Сисси 1837 онд Баварийн герцог Максимилиан Йозеф, гүнж Луи Вильгельмина нарын бага охин болж мэндэлсэн юм. Түүний гэр бүл Австрийн эзэн хааны гэр бүлтэй маш ойр харилцаатай байжээ. Учир нь эзэн хаан Франц Йозефийн ээж Софи нь Сиссигийн ээж Луигийн төрсөн эгч байсан юм.
Охин 12-р сарын 24 буюу зул сарын өмнөх өдөр төрсний дээр эхээс гарахдаа аль хэдийн нэг шүд ургасан байсан тул хүмүүс Сиссиг аз жаргалаар дүүрэн амьдарна хэмээн бэлэгшээсэн байдаг. Пруссийн (Герман) хатан хаан Элизабет Сиссигийн загалмайлсан эх болсон учраас түүнийг нэрийг Сиссид өгсөн юм. Бага насандаа Сисси зураг зурах дуртай болсны дээр тун дүрсгүй нэгэн болж өсчээ. Үүнээс гадна тэрээр эгч Еленатайгаа тун дотно байсан гэнэ. Харин хүүхэд асрагч нар Сиссиг эгчдээ буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн хол байлгахыг хичээдэг байв.
Сиссиг 15 настай байхад нь хоёр талын гэр бүл тохиролцон эгч Еленаг нь Франц Йозеф хаантай гэрлүүлэхээр болжээ. Тиймээс Елена хатан хаан болохдоо бэлдэн морь унах хичээл заалгаж эхлэв. Амьтанд хайртай Сисси мөн морь унаж сурахаар шийдсэн бөгөөд эгчээсээ хамаагүй түрүүнд энэ чадварыг эзэмшжээ. Елена түүнд атаархсандаа дахиж хичээл заалгахаас татгалзсан аж.
Сүйг албан ёсны болгохоор Баварийн Максимилианы гэр бүлийнхэн Бад Ишл хэмээн язгууртнуудын амардаг хотод иржээ. Энд эзэн хаан Франц Йозефийн 23 насны төрсөн өдрийн цэнгүүн болохоор төлөвлөгдсөн бөгөөд тэрээр энэ үеэр Еленад гэрлэх санал тавих ёстой байв. Гэвч тэрээр цэнгүүний дундуур Сиссиг бүжигт урьж бүгдийг алмайруулав. Ингэснээр тухайн үеийн ёс жаягийн дагуу Австрийн хатан хаанаар Елена бус Баварийн гүнж Элизабет болох нь тодорхой болсон байна. Франц энэ шийдвэрийг ээжтэйгээ зөвлөж байж гаргасан гэдгийг дурьдах нь зүйтэй.
Хэдийн 16 нас хүрээд байсан Сисси энэ үед хэн бүхнээс илүү үзэсгэлэнтэй болсон байжээ. Тиймээс Франц түүнийг харсан даруйдаа дурлаж удалгүй сэтгэлээ илчилсэн бөгөөд Сисси ч түүнийг нь хүлээн авсан юм. Гэвч хоёр талын ээжүүд болох Луи болон Софи нарт түүний сонголт таалагдсангүй.
Тэдний хэн хэн нь Сиссиг хүүхдээрээ, дураараа нэгэн гэдгийг мэдэх тул эхэндээ гэрлэлтийг нь эсэргүүцжээ. Харин Франц Сиссигээс өөр хүнтэй суухгүй гэж зүтгэсэн байна. Юу ч болж байсан ураг барилдахаар шийдсэн эгч дүү хоёр эцэст нь арга буюу зөвшөөрсөн аж. Харамсалтай нь энэ бүхнээс болж Елена, Сисси хоёр бараг тангараг тасарсан юм. Сэтгэлээр ихэд унасан эгч нь бүр сүмд очиж гэлэнмаа болно гэж байжээ. Азаар ээж нь түүнийг Ханхүү Максимилиан Антонтой танилцуулсан байна. Елена ч удалгүй түүнд дурлаж, гэрлэсэн юм.
23 настай эзэн хаан, 16 настай гүнж нарын хурим 1854 оны 4-р сарын 24-ий өдөр Хофбург хэмээх хотод болжээ. Ёслолын өмнөхөн Сисси эрэгтэй 23, эмэгтэй 229 язгууртнаас бүрдсэн ордны шадар хиа нартай танилцсан юм. Хадам эх Софи нь маш нарийн дэг жаяг бүхий Испани магийн хуримын ёслол төлөвлөсөн бөгөөд энэ нь эрх дураараа байгаад сурсан Сиссид маш хүнд санагджээ. Эндээс эхлээд Австрийн хатан Элизабет болон Франц Иозефийн ээж Софи нарын зөрчилдөөн эхэлсэн юм. Франц хоёуланд нь хайртай байсан учраас тэдний энэхүү тэмцлээс зайгаа барьсан аж.
