Амьдралынхаа сүүлийн 17 жилийн турш Coca-Cola-ийн хүргэгчээр ажилласан Жэймс Верон ажлаасаа халагдсаныхаа дараа эрүүл мэндийн даатгалгүй үлджээ. Гэтэл түүний нурууны диск гадагшилж, үе мөч нь өвдөж, хөл нь хавдаж, цээжин дээр нь хавдар ургасан учраас ямар ч аргаар хамаагүй засгийн газрын халамжинд хамрагдахаар шийдсэн гэнэ. Түүний төлөвлөснөөр хэрэв банк дээрэмдэж шоронд орвол эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авч болох нь гэж үзжээ.
Ингээд тэрээр 6-р сарын 9-ны өдөр гэрийнхээ ойролцоох банк руу ороод, теллерт нь "Энэ бол дээрэм. Надад нэг доллар өгнө үү" гэсэн бичиг үзүүлсэн байна. Үүний дараа тэрээр банк доторх хүлээлгийн сандал дээр суугаад "Би энд суугаад цагдаа ирэхийг хүлээж байя" гэж хэлсэн аж.
Мөн дээрэм хийхийнхээ өмнө Жэймс орон нутгийн сонин руу "Энэ захидлыг та нар хүлээж авах үед би хэдийн нэг доллар дээрэмдсэн байх болно. Миний ухаан санаа эрүүл байгаа ч бие хүнд байна" гэсэн зурвас илгээсэн гэжээ.
Прокурор ганцхан долларын дээрэм нь банк дээрэмдсэн гэх зүйл ангид хүрэхгүй гэж үзсэн учраас Жэймст хувь хүн дээрэмдсэн гэдэг зүйл анги тулгажээ.
Энэ бүхний эцэст тэрээр зорьсондоо хүрч, эмчийн бүрэн үзлэгт орох цаг авсан байна.
АНУ нь эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системгүй орон бөгөөд зөвхөн хуулийн этгээд, ажил олгогчийн хүрээнд хувиараа даатгалд хамрагдах боломжтой байдаг. Засгийн газраас үзүүлдэг эрүүл мэндийн халамжийн үйлчилгээг зөвхөн ахмад дайчид болон 65-аас дээш насныхан авна.
Хэрэв санхүүгийн боломж муу бол төрийн санхүүжилттэй Medicaid хөтөлбөрт хамрагдаж, үнэгүй эмнэлгийн үйлчилгээ авч болох ч шалгуур нь муж бүрээс хамаараад өөр байдаг. Сүүлийн үеийн статистикаас үзвэл тус улсын 18-64 насны иргэдийн 15 хувь нь эрүүл мэндийн даатгалд огтхон ч хамрагдаагүй байдаг ажээ.