1
"Березка" бүлэг бий болсон нь
Ингээд ЗХУ 1962 онд сансарт нисэх эмэгтэйн сонгон шалгаруулалтыг эхлүүлэв. Шаардлага маш өндөр байсан учраас бүртгүүлсэн 800 бүсгүйгээс ердөө 30 нь эрүүл мэндийн шалгалтад тэнцсэн байдаг. Шалгаруулалтын сүүлийн шатанд 5 бүсгүй үлдсэн бөгөөд тэдний нэг мэдээж Валентина Терешкова байв.
Валентина 1937 оны 3-р сарын 6-ны өдөр Ярославль мужийн Масленниково тосгонд төржээ. Түүний эцэг 1939 онд Улаан армид татагдаж, улмаар Өвлийн дайнд амь үрэгджээ. Тэрээр ээж, эгч Людмила болон дүү Владимирын хамт өссөн аж.
Гэр бүлдээ туслахын тулд 17 настай Валентина Ярославль хотын оёдлын үйлдвэрт ажилладаг байв. Ажлынхаа хажуугаар тэрээр хөдөлмөрчин залуусын оройн сургуульд суралцдаг байжээ.
1959 онд тэрээр Ярославль хотын агаарын спортын клубт элсэж, шүхрийн спортоор хичээллэдэг байхдаа сансар огторгуйг сонирхож эхэлжээ. Харин 1962 онд эмэгтэй хүнийг сансарт нисгэх хөтөлбөр эхлүүлсэн гэдгийг сонсоод шууд бүртгүүлэв. Гэхдээ Валентина сансарт нисэх тухайгаа гэр бүл, ойр дотнын хүмүүстээ ганц ч үг цухуйлгаагүй аж.
Ийнхүү сүүлийн шатанд сонгогдсон 5 бүсгүйг "Космические березки" буюу "Сансрын хус модод" хэмээн гэрлэжээ. Тус хөтөлбөрт хяналт тавих үүрэг хүлээсэн Юрий Гагариний хочийг "Хус" гэдэг байсан бөгөөд өөрөө энэ нэрийг санал болгосон нь удирдлагуудад нь таалагдсан аж. Ийнхүү "Хус модод" суруулилтаа эхлүүлсэн байна.
2
Терешкова сонгогдсон нь
Мэдээж хэрэг удирдлагууд тэднийг эмэгтэй гэдгийг бодолцож, сургуулилалтыг хөнгөрүүлсэнгүй, харин ч эрчүүдээс илүү ачаалалтай бэлтгэжээ. Тэд өдөр бүр шүхрээр үсэрч, олон давхар хувцасны гадуур сансрын өмсгөл өмсөөд татах хүчгүй өрөөнд удаан эргэлдэх гэх мэтээр бэлтгэл хийж байлаа. Хөтөлбөрийн удиодагч Сергей Королёв тэдэнд нэг бол гэр бүлээ эсвэл сансрыг сонго гэж тулгасан бөгөөд 5 бүсгүй бүгд сансарт нисэхийг юу юунаас илүү хүссэн учраас асар хүнд бэлтгэлүүдийг давж гарав.
Эрдэмтдийн хувьд сансрын орчин эмэгтэй хүний бие организмд хэрхэн нөлөөлж байгааг судлах нь нэн тэргүүний зорилго байсан боловч ихэнх хүмүүсийн хувьд зүгээр л эх орныхоо нэрийн өмнөөс бүсгүй хүнийг сансарт гаргах нь л чухал байв.
Ерөнхийдөө Валентина Пономарева гэх бүсгүй бүгдээс илүү байсан бол Валентина Терешкова сүүл мушгиж байжээ. Үүний дээр Пономарева пуужингийн хөдөлгүүр дээр ажиллаж байсны дээр онгоц хүртэл жолоодож чаддаг байсан гэдэг. Гэхдээ тэрээр нөхөр хүүхэдтэй учраас ийм аюултай даалгаварт явуулахад дэндүү эрсдэлтэй хэмээн удирдлагууд үзсэн байна.
