1
Трофим Лысенко
Трофим Лысенко нь агрономич, биологич эрдэмтэн байсан бөгөөд Иозиф Сталинтай ойртсоны хүчинд Зөвлөлтийн генетикийн институтийн захирал болоод зогсохгүй тус улсын хөдөө аж ахуйн бодлогыг тодорхойлох хэмжээний асар их эрх мэдлийг өөртөө авчээ.
Тэрээр Ламаркизм гэх амьд махбодын олдмол шинж чанарын тухай үзэл баримтлалыг шүтдэг байсан юм. Энэхүү онол нь "ген"-ийн тухай ойлголтыг няцааж, байгалийн шалгарлын тухай Дарвины хувьслын онолыг хүртэл үгүйсгэдэг аж.
Гэвч Трофим Лысенко Ламаркизмыг цорын ганц үнэн хэмээн үзэж түүн тулгуурлан өөрийнхөө онолыг боловсруулан түүнийгээ Лысенкоизм хэмээн нэрлэсэн байна. Лысенкоизм дагуу аливаа амьд биет удамшил эсвэл байгалийн шалгарлын дагуу хөгждөггүй, харин “байгалийн хамтын ажиллагаа"-гаар өмнөхөөсөө илүү "чанар"-тай болдог гэсэн үзэл дэлгэрэх болов.
Жишээлбэл энэ онолын дагуу хөх тариаг сайн нөхцөлд ургуулах юм бол улаан буудай болгон хувиргаж болох бөгөөд хогийн ургамал ч сайн орчинд сайн бордоо ашиглан үрслүүлвэл аяндаа хүнсэнд хэрэглэж болохоор хэмжээнд сайжрах юм.
Мэдээж тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд ийм утга учиргүй зүйлийг няцааж байсан боловч Трофим өөрийн нэр нөлөөгөө ашиглан өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг зайлуулсан юм. Эцэст нь 1933 онд Лысенкоизм Зөвлөлтийн хөдөө аж ахуйн гол онол болоод зогсохгүй энэ онолыг дэмжигчид ЗХУ-д генетик болоод хувьслын чиглэлээр ямар нэг судалгаа хийхийг хоригох болов. Чухамдаа энэ үзлээс болоод олон сая иргэн өлсгөлөнд нэрвэгдээд зогсохгүй ЗХУ-ын түүхэн дэх хамгийн томоохон шинжлэх ухааны нээлт гарсан 1930-60-аад оны хооронд нэг ч генетикийн судалгаа хийгдээгүй байна.
2
Роберт Максуэлл (Robert Maxwell)
Роберт Максуэлл нь Их Британид хэвлэл мэдээллийн салбарт өөрийн нэр нөлөөгөө тогтоосон томоохон бизнес эрхлэгч байв. Харамсалтай нь тэрээр амьд байх хугацаандаа олон тооны хэрэгт буруутгагдаж байсан юм. Тэр дундаас Робертын хийсэн хамгийн том "нүгэл" нь судалгааны нийтлэлүүдийг үнэтэй болгосон явдал аж.
Тэрээр томоохон шинжлэх ухааны судалгааны нийтлэлүүд олонд үнэ төлбөргүй тараагдаж байгааг анзаарсан бөгөөд ийм эрэлттэй зүйлийг "их хөдөлмөр шингэсэн учраас мөнгө төлж авах зүйтэй" хэмээн нийтлэл тус бүрийг үзэхийн тулд сар юму у жилээр нь төлбөр авах санаачлагыг гаргасан байна. Үүний уршгаар олон тооны эрдэм шинжилгээний байгууллага, сургуулиуд тэрхүү үнэтэй судалгааны материалыг авч чадахгүйд хүрч, дэлхий даяар боловсролын түвшин буурсан юм.
3
Томас Миджли (Thomas Midgley)
Америкийн химич, механик инженер Томас Миджли шатахуунд тетраэтил хар тугалга нэмэх санааг сэдсэн юм. Энэхүү бодис нь дотоод шаталтат хөдөлгүүр дэх цохилтын хэмжээг багасгадаг учраас олон нийт анхандаа эерэгээр хүлээж авч байжээ.
Харамсалтай нь агаарт ууршсан хойноо тетраэтил хар тугалга нь жинхэнэ хор болж хувирдаг аж. Гэтэл Томас Миджли өөрөө энэ тухай мэдэж байсныг дурдах хэрэгтэй. Анхны туршилтын явцад хэд хэдэн ажилтны бие нь муудаад зогсохгүй амиа алдаж байжээ. Тэр бүү хэл Томас өөрөө хордсон ч үүнийгээ олон нийтээс нуусан байна.
4
Эндрю Уэкфилд (Andrew Wakefield)
Эндрю Уэкфилд нь эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд 1998 онд улаан бурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг вакцин аутизм үүсгэдэг хэмээн анх мэдэгдсэн юм. Үүний улмаас өнөөг хүртэл олон сая хүн вакцин тариулахаас татгалзах болсон бөгөөд өдгөө дээрх өвчнүүд, тэр дундаа улаан бурхны тархалт эрс нэмэгдээд байна.
Мэдээж Их Британийн анагаах ухааны зөвлөл Эндрю Уэкфилдийн судалгаа хуурамч төдийгүй түүнийг өвчтөнүүдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг дарамталдаг байсныг тогтоосон аж. Үүний улмаас түүний эмчлэх эрхийг хураагаад зогсохгүй ирээдүйд анагаах ухааны салбарт ажиллахыг нь хоригложээ.
