2018 онд Жижи, Зейн нар анх салсан байдаг. Гэхдээ үүнээс 6 сарын хугацаа өнгөрсний дараа тэр хоёр үнэхээр тусдаа амьдарч чадахгүйгээ ойлгож, үе үе уулзаж явсаар 2020 онд албан ёсоор дахин нийлсэн юм. Хадид энэ удаад хөл хүнд болж, 2020 оны 9-р сард хосууд Кай охиноо өлгийдөн авчээ.
Ээж болсон супер модел бүсгүй маань бүх цаг заваа гэр бүлдээ зарцуулах болов. Хэдийгээр хосууд гэрлэлтээ батлуулаагүй ч гэсэн нэг гэрт амьдарч, жинхэнэ гэр бүл болжээ.
Үүнийг Жижигийн хэдхэн өдрийн өмнө инстаграмдаа оруулсан зургуудаас харж болно.
Тэгтэл "гай газар доороос" гэгчээр Жижигийн ээж Иоланда хүргэн нь түүнд гар хүрсэн хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэх нь тэр. Түүний баталснаар долоо хоногийн өмнө охиноо эргэхээр гэрт нь очтол ийм зүйл болсон гэжээ.
Харин Зейний хэлснээр хадам ээжтэйгээ ам муруйсан нь үнэн ч биед нь огт хүрээгүй гэсэн байна.
Мэдээж хэрэг энэ явдлын тухай бүх хэвлэлүүд ам уралдан мэдээлж эхлэв.
Хүргэн хадам хоёр яг юунаас болж маргалдсан нь одоогоор тодорхойгүй байна. Харин Жижигийн хувьд ээж болон найз залуу хоёрынх нь харилцаа маш сайн байгаа хэмээн өмнө нь хэд хэдэн ярилцлага дээр дурдаж байв.
Тэрээр "Harper's Bazaar" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Ямар ч асуудал дээр Зейн үргэлж ээжийн талд ордог. Тийм болохоор тэр маш сайн хүргэн болж чадах залуу" гэж ярьсан байдаг.
" Охиныхоо ирээдүйг бодож би нарийн ширийн зүйлс ярихгүй. Гэхдээ намайг Иоланда Хадидад гар хүрсэн гэх яриаг би бүрэн үгүйсгэж байна. Харин Иоланда хий хоосон гүтгэлгээ зогсоож гэр бүлийн асуудлаа хувийн журмаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээн Зейн Малик дээрх явдлын талаар тайлбар өгсөн юм.
Зейн, Жижи нар одоогоор тусдаа амьдарч байгааг тэдний гэр бүлийн ойр дотны хүмүүс баталсныг "People" сэтгүүлд мэдээлжээ.
Фэнүүд нь хос хоёрыг удалгүй учраа олж, дахин нийлэхийг хүсч буй нь дамжиггүй. Мөн Зейний хувьд тийм үйлдэл гаргах хүн биш бөгөөд өмнөх явдлуудаас нь харвал Иоланда Хадид л гол буруутан байх магадлалтай гэж олон хүн үзжээ.