Валентинагийн хувьд өөрийн зүтгэлээр хорооныхоо Комсомолын нарийн бичгийн даргаар сонгогдсон нэгэн бол Пономарева математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн бүсгүй байв.
Өөр нэг "хус мод" болох Ирина Соловьева шүхрийн спортын дэлхийн аварга байсан гэдэг. Терешкова бас шүхрээр хичээллэж байсан боловч өмнө нь ердөө 100 удаа л үсэрсэн байв.
Гэхдээ бусад 4 бүсгүй нь бүгд сэхээтний хүүхэд, дээд боловсролтой байхад Терешкова ганц бие, ээж нь үйлдвэрт ажилладаг, эцэг нь Улаан армийн цэрэг байгаад амь үрэгдсэн гэдгээрээ жинхэнэ ажилчин ангийн төлөөлөл болжээ. Тиймээс Хрущев өөрөө тушаал гарган түүнийг сансарт нисгэхээр шийдэв. Ийнхүү "Восток-6" сансрын хөлгийн нисгэгч нь Валентина Терешкова, харин түүний орлох нисгэгчдээр Пономарева, Соловьева нар сонгогдов.
1962 оны 6-р сарын 14-нд сансрын нисэгч Быковскийн удирдсан "Восток 5"-ийг амжилттай хөөргөсний дараа Терешкова өөрийн нислэгийн эцсийн бэлтгэл ажлыг эхлүүлэв. Хэдий түүний "Восток-6" Быковскийн ардаас нисэж, дэлхий дээр түрүүлж газардах ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болж нэг өдрөөр хоцорч хөөрчээ. Ингээд 1963 оны 6-р сарын 16-ны өглөө тэрээр хөөрсөн байна.
3
Буруугаар эргэсэн нь
Харамсалтай нь нислэг тийм ч амжилттай болсонгүй. Дэлхийн тойрог замд орсны дараа хөлөгт олон асуудал тохиолдож эхлэв. Эмч нарын тайланд дурдсанаар Валентинагийн дотор муухайрч, нойр нь хүрч, хөдөлгөөн нь удааширч байжээ. Үүний улмаас Валентина сансарт гараад хийх ёстой байсан ихэнх даалгавраа гүйцэлдүүлж чадаагүй байна. Цаг явах тусам түүний эрүүл мэндийн байдал улам дордож байсан тул газардуулах ажиллагааг яаравчлуулах хэрэгтэй болов. Ингээд зогссонгүзй, дараагийн өдөр Валентина гэнэт хариу өгөхөө больж, удирдлагын хэсэгт сандралт автжээ. Аз болоход Валентина зүгээр л унтсан байсан бөгөөд "Восток 5"-ийн нисэгч Быковскийн радио холбоогоор дамжуулж түүнийг сэрээжээ.
Үүнээс 50 жилийн дараа л "Восток 6"-ийн сансрын хөлгийн удирдлагын системд доголдол үүссэн байсан нь ил болсон юм. Түүнийг Валентина амжиж зассаны хүчинд амь гарсан аж.
"Восток 6" 1963 оны 7-р сарын 19-нд Алтайн хязгаарын уулсын дунд унасан бөгөөд аврагчид тэнд очихоос өмнө Терешкова нэлээн хэдэн дүрэм зөрчөөд амжжээ. Түүнийг нутгийн иргэд эхлээд олох үед Валентина өмсгөлөө тайлан хувцсаа сольж, тусгай шахмал хүнсээ ирсэн хүмүүст тараан өгсний зэрэгцээ тэдний өгсөн хоолыг идсэн байна. Эх сурвалжийн дурдсанаар үүнийх нь хариуд Сергей Королёв түүнийг хатуу донгодож, дахиж хэзээ ч эмэгтэй хүнийг сансарт нисгэхгүй хэмээн тангараглажээ.
Үнэхээр ч Валентина Терешковагаас хойш олон жилийн турш эмэгтэйчүүд сансарт нисээгүй. Учир нь эмэгтэй хүний бие организмын онцлог сансарт дасан зохицоход хэцүү байв.
Харин 1982 онд л Зөвлөлтийн хоёр дахь эмэгтэй сансрын нисэгч Светлана Савицкая ниссэн билээ.