Харамсалтай нь анагаах ухааны хамгийн нэр хүнд бүхий хэвлэлүүдийн нэг "The Lancet"-д хэвлэгдсэн Эндрюгийн нийтлэлд үнэмшсэн хүн олон хэвээр байна.
Чухамдаа Эндрю Вэкфилдийн "ачаар" олон сая хүмүүс коронавирусийн эсрэг вакцинийг хүртэл тариулахаас цааргалж байгаа юм.
5
Марк Сайкс (Mark Sykes)
Марк Сайкс бол Их Британийн зохиолч, улс төрч, дипломатч, Ойрхи Дорнодын мэргэжилтэн байв. Тэрээр 1916 оны Сайкс-Пикогийн гэрээгээр түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг.
Тус гэрээ нь Дэлхийн 1-р дайны дараа ялагдсан Османы эзэнт гүрний өмнөд нутаг буюу Ойрхи Дорнодыг холбоотны хүчнүүд болох Британи, Франц, Орос, Италийн талуудад хэрхэн хувааж өгөх гэсэн хэлцэл байжээ.
Харамсалтай нь ингэж хуваахдаа Сайкс тухайн бүс нутгийн улс төр, шашин, соёлын хил хязгаарыг үл харгалзан ёстой л бялуу хувааж байгаа мэт шууд "зүссэн" аж. Үүний нөлөөгөөр Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үүсч бүс нутгийн тэмцэл байнга гарах болсон нь зуун жилийн дараа ч үргэлжилж байгаа юм. Мэдээж хэрэг гэрээг хийсэн нөгөө талын буюу Францын төлөөлөгч Франсуа Пико ч гэсэн үүнд буруутай. Гэхдээ "Ойрхи Дорнодын мэргэжилтэн"-ий хувьд Марк Сайкс ихэнх хариуцлагыг хүлээх хэрэгтэй байх.
6
Сирил Радклиф (Cyril Radcliffe)
1947 онд Их Британийн харъяанд байсан Энэтхэг улсын тусгаар тогтнох асуудал гарч ирсэн юм. Үүний дагуу Энэтхэгийн хэл соёлоор ялгаатай үндэстнүүдийг салгах хэрэг гарсан бөгөөд энэ үүргийг Сирил хүлээжээ. Европоос ч гарч үзээгүй түүнд мэдээж ийм том, өөр хоорондоо ялгаатай асар олон үндэстнээс бүрдсэн орны тухай ямар ч ойлголт байсангүй. Тиймээс Сирил зүгээр л газрын зураг дээр шугам татаж Пакистан болон Энэтхэг гэсэн 2 орны газар нутгийг зааглаж өгчээ.
Үүний гайгаар 30 сая иргэн орон гэргүй болж, газар нутгийн маргаанаас болж үүссэн үндэстэн хоорондын мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж байна.
7
Диего де Ланда (Diego de Landa)
Бид Маяа мэтийн эртний өндөр хөгжилтэй соёл иргэншлийн талаар маш бага зүйл мэддэг нь энэ хүний буруу юм. Диего де Ланда Мексикт анхны боловсролын тогтолцоог нэвтрүүлсэн ачтай ч өөрийн шашныг цорын ганц үнэн гэж итгэснээсээ болоод Маяачуудын бүх судар бичгийг галдан шатаажээ. Үүний гайгаар эрдэмтэд төв Америкийн соёлыг судлахын тулд далайтай харьцуулбал дуслын төдий материал дээр ажиллаж байгаа аж.
8
Эдуард Барнэйс (Edward Bernays)
Эдуард Барнэйсийг "олон нийтдээ харилцах ухааны эцэг" гэж нэрлэдэг юм. Үнэхээр ч Эдуард олон нийтийн далд ухамсарт нөлөөлж, өөрийн яриандаа итгүүлэх орчин үеийн шинжлэх ухааныг үүсгэсэн нэгэн аж. Тэрээр юу ч ярьсан хамаагүй зөв арга техник ашиглах юм бол танд хүмүүс итгэнэ гэдгийг баталсан байдаг.
Жишээлбэл 1920-оод оны үед Эдуард тамхи татаж буй бүсгүй хүн үзэсгэлэнтэй харагддаг хэмээн эмэгтэйчүүдэд итгүүлж чадсан нь одоо хүртэл амь бөхтэй оршиж байна.
Тэрээр мөн мэргэжилтэн хүн юу ч гэж хэлсэн бүгд итгэдэг гэдгийг анх нээсэн аж. Чухамдаа энэ чадварыг нь анзаарсан улс төрчид Эдуардыг үзэл суртлын зэвсэг болгосон юм.
Тухайлбал өмнөх зууны 20-30 онуудад дэлхий даяар коммунизм ид дэлгэрч байхдаа ганцхан Америкийн олон нийтийн дунд тийм ч газар аваагүй аж. Учир нь Эдуард коммунизм ямар аюултай, хичнээн хүн энэ үзэлд автаад байгааг хэт дөвийлгэн ярьсан бөгөөд үүнд үнэмшсэн олон нийт огт гэм зэмгүй хүмүүсийг коммунист хэмээн хэлмэгдүүлсэн байдаг.