Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хязгаарт хүрсэн үү?

Бид яг одоо хүн төрөлхтний оюун ухааны хөгжлийн хамгийн гайхалтай эрин үед амьдарч байна. 100 жилийн өмнө IQ шалгах сорил үүссэн цагаас хойш бидний оюун ухаан итгэмээргүй хурдацтайгаар өссөөр ирсэн билээ. Өнөө цагийн ердийн нэгэн хүн 1910 аад оны үед гоц ухаантан гэж тооцогдохоор байсан гэхэд итгэх үү?

Хүн төрөлхтөн оюун ухааныхаа хязгаарт хүрсэн үү?

Судлаач Дэвид Робсоны үзсэнээр сүүлийн жилүүдэд хүний оюун ухааны хурд удааширсан байна. Зарим талаар буцаж буурч байх ч боломжтой гэнэ.

Эхлээд хүн төрөлхтний үүсэл болон эрт хүний оюун ухааны талаар авч үзье.

Бидний өвөг дээдсийн гавлын ясанд хийсэн шинжилгээгээр хүн төрөлхтөн мичнээс хувьссаны дараа үед тархи нь 400куб сантиметр эзэлхүүнтэй байсан бөгөөд энэ нь одоогийн хүний тархины хэмжээний 1/3 орчим хувь юм.

Орчин үеийн хүний тархи биеийн энергийнхээ 20 орчим хувийг ашигладаг. Тархиа ингэж өндөр хувьтай ашиглаж эхэлсэн шалтгааны тухай олон таамаг, учир шалтгаан байдаг ч хамгийн боломжит нь бүлгээр хамтран амьдрах шаардлагатай болсон улмаас ингэж хөгжихөөс өөр аргагүй байсан гэдэг үзэл юм. Бидний өвөг дээдэс модон дээр амьдрахаа больж газарт амьдарч эхэлсэн үеэс, махчин араатан, атаатан дайснуудаас биеэ хамгаалахын тулд хамтаар амьдарч эхэлсэн бөгөөд энэ нь тухайн нөхцөлд хүүхэд өсгөхөд хамтрах асуудалд ч нэн шаардлагатай байсан.

Бидний одоогийн амьдралд бусад хүмүүстэй хамтран амьдрах ямар төвөгтэй болж байгааг ойлгох байх. Тэдэнд таалагддаг, таалагддаггүй зүйл, зан байдал, хов жив гэх мэт маш олон асуудал тулгардаг. Гэсэн хэдий ч бид одоо ч нэг нэгнээсээ хараат бөгөөд нийгмийн томоохон бүлгийн гишүүд нэг нэгнийхээ нээлт, ололт, санаа бодолд тулгуурлан хөгжиж амьдрах хэрэгцээ, шаардлагаа үргэлж сайжруулсаар байгаа билээ. Тэгэхийн тулд бид бүгд бусдаасаа суралцаж, бусдадаа мэдлэгээ түгээх шаардлага байсаар байгаа юм.

400,000 жил орчмын өмнө Хомо-Хэйделбергенсис хүний тархи 1200 орчим куб см болж хөгжсөн бөгөөд энэ нь одоогийн хүний тархинаас үл ялиг л бага хэмжээтэй байгаа юм. Бидний өвөг дээдэс Африк тивийг 70,000 жилийн өмнө орхин нүүдэллэх үед тэд дэлхийн аль ч өнцөг буланд дасан зохицож амьдрах чадвартай, ухаалаг болсон байв. Тэдний агуйд бүтээсэн гайхалтай уран бүтээлүүдээс үзэхэд сансар огторгуй, хүн төрөлхтний оршил гэх мэт томоохон асуудлуудын тухай сэтгэж, бодож чаддаг байсан гэх дүгнэлтэд хүрээд байгаа юм.

Цөөн хэдэн мэргэжилтнүүд сүүлийн үеийн IQ гийн өөрчлөлтийг бидний генийн хувьслаас болсон бөгөөд үүнийг тодорхой болгоход илүү их цаг хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа юм. Эрдэмтэд хүний оюун ухааныг хэмжих аргачлалыг нээж олсноос хойш 100 орчим жил болж байгаа билээ. Мөн IQ шалгах аргачлал нь танин мэдэхүйн чадвар болон математик чадварт илүү суурилсан байдаг. Тийм ч учраас IQ нь зөвхөн ерөнхий мэдлэгийг шалгах болохоос тархины бүрэн хүчин чадлыг шинжилж чадахгүй гэж үзэж байгаа юм. Гэсэн хэдий ч IQ хүний чадавхыг маш олон зүйл дээр тодорхойлж чадсаар байгаа юм.

Хэдийгээр IQ шалгах нь төгс тодорхойлох аргачлал биш ч гэлээ маш олон шалгуур дээр бидний чадавхыг илэрхийлж, суралцах болон бусад чадварын ялгааг илэрхийлсээр байна.

Судлаач Жэймс Флинны өнгөрсөн 100 жилийн IQ үзүүлэлтүүдийг харьцуулж үзсэн судалгаагаар үзэхэд уг үзүүлэлт нь арван жил тутамд 3 оноогоор өсөж байсан бөгөөд зарим орнуудад аль хэдийн 30 оноо даваад байгаа юм.

Өөр нэгэн харьцуулалт нь хүн төрөлхтөн 1900-д оны үеэс дунджаар даруй 11 см өссөн байна. Мэдээж уг үзүүлэлт нотолгоо болж чадахгүй ч гэлээ бидний анагаах ухаан сайжирсан, нярай болон бага насны хүүхдийн өвчлөлт багассан, илүү шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж байгаа нь бидний бие, тархи илүү хөгжиж ухаалаг болсон байж болзошгүй гэдэг үзлийг үүсгэж байгаа юм.

Учир шалтгааныг нь тогтоож чадаагүй ч Флинны үзэж байгаагаар түүний судалгаанд үндэслэж үзэхэд бид бид аль хэдийн оюун ухааны дээд хөгжилдөө хүрсэн бөгөөд аажмаар эргэж чадамжаа алдаж байгаа гэж үзэж байна. Финланд, Норвеги болон Дани улсын жишээн дээр үзэхэд 1990-д оны дунд үетэй харьцуулахад дундаж IQ жилд 0.2 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийг хүртэл гэж бодож үзэхэд дунджаар 7 орчим оноогоор буурсан гэсэн үг. Уг асуудлын шалтгаан байж болох нэгэн онол нь сургалтын арга барил өөрчлөгдөж, өмнө байснаасаа илүү хялбар болсноос гэж үзэж байгаа юм.

Ослогийн их сургуулийн Профессор Оле Родеберг суралцагчид тооны машин зэрэг төхөөрөмжүүдийг ихээр ашиглах болсон нь өмнөх үеийнх шиг тархиа хангалттай ашиглахгүй байх нөхцөлийг үүсгэж байна гэсэн юм.

Хүн төрөлхтний түүхийг өнөө үе хүртэл нь харьцуулаад үзэхэд бид хэцүү нөхцөл байдлыг даван туулахын тулд тархиа хэрхэн ашиглаж хөгжсөөр байдаг гэдгийг олж мэдээд байгаа. Орчин үеийн амьдрал бидэнд илүү хийсвэрээр төсөөлөх гэх мэт олон боломжуудыг олгож байгаа ч энэ нь бодит байдал дээр нөлөөлөл нь ямар байгааг тооцоолоход төвөгтэй байгаа юм.

Эцэст нь бүтээлч байдлын тухай авч үзье. Судлаачид бүтