1
iPhone 13
Apple компани уламжлал ёсоор жил бүрийн 9 сарын 14-нд танилцуулдаг iPhone гар утасны “13” загвар гарав. Гэвч өмнөх загваруудаасаа онц өөрчлөлт ороогүй байсан нь шүүмжлэл дагуулж, хэрэглэгчдийнхээ хүлээлтэд хүрч чадсангүй. Өмнөх iPhone 12 загвараасаа камерын байрлал арай өөр болсон, батарей сайжирсан, дэлгэц тод болсноос өөрчлөлт орсонгүй. Мэдээж жил бүр шинэ инновац гаргаж, супер шинэчлэлтүүд хийх нь хэцүү байх нь дамжиггүй. Энэ жилийн хувьд iPhone 13 загвар ярих юм тун цөөтэй байлаа.
Давуу тал:
Видео бичлэг хийхдээ cinematic mode-той болсон нь хамгийн том давуу тал. Бичлэг хийх үед утас чинь автоматаар фокусаа солих бөгөөд яг л уран сайхны кино шиг cinematic харагдана гэсэн үг юм.
Бусад хоёр утсаас ялгарах үзүүлэлт нь видео бичлэг хийхдээ Dolby Vision HDR (high dynamic range) технологиор бичлэг хийх боломжтой. HDR гэдэг нь бичлэгийг илүү тод дүрсний чанараар хийнэ. Энэ нь видео контент бүтээгчдэд илүү тохиромжтойн дээр бичлэгийг edit хийхэд илүү амар болгоно.
Дэлгэцний гэрэл өмнөх загваруудаас 20% илүү тод болсон нь халуун нартай өдөр ч дэлгэц дээрх дүрсүүд сайн харагдах давуу талтай.
Сул тал:
Iphone утсыг дагаж явдаг шүүмжлэл болох үнийн асуудал энэ удаад ч мөн салахгүй бололтой. Учир нь хамгийн хямд 128GB багтаамжтай загвар нь дунджаар 3 сая орчим төгрөгөөр Монголд худалдаалагдах төлөвтэй байна. Төлөвтэй гэсний учир нь одоогоор албан ёсоор Монголд зарагдаж эхлээгүй байгаа юм.
Finger lock буюу хурууны хээгээр түгжээ тайлах технологи iPhone-ын загваруудад байхгүй хэвээр л байна. COVID-19-ийн цаг үед заавал маскаа тайлж утасныхаа түгжээг тайлах нь мэдээж хүндрэлтэй.
2020 оноос iPhone гар утасны хайрцаг жижгэрч, цэнэглэгчний адаптер хайрцагт дагалдаж ирэхээ больсон. Та утсаа цэнэглэх адаптер авахыг хүсвэл 19$ төлөн захиалах шаардлагатай гэсэн үг. Утсаа худалдаж аваад цэнэглэгчээ бас худалдаж авна.
2
Samsung A72
Солонгосын алдарт Самсунг корпорац боломжийн үнэтэй ч бусад брендүүдтэй өрсөлдөхүйц шилдэг үзүүлэлттэй “A” загварын утаснуудыг 2014 оноос хойш гаргаж эхэлжээ. 2021 онд буюу хамгийн сүүлд гаргасан A загвар нь A72. Бусдаас хямд үнэтэй ч үзүүлэлтийн хувьд ижил төрлийн утаснуудтай ижил, зарим талаараа бүр илүү энэхүү утасны давуу болон сул талтай танилцъя.
Давуу тал:
Үнийн хувьд харьцангуй хямд буюу албан ёсоор Юнителээс оруулж ирж буй үнэ нь 1.588.000₮. Simple апп ашиглан 200 мянган төгрөгийн хөнгөлөлттэй хүүгүй, урьдчилгаагүй зээлээр авч болно гэж Юнителийн вебсайт дээр бичжээ. Энэ нь iPhone-ы шинэ загвараас даруй хоёр дахин хямд үнэ.
Батарей нь 5000mAh буюу тасралтгүй 8 цаг датагаа асаагаад тоглоом тоглоход ч унтрахгүй гэсэн үг. Энгийн горимд бүтэн цэнэгээ 117 цаг барих чадвартай. iPhone 13 нь 3240mAH бол Huawei P50 утас 4100mAh үзүүлэлттэй байна.