Анхны хүүхэд нь охин төрснөөс болж Сиссигийн ордонд эзлэх байр суурь дордов. Бүгдийг өөрийнхөөр байлгах дуртай Софи охиныг нь цэвэр өөрийн мэдэлд авсан бөгөөд Сиссиг бараг түүнтэй уулзахгүй байлгахаар зохицуулжээ. Сиссигийн хувьд хүүхдүүд нь амьдралынх нь ганц баяр баясал байсан гэхэд болно. Гэвч тэрээр мөн хүүхдүүдээсээ болоод хамгийн их зовсон байдаг.
Сисси гурван охин, нэг хүү төрүүлсэн аж. Бараг эрх мэдэл байхгүй Сисси хамгийн бага охин Валеритайгаа чөлөөтэй уулздаг байсан учраас түүнтэйгээ хамгийн дотно болсон байдаг. Том охин нь бага байхдаа нас барж дунд охин нь ээжийгээ мэдэхгүй өссөн бөгөөд ганц хүү, Австрийн найдвар болсон хаан ширээ залгах хунтайж Рудольф нь 31 насандаа нууц амрагтайгаа хамт амиа хорлосон юм. Үүнийг Майерлингийн эмгэнэлт явдал хэмээн түүхэнд тэмдэглэж үлдсэн бөгөөд яг юу болсон тухай түүхч, эрдэмтэд нар одоо ч гэсэн маргадаг.
Хэдийгээр гэр бүлийн хүрээнд эрх мэдэлгүй байсан ч үзэсгэлэнт, сайхан сэтгэлт хатан хаан Сисси ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж улс төрийн хүрээнд өөрийн нөлөөгөө тогтоож чадсан юм. Тэрээр 1860-аад оны үед болсон Автсри Унгарын зөрчилдөөний үеэр өөрийн хүч чадлаа харуулж чадсан байдаг. Хатан хаан болсныхоо дараахан Сисси шинэ эх орныхоо түүх соёлыг судалж эхэлсэн бөгөөд Унгар улсад (тухайн үед Унгар нь Австрийн эзэмшилд байсан) ихэд татагдсан юм. Тиймээс тэрээр унгарын хэл соёлд маш шаргуу суралцсан бөгөөд энэ нь Австри язргуутнуудын зүгээс шүүмжлэлд өртсөн байдаг. Удалгүй Унгарчууд тусгаар тогтнох хөдөлгөөн эхлүүлэхэд Сисси өөрийн мэдлэг чадварыг ашиглан унгар язгууртнуудыг өөрийн талд оруулж иргэний дайн гарахаас сэргийлж чадсан байна. Унгарчууд гэхдээ илүү улс төрийн эрх мэдэлтэй болсон учраас өөрсдийгөө австричуудтай ижил хэмжээнд байх ёстой гэж үзжээ.
Үүний нөлөөгөөр Австри-Унгарын эзэнт гүрэн байгуулагдаж Франц Йозеф, Элизабет нар Будапешт хотод Унгарын хаан, хатнаар өргөмжлөгдөв.
Түүхчид Баварийн Элизабет нөхөртөө туслалцаа үзүүлсний хүчинд л улс нь задралгүй үлдсэн хэмээн үздэг. Мөн үүнээс цааш Франц эхнэртэйгээ зөвлөлдөн улс төрийн шийдвэрээ гаргаж эхэлсэн бол Австри-Унгарын эзэнт гүрэн Европ дахь нөлөөллөө хадгалж үлдэх байсан гэх хүн олон бий. Чухамдаа 19-р зууны сүүлч үед Австри-Унгарын хүч сулраагүй бол Дэлхийн 1-р дайн өөрөөр эргэх байсан нь мэдээж.
Ямартай ч хадам ээжтэйгээ байнга тэрсэлдэхээс залхсан Сисси олон жилийг аялж өнгөрөөсөн юм. Үүнээс болоод тэрээр нөхөртэйгөө хүртэл хөндий харьцах болсон байна. 60 настайдаа тэрээр Женев хотоор хэдэн шадар ахайтнуудтайгаа зугаалж байжээ. Энэ үеэр нэгэн Италийн Анархист эр гэнэт гарч ирээд Сиссиг зүрхэн тус газарт нь хутгалсан юм. Хөөрхий Элизабет газар дээрээ нас барсан байдаг.
Франц Йозеф 1916 онд 86 насандаа таалал төгссөн бөгөөд үүний дараахан Австри-Унгарын эзэнт гүрэн Дэлхийн 1-р дайнд орж сүйрлийнхээ эхлэлийг тавьсан юм.
Тэрээр 68 жил буюу хамгийн олон жил төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн хүн болж байжээ. Гэсэн хэдий ч 2021 оны 7-р сард Английн хатан хаан II Элизабет энэ амжилтыг эвдэж чадсан байна.