Биедээ төмөр суулгацтай хүнийг чандарлахад юу болдог вэ?

Энэ дэлхий дээр таны төсөөлснөөс ч олон хүн биедээ ямар нэгэн байдлаар суулгац, шураг, хадаас хийлгэсэн байдаг. Ихэвчлэн титан болон бусад металын хайлшаар хийдэг тэрхүү суулгацуудыг хугарсан ясыг бэхлэх, үе мөчийг орлуулах зэрэгт хэрэглэнэ. Тэгвэл тэдгээр хүмүүсийг нас барсны дараа чандарлахад тэрхүү төмөр суулгацуудыг яадаг бол?

Биедээ төмөр суулгацтай хүнийг чандарлахад юу болдог вэ?

Нас барагсдыг чандарлах газарт иймэрхүү дүр зургууд элбэг харагддаг. Жишээлбэл доорх зураг дээр нэгэн эмэгтэйн биед байсан титан хиймэл хөлийг харуулжээ. 

Нэг өдрийн ээлжийн дараа төмөр суулгац, шураг, хадаас зэргээс бүрдсэн ийм их метал үлдэгдэл цуглардаг бөгөөд тэдгээрийг төрлөөр нь ангилж, хайрцагт хийдэг. Харин авсны нугас ба жижиг бэхэлгээнүүдийг ялгаж шатаадаг байна.

Мэдээж хэрэг энэ мэтийн үнэтэй металуудыг шууд хаях нь жинхэнэ гарз болно. Тиймээс тэдгээр суулгацуудыг дахин хайлуулах чиглэлээр мэргэшсэн Нидерландын "OrthoMetals" компани руу илгээнэ.

8 жилийн өмнө тус компани 250 чандарлах газартай хамтран ажилладаг байсан бол өдгөө Европ даяар 1250 чандарлах газар OrthoMetals-д металл нийлүүлэх болжээ.

Хайлш дахь тантал, молибден, кобальт, титан зэрэг металууд нь хамгийн эрэлттэй аж. Харин төмөр хамгийн бага үнэ хүрдэг гэнэ.

Металын төрлөөр нь ангилж хайлуулаад, ихэнхийг нь дахин хэвэнд цутгаж, эмнэлгийн ижил зориулалттай хэрэгсэл хийдэг. Мөн сансрын хөлгийн сэлбэг хэрэгсэл , зэр зэвсэг үйлдвэрлэдэг компаниудад титан, танталыг нийлүүлнэ. Харин кобальтыг нисэх онгоц, автомашины үйлдвэрт ашиглах бол энгийн төмрийг замын тэмдэг эсвэл шон хийхэд ашигладаг аж.

Тантал нь маш ховор учраас өндөр үнэ хүрдэг. Дэлхий дээр олборлож буй нийт танталын 5 орчим хувийг эмнэлгийн тоног төхөөрөмж, суулгац үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн компаниуд авдаг байна. Тиймээс хайлуулсан танталыг дахин хиймэл эд эрхтэн хийхэд ашиглах магадлал бусад металаас өндөр юм. 

Чандарлахын өмнө тухайн талийгаачаас "үлдэх" металыг авах эсэхийг нь төрөл төрөгсдөөс нь асуудаг. Гэхдээ тэдгээрийг бараг хэн ч авдаггүй тул дахин боловсруулалтад явуулдаг аж.

Дашрамд хэлэхэд хүний чандараас зөвхөн суулгац метал гэлтгүй зарим хачирхалтай зүйлс олддог ажээ. Тухайлбал, 2013 онд нэгэн чандраас 400 грамм төмрийн хэлтэрхий гаргаж авсан байдаг. Францад амьдардаг байсан тэрхүү эр залуу насандаа газрын минийн дэлбэрэлтэд өртөөд, амьд үлдэж чадсан байна.

Түүний биеэс минын хэлтэрхийнүүдийг салгаж авч чадаагүй учраас үлдсэн амьдралаа биеэрээ дүүрэн төмөртэй өнгөрүүлсэн нь тэр аж. Энэ мэтээр сум, зүү гэх мэт зүйлс чандарласны дараа гарч ирдэг гэнэ.

Харин алт, мөнгө, цагаан алт гэх мэт (хиймэл шүд) үнэт металыг талийгаачийн гэр бүлийн гишүүдэд хүлээлгэн өгдөг юм. 

Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, ЕХ-ны орнууд, Их Британид чандарласны дараа үлдсэн суулгацуудыг дээрхтэй адил дахин ашигладаг. Сонирхуулахад ЕХ-ны орнуудад чандарлах арга нь нийт оршуулгын 50 гаруй хувийг эзэлдэг бол Японд бараг бүх талийгаачийг чандарладаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()