Samsung-ын камер хэзээд бусдаас илүү байдаг нь энэ утас дээр ч хэвээр. Камерын голлох үзүүлэлт болох мегапикселийн хувьд арын гол камер нь 64mp бол iPhone 12mp, Huawei 50mp байна. Сэлфи камер нь 32mp буюу харьцуулагдаж буй бусад утаснуудаас 2 дахин илүү чанартайгаар зураг авах боломжтой. Мөн дээр нь нэмээд wide буюу өргөн дуран, macro буюу жижиг деталь дүрс авах зориулалттай камер суурилагджээ.
Үнийн хувьд бусдаасаа бага ч 4К чанараар видео бичлэг хийх, 2 сим зэрэг ашиглах, усны хамгаалалт, fast charging буюу хурдан цэнэглэх, HDR чанараар зураг авах, 90Hz-ийн хурдтай дүрс дамжуулах зэрэг функцууд бүгд бий.
Сул тал:
203 грамм жинтэй нь бусад харьцуулагдаж буй утаснуудаас 20 гаруй граммаар хүнд.
Дэлгэцийн хүрээ нь бусад утаснуудтайгаа харьцуулахад өргөн буюу утасны их биеийн 84% нь дэлгэц. iPhone 86% бол Huawei P50 нь 88%-тай байна.
3
Huawei P50
Хятадын гар утас үйлдвэрлэгч хамгийн том бренд Huawei хэдхэн хоногийн өмнө буюу 10 сарын 4-нд P50 загварын шинэ гар утсаа танилцууллаа. 2019 оноос Google компани Huawei гар утсан дээр өөрсдийн системийг хориглосон нь хятадын компанид том цохилт болсон. Тэгвэл тэд өөрсдийн зохиосон шинэ үйлдлийн систем болох Harmony OS 2.0-оор шинэ гар утсаа тоногложээ.
Давуу тал:
Утасны их биеийн 88% нь дэлгэц буюу хамгийн нарийн хүрээтэй нь Huawei.
1224x2700 буюу хамгийн өндөр дэлгэцийн нягтралтай.
Селфи камер нь панарома зураг авах боломжтой.
Хурдан цэнэглэлт нь 66W буюу 30 минутын дотор цэнэгээ дүүргэх чадвартай.
Сул тал:
Мэдээж Google байхгүй гэдэг нь хамгийн том сул тал. Гүүглийн хайлт ч хийж болохгүй. Google-ийн аппликейшнуудыг ашиглаж болохгүй. YouTube ашиглаж болох ч sign-in хийж болохгүй. Энэ шалтгаанаас болж жилийн дотор Huawei-н гадаад борлуулалт 42% унаад байна.
5G дэмждэггүй нь сул тал байж болох ч Монголд 5G сүлжээ орж ирээгүйгээс хойш сул тал гэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу?
Монголд албан ёсоор орж ирээгүй байгаа ч хамгийн багадаа 2.5 сая төгрөгөөр худалдаалагдана.
Дүгнэлт:
iPhone утсыг ашигладаг хэрэглэгчид android-руу шилжиж, ашиглаж сурах хэцүү байдаг нь үнэн. Гэхдээ энэ жилийн хувьд заавал шинэ 13 загварыг авах шаардлага төдийлөн гарахгүй нь. Үнэтэйн дээр өмнөх загвараасаа сайжирсан, мэдэгдэхүйц өөрчлөлт алга. Харин Samsung A72 гар утас нь үнийн хувьд тун давгүйн дээр өрсөлдөхүйц маш сайн үзүүлэлттэй гар утас болжээ. Android хэрэглэгчид утсаа сайжруулж, шинэ утас авахыг хүсвэл A72 сайн сонголт. Харин P50 гар утас мөн үзүүлэлт сайн ч Google-ийн апп ашиглаж болохгүй гэдэг нь энэ утсыг сонгохгүй байх хангалттай том шалтгаан. Хэрэв та Google-ийн апп ашиглахгүй гэж бодож байгаа, эсвэл зөвхөн Хятад улсад амьдардаг бол худалдан авч болох л юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.