дээрээ зочлох нь нэмэгджээ. Эсрэгээр хүрэн баавгайнууд ой мод сийрэгжихийн нөлөөгөөр хойд зүг рүү дайжиж байгаа гэнэ. Ингэснээр өмнө нь нэгнээсээ зайлсхийдэг байсан хоёр төрөл ойр ойрхон тааралдах болж, тэр ч байтугай үр төлөө үлдээсэн нь энэ аж.

Уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг авч үзвэл цагаан баавгай 2100 он гэхэд мөхнө хэмээн эрдэмтэд тооцоолжээ

Эрлийз баавгай ийнхүү гарч ирсэн нь манай гаригийн өмнө тулгараад буй хамгийн том асуудлын тодхон жишээ юм. Гэхдээ эерэг талаас нь харвал пиззли нь цагаан баавгайд мөхлөөс өмнө өөрийн генийн мэдээллээ авч үлдэх боломжийг олгож байгаа аж. Цагаан баавгайнаас ялгаатай нь пиззли дулаан цаг агаарт илүү тэсвэртэйн дээр махнаас эхлээд ургамлын үндэс хүртэл бүхий л зүйлийг идэж чаддаг учраас тэр аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()