"Улс доторх улс" - Парис хотын цагаачдын хорооллууд дахь амьдрал

Дайн дажин, ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жил бүр хэдэн сая иргэд эх орноосоо дүрвэж, илүү өндөр хөгжилтэй орнуудыг зорих болсон билээ. Харамсалтай нь тэрхүү орнууд дүрвэгсдийн асуудлыг тийм ч сайн зохицуулж чадахгүй байгаа учраас эх орноо орхисон иргэд суугуул нутагтаа шингэн төвхнөхийн оронд өөрсдийн гэсэн хороолол, хуаран зэргийг байгуулж амьдрах болов. Энэ үүднээс та бүхэнд дэлхийд дүрвэгсдийн тоогоор тэргүүлдэг Парисын цагаачдын хорооллын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Улс доторх улс" - Парис хотын цагаачдын хорооллууд дахь амьдрал

Хуучин цагт Парис хотоор аялаад ирсэн хүн Эйффелийн цамхаг, Элизейн өргөн чөлөө гэх мэт түүхэн дурсгалт газруудыг хамгийн түрүүнд дурсдаг байв. Харин сүүлийн жилүүдэд тэнд зочилсон жуулчдад гивлүүртэй эмэгтэйчүүд, зам дээр хивс дэлгээд мөргөл үйлдэж буй муслим шашинтнууд, Мекка болон Медина руу мөргөл хийх аяллын зар сурталчилгаа, муслим шашинтнуудад зориулсан халал зоогийн газрууд зэрэг нь илүү сэтгэгдэл төрүүлэх болжээ.

Дээрээс нь аяллын отог гэлтэй майхнаар дүүрэн дүрвэгсдийн хуаран гэгээн цагаан өдөр  гудамжинд тааралдах нь хэнд ч гэсэн эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.  "Barbes - Rochechouart" метроны буудлаас гарахад, эсвэл Сан-Денигийн гудамжаар алхах үед танд Парис биш Тунис, Мароккогийн аль нэг хотод байгаа мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрнө. 

Парисын түүхт Барбес хорооллын оршин суугчдын 70 гаруй хувь нь өдгөө муслим шашинтнууд болжээ. Хотын нутаг дэвсгэр дээр 1000 гаруй муслим сүм хийдүүд байдаг ч энэ нь хангалттай тоо биш аж. Тэрхүү сүмүүдийн заримыг нь орхигдсон барилгуудыг засч янзлах замаар хувиргасан байдаг.

Тус улсын цагаачлалын түвшин ямар түвшинд хүрснийг Парис дахь жуулчдын гол зорьдог газруудын нэг "Ариун зүрх" сүмийн ойролцоох байр байдлаас харж болно. Бөөнөөрөө цугласан муслим залуус инээлдэн тамхи татацгааж, үндэснийхээ хөгжмийг чанга тавин сонсох бөгөөд ойртон ирсэн жуулчдыг бүсэлж аваад, хүчээр шахуу гарт нь өнгө өнгийн утас зүүж  өгнө. Аз авчирдаг гэх энэхүү "үйлчилгээ"-нийхээ хариуд тэд танаас 10, 20 евро нэхэх болно.

Аль ч том хотуудад цагаачдын хороолол байсаар ирсэн нь нууц биш. Улаанбаатарт гэхэд хуучин зүүн, баруун дамнуурчны гудамж хятад иргэдийн амьдардаг гол бүс байв. Харин одоо гадаадын иргэд дэлхийн хотуудад тусдаа дүүрэг, хороолол байгуулалгүй ёстой л "дундаа орж" амьдрах болсон ч Парис хотод байдал өөр аж.

Анх 17-р зуунаас Францад гадаадын иргэд суурьшиж эхэлсэн бөгөөд 19-р зуунд цагаачлал оргилдоо хүрсэн юм. Эхлээд Бельги, Италичууд Францыг зорьж ирдэг байсан аж. Дараа нь Польш, Португаличууд, тэгээд 20-р зууны эхэн үед Францын хуучин колони байсан Хойд Африкийн орнуудын иргэдийн давалгаа тус орныг нөмрөх болов. Гэхдээ тухайн үедээ африкчууд богино хугацаанд их мөнгө олоод нутаг буцдаг байсан гэдэг.

Харин дэлхийн 2-р дайны дараа хямд ажиллах хүчний эрэлт эрс нэмэгдсэн учраас Франц улс өөрөө цагаачдыг урьж, тэдэнд зориулж хороолол хүртэл барьж өгчээ. 1960-аас 70-аад оны үе HLM хотхон (habitation à loyer modéré - орчуулбал "хямд түрээсийн орон сууц") гэх цагаачдын орон сууцнууд бий болов. 

Аж үйлдвэрийн бүсэд голчлон баригдсан тус орон сууцнууд нь  барилгын чанарын хувьд бусад хорооллуудтай харьцуулахад тийм ч сайн биш. Дашрамд дурдахад тэдгээрт зөвхөн цагаачид төдийгүй орлого багатай Франц иргэд хэдэн жилээр ч хамаагүй дугаарлан байж ордог байна.  

1974 онд гарсан Европын эдийн засгийн хямралын дараа цагаачдын тоо улам нэмэгджээ. Өмнө нь Франц руу гарсан хүмүүсийг эхнэр нөхөр, хамаатан садан нь бараадан ирсэн нь тэр байв.

Тэрхүү цагаачдын ихэнх нь томоохон хотод огт амьдарч үзээгүй тосгоны хүмүүс байсан гэдэг.

Цагаачдын гэр бүл Францын дундаж иргэдээс хамаагүй олон хүүхэд төрүүлдэг. Гол нь тэдгээр хүүхдүүд Алжир, Мароккод огт очиж байгаагүй ч өөрсдийгөө франц хүн гэж үздэггүй тул Францын нийгэмд ууссан байдал нь эцэг эхээсээ ч дор аж. 

Ихэнх цагаачид зөвхөн нэг гарлын хүмүүстэйгээ харьцдаг учраас франц хэл хүртэл сурдаггүй байна. Цагаачдын хорооллууд нь эргэн тойрны ертөнцөөс тусгаарлагдмал, бараг улс доторх улс шиг болсон аж.

Араб, Африк гаралтай иргэдийг ажилд авдаг байгууллагууд тийм ч их биш болохоор энэ нь ч аргагүй биз. Статистик мэдээллээр Хойд Африк гаралтай хүн ажлын ярилцлагад орох магадлал ижил хэмжээний боловсролтой франц хүнийхээс тав дахин бага байдаг гэжээ. 

Гэхдээ Африк залуус ажил мэргэжлээ дээшлүүлэх тал дээр санаа зовдоггүй. Учир нь тэдний хувьд нийгмийн халамж, идэх хоол, зугаацах зүйлс хангалттай байдаг учраас өөр зүйл хүсдэггүй байна. Хэрэв тэд хурдан хугацаанд мөнгөтэй болохыг хүсвэл хууль бус арга хэрэглээд олдог. Франц дахь хоригдлуудын гуравны хоёр нь цагаачид байдаг нь үүний илрэл.

Цагаачдын хорооллоос гадна майхнаас бүрдсэн дүрвэгсдийн хуаран Парист олон бий. Яг жинхэнэ дүрвэгсэд энэ дунд цөөхөн бөгөөд ихэнх нь сайхан амьдралыг мөрөөдөн ирсэн цагаачид юм. Зарим нь цаашаа Их Британи руу явахаар төлөвлөж байгаа учраас Францын иргэншил авах тухай бодохыг ч хүсдэггүй.

Мэдээж ийм газруудын амьдрах нөхцөл маш хүнд, азтай нэг нь л хуучин матрасс олдог бол зарим нь картон хайрцаг дэвсэж унтана. Цагдаа нар ийм хуарангуудыг байнга тараадаг ч тэрхүү цагаачид өөр газар дахиад л майхангаа хатгаад суучихдаг.

Ийм хуарангийн ойролцоо амьдардаг хүмүүс тэднээс эмээдэг ч зарим нэг сайхан сэтгэлтэй нь халуун хоол, хөнжил гудас хандивладаг байна. Мөн сайн дурын байгууллагууд нийтээр нь хооллох ажлыг байнга хийнэ. 

Парисын эрх баригчид энэ асуудал дээр дэндүү удаан хугацаанд нүдэн балай, чихэн дүлий явсны уршгаар нөхцөл байдал хэдийн хяналтаас нь гарчээ. Ямартаа ч хотын зүгээс асуудлыг шийдэхийн тулд цагаачдыг ажил, боловсролоор хангахын зэрэгцээ шинэ орон сууц барих эсвэл хуучныг нь засаж сэлбэх арга хэмжээ авч байгаа аж. 

Сүүлийн үед тэрхүү цагаачдын хорооллуудад үнэтэй орон сууц барих замаар илүү өндөр орлоготой иргэдийн татангаа дүрвэгсдийн тоог бууруулах арга хэрэглэж эхэлжээ. 

Гэтэл анх цагаачдад зориулсан барилгуудад Парисын тэтгэврийн насны иргэд түлхүү амьдрах болсон байна. Үүний нэг бол 1950-1980 аад онд баригдсан Noisy-le-Grand орон сууцны хороолол юм. 

Цагаачдыг тухайн оронд уусгах хоёр арга бий гэж үздэг. Эхнийх нь цагаач хүн өөрийн чадвар, шаргуу хөдөлмөрийн ачаар уугуул иргэдтэй адил амжилтанд хүрч, тэдний нэг болох юм. Үүний жишээгээр АНУ-г дурдаж болно.

Хоёр дахь нь хичнээн хичээсэн ч гадны хүн хэвээр үлдэх явдал юм. Японд 100 гаруй жилийн турш үе удмаараа амьдарч байгаа солонгос иргэд олон бий. Гэхдээ тэд Япончуудад уусалгүй, өөрсдийн хэл соёлоо бүрэн хадгалж үлдсэн байна. Япон, Солонгосчуудын соёлын ялгаа Францын католик шашинтнууд болон мусульман Алжирчуудаас хамаагүй бага хэдий ч нэгэнт уусахгүй хэмээн шийдсэн бол ямар ч аргагүй аж.

Ерөнхийдөө Францын цагаачид бусад европын орнуудад суудаг цагаачдаас өөр үзэл бодолтой байдаг юм. Жишээ нь ЗХУ-ын хуучин бүрэлдэхүүнд байсан 35 гаруй орны иргэд өдгөө Орос улсад амьдрахдаа өөрсдийгөө нутгийн иргэдтэй ижил түүхтэй хэмээн үздэг.

Харин Араб болон Африкийн иргэд хуучин колони байхдаа францчуудад хэрхэн дарлуулж байснаа тодоос тод дурсдаг аж. Тиймээс тэд үр шимийг нь хүртэж байгаа ч гэсэн Францын соёл, үүх түүхийг хүндэлдэггүй. Франц улс саяхан олон нийтийн газар гивлүүр зүүхийг хориглосон тогтоол гаргасны дараа цагаачид эсэргүүцлээ илэрхийлж, охидоо сургуулиас нь гаргаж байсан нь үүний жишээ юм. 

20-р зууны цагаачлалын түүхийг судалж үзвэл колоничлолын эриний дараах улс орнууд өгөөмөр сэтгэл болон хайхрамжгүй байдлыг хэрхэн хослуулж ирснийг харж болно. Чухамдаа энэ сэдвээр чадварлаг найруулагчид болох Ларс фон Триер (Dancer in the Dark), Мартин Скорсезе (Gangs of New York), Жорж Данелиа (Passport) нар гайхалтай бүтээлүүд туурвисан байдаг.

Францын цагаачдын тухай ярьж байгаа бол 1995 оны "Үзэн ядалт" (La Haine) хэмээх хар цагаан өнгөтэй, гэмт хэргийн драм киног дурдахгүй өнгөрч болохгүй. Тус бүтээл нь ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэл, цагдаагийн хууль бус үйлдэл, ялгаварлан гадуурхалт, ангийн зөрчилдөөн нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг маш чадварлагаар харуулсан кино юм.

Гол дүр Винс (Винсент Кассель) бол ядуусын хороололд амьдардаг еврей залуу юм. Нэгэн үймээний үеэр түүний найз Абдель хүнд шархаддаг бөгөөд Винс гудамжнаас олсон буугаараа түүний өшөөг авахаар шийднэ. Ингээд тэрээр хамтрагчид болох африк Хуберт, араб Саид нарын хамт Парисын жинхэнэ төрх, үзэн ядалтыг мэдэрч буйгаар үйл явдал өрнөнө.

Тус кино Каннын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн бөгөөд IMDb-ийн бүх цаг үеийн шилдэг 250 киноны жагсаалтад багтжээ. "La Haine"-ийн хөндсөн олон асуудал нь 25 жилийн дараа ч амь бөхтэй оршсоор байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()