Кино урлагийн түүхэн дэх хамгийн оновчгүй дүрийн сонголтууд

2021-10-26, 21:45
20,711

Жүжигчин бүр л алдартай түүхэн дүр бүтээхийг хүсдэг байх. Гэхдээ зарим тохиолдолд кино компаниуд яагаад ч юм тухайн дүрд дэндүү тохиромжгүй хүнийг тоглуулахаар сонгодог бөгөөд үүнээс болоод үзэгчдэд "энэ арай биш ээ" гэх сэтгэгдэл төрдөг байна. Өнөөдөр та бүхэнд түүний жишээ болсон дүрийн сонголтуудаас хүргэхээс бэлтгэлээ. 

Кино урлагийн түүхэн дэх хамгийн оновчгүй дүрийн сонголтууд

1 Ж.Эдгар Хуверын дүрд Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

Леонардо Ди Каприо дэлхийн шилдэг жүжигчдийн нэг учраас Холбооны мөрдөх товчооны үүсгэн байгуулагч Ж.Эдгар Хуверын дүрд 2011 онд тоглуулахаар сонгогдсон байх. 

Харамсалтай нь Леонардо нүүр хувиргалт хийсэн ч гэсэн жинхэнэ Хуверээс огт өөр харагдаж байсан бөгөөд зарим талаараа жүжиглэлт нь огт таараагүй хэмээн кино шүүмжлэгчид үзсэн юм. 

Ж.Эдгар Хуверын дүрд Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)

2 Диана гүнжийн дүрд Наоми Уоттс (Naomi Watts)

"Diana: A Love Story" хэмээх кинонд Наоми Уоттс Диана гүнжийн дүрийг бүтээсэн нь багагүй шүүмжлэлд өртсөн юм. Үнэндээ Наоми өөрөө дүрдээ сэтгэл хангалуун бус байснаас болж сайн байж чадаагүй гэнэ. 

Диана гүнжийн дүрд Наоми Уоттс (Naomi Watts)

3 Амон Гётийн дүрд Ральф Файнс (Ralph Fiennes)

"Шиндлерийн бүртгэл" киноны харгис нацист Амон Гётийн дүрийг Ральф Файнс тун чадварлаг бүтээсэн гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Гэхдээ бодит амьдрал дээр илүүдэл жинтэй, эгэл жирийн төрхтэй байсан хүний дүрийг тухайн үеийнхээ хамгийн халуухан жүжигчдийн нэг бүтээсэн нь зарим хүмүүст хачин санагддаг гэнэ. Гэхдээ Ральфийн жүжиглэлт жинхэнэ Амон Гёттой бусад бүх талаараа адилхан байсан гэдгийг хорих лагераас амьд гарч чадсан хүмүүс хүлээн зөвшөөрсөн аж. 

Амон Гётийн дүрд Ральф Файнс (Ralph Fiennes)

4 Нина Симоны дүрд Зоэ Салдана (Zoe Saldana)

Жүжигчин Зоэ Салдана 2016 онд "Nina" кинонд алдарт дуучин Нина Симоны дүрд тоглохоор сонгогдсон юм. Тухайн үед олон хүн энэхүү шийдвэрт дургүйцэж байв. Жүжигчин бүсгүйг дүрд нь оруулахын тулд арьсыг нь илүү бараан болгоод зогсохгүй хиймэл үс, хиймэл шүд, хиймэл хамар хийсэн тул олон хүн Симонтой адилхан жүжигчин олохын оронд царайлаг жүжигчнийг албаар царай муутай болгох шаардлага байна уу хэмээсэн байдаг.

Бүр Нина Симоны охин “Ээж минь амьд байхдаа хэтэрхий том хамартай, бараан арьстай гэх мэтийн доромжлолд өртдөг байсан. Тиймээс Зоэ Салданаг сонгосон явдал нь яав ч зөв шийдвэр биш" гэж ярьсан аж. 

Нина Симоны дүрд Зоэ Салдана (Zoe Saldana)

5 Чингис хааны дүрд Жон Уэйн (John Wayne)

1956 онд гарсан "Conqueror" киноны Чингис хааны дүрд Жон Уэйнийг тоглуулсан нь бүх цаг үеийн хамгийн оновчгүй жүжигчний сонголтуудын нэгт тооцогддог.

Уг кино нь өөрөө маш их алдагдал хүлээсний дээр кино урлагийн түүхэн дэх хамгийн муу бүтээлүүдийн нэг гэж нэрлэгдэх болсон байна. Үүний нэг шалтгаан нь гол дүрийн жүжигчин, тухайн үеийн жинхэнэ америк эрчүүдийн төлөөлөл гэгддэг байсан Уэйн Монгол хүний дүрд тоглосон явдал байв. Ер нь түүний жүжиглэлт нь өөрөө "модон" гэж нэрлэхэд ч багадахаар муу байсан аж. 

Чингис хааны дүрд Жон Уэйн (John Wayne)

6 Одри Хепберны дүрд Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt)

Одри Хепберн бол Холливудын түүхэн дэх хамгийн алдартай, хүндлэл хүлээсэн жүжигчдийн нэг билээ. Үзэгчид түүний жүжиглэлтээс гадна биеэ авч яваа байдал, сэтгэл татам чанарт хамгийн их татагддаг байв. Тиймээс түүний дүрийг бүрэн дүр гаргаж чадах хэмжээний жүжигчин гарын таван хуруунд багтахаар цөөн бий. Харамсалтай нь 2000 оны "The Audrey Hepburn Story" киноны Хепберны дүрд тоглосон Женнифер Лав Хьюитт үнэхээр "жулдсан" байдаг. 

Одри Хепберны дүрд Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt)

7 Элизабет Тейлорын дүрд Линдси Лохан (Lindsay Lohan)

Одри Хепбернээс ч дутахааргүй нэр хүндтэй өөр нэгэн жүжигчин Элизабет Тейлорын амьдралаас сэдэвлэсэн 2012 оны "Liz & Dick" кино шүүмжлэгчдийн зүгээс маш муу үнэлгээ авсан бүтээл болжээ. Тус кинон дээр Линдси Лохан мөн өөртөө ахадсан дүрд тоглосон нь бас л олигтой үр дүнд хүрээгүй байна. 

Элизабет Тейлорын дүрд Линдси Лохан (Lindsay Lohan)

8 Македонийн Александрын дүрд Колин Фаррелл (Colin Farrell)

2004 оны "Alexander" кино дахь жүжигчдийн чадвараас бусад бүх зүйл нь магтаал хүртсэн юм. Гол дүрийн жүжигчин Колин Фаррелл хэдий хичээсэн ч үзэгчид хиймэл үс зүүсэн ирланд эрийг яагаад ч Грекийн агуу жанжин болгон харж чадаагүй билээ.

Македонийн Александрын дүрд Колин Фаррелл (Colin Farrell)

9 Майкл Жексоны дүрд Жозеф Файнс (Joseph Fiennes)

Хэдий түүхэн сэдэвт кино биш ч "Urban Myths" хэмээх цуврал дээр Жозеф Файнс дуучин Майкл Жексоны дүрд хувирч гардаг байна. Харамсалтай нь түүний дүрдээ орсон байдал нь дэндүү "ой гутам" байсан учраас тус ангийн трэйлэр цацагдах төдийд олон зуун хүмүүс, тэр дундаа Жексоны гэр бүл хүртэл телевизэд нь гомдол мэдүүлсэн байна. Тиймээс Майкл Жексонтой анги нь хэзээ ч цацагдаагүй юм. 

Майкл Жексоны дүрд Жозеф Файнс (Joseph Fiennes)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()