Америк цэргээ оруулахаас өмнө Афганистанд Талибаны эрх мэдлийг эсэргүүцэж чадахаар нэг ч хүчин байгаагүй юм. Тиймээс Талибууд тус улсад жинхэнэ хэмжээгүй эрхт засаг тогтоогоод байв.
Харин АНУ-ын хамгийн сүүлийн үеийн хүчирхэг зэвсэгээр хангагдсан цэргүүд шашны улайрлаас өөр үнэт зүйлгүй хэт даврагсдыг ядах юмгүй засгийн эрхээс авч хаясан байдаг.
Үүний дараа АНУ-ын эрх баригчид 20 жилийн турш афганчуудыг барууны хэв маяг бүхий ардчилсан засаглалд "дасгах" гэж оролдсон билээ. Үүний ачаар нутгийн эмэгтэйчүүд анх удаа хүссэн үедээ гивлүүрээ авах, эрэгтэй хамаатан эсвэл нөхрөө дагалгүйгээр ганцаараа гудамжаар явах, боловсрол эзэмших эрхтэй болсон юм.
Гэвч өдгөө өнөөх Талибууд буцаж засгийн эрхэнд гараад байна. Энэ нь олон хүнд таалагдаагүйг Кабулын нисэх онгоцны буудал дээр дүрвэх гэсэн хүмүүс овоорч байгаа бичлэгээс харж болно. Эх орондоо үлдэхгүйн тулд тэрхүү иргэд онгоцны дугуйнаас хүртэл зүүгдэж байв. Тэгвэл тэгтлээ үзэн яддаг талибуудын эсрэг афганчууд яагаад бүрэн нэгдэж чаддаггүй юм бол?
Гол учир нь талибууд эгнээндээ дэндүү олон хүнийг элсүүлж чадсанд оршино. Афганы иргэний дайны нэрт зүтгэлтэн Гулбеддин Хекматияраар удирдуулсан Афганистаны Исламын нам татан буугдсанаас хойш Талибан нь тус улсын хамгийн хүчирхэг цэргийн бүлэглэл болсон юм.
Тус бүлэглэл нь хамгийн багадаа 70-100 мянган цэрэгтэй гэсэн тооцоо бий. Европын ихэнх орны зэвсэгт хүчин нь үүнээс цөөн тооны цэрэгтэй байдаг.
Афганистанд хамгийн сүүлийн албан ёсны хүн амын тооллогыг хаант засаглалтай байх үед буюу 1973 онд явуулсан гэдэг. Харин АНУ-ын тагнуулын мэдээнд дурдсанаар Паштун үндэстэн тус улсын хүн амын 40-50 хувийг, Тажикууд 25 хувь, Хазарууд 10 орчим хувь, Узбек, Туркмен, Кызылбаш зэрэг бусад үндэстэн нийлээд 25 гаруй хувийг бүрдүүлдэг ажээ.
Талибанчууд нь хүн амын олонх буюу Паштун үндэстний цорын ганц улс төрийн байгууллага хэмээн тооцогддог. Тиймээс энэ хөдөлгөөний эсрэг Афганистаны бусад үндэстэн буюу Хазар, Тажик, Узбекууд нэгдэж зэвсэгт хүчин байгууллаа ч тоо хэмжээгээрээ гүйцэхгүй. Тэгээд ч бусад үндэстнүүд нь өөр хоорондоо түнжин муутай байдаг.
Мөн хөрш Пакистан улсад 40 сая гаруй Паштунууд амьдардгийг бас орхигдуулж болохгүй. Тэд Афганистан дахь гарал нэгтнүүдээ үргэлж дэмжиж ирсэн юм. ЗХУ-Афганы дайны үед л гэхэд паштун дайчдыг Пакистаны нутаг дэвсгэр дээр бэлдэж байсан гэдэг. Тэр бүү хэл тус дайны эхэн үед паштун гаралтай Пакистанчууд тэргүүн эгнээнд давшиж байсан юм.
Тиймээс шаардлага гарах юм бол хил залгаа Пакистанаас том дэмжлэг үзүүлэх нь тодорхой.
Ер нь Талибанчууд хүмүүсийн боддог шиг "уулын зэрлэгүүд" огтоос биш юм. Тэд бүрэн төвлөрсөн, улс төр, цэргийн удирдагчтай, өндөр сахилга бат бүхий хүчирхэг цэргийн байгууллага юм. Талибан нь өөрсдийн гэсэн тусгай хүчнийг байгуулах хэмжээний санхүүгийн болон захиргааны чадавхитай гэдгээс бүх зүйл харагдана. Тэрхүү "Сера Хэт"-ийн (Улаан Отряд)-ийн цэргүүдийг дэлхийн шилдэг тусгай хүчний жишигт нийцүүлэн зэвсэглэсэн бөгөөд тэд америкчууд болон ISIS-тай эн тэнцүү тулалдах хэмжээнийн туршлагатай юм.
Тиймээс Талибаны эсрэг бусад афганчууд нэгдээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Ийм учир энэхүү хөдөлгөөний удирдагчид 20 жилийн өмнөх шиг бүх өрсөлдөгчөө аажмаар шахаж, Афганистанд дахин хэмжээгүй эрх эдлэх нь тодорхой болоод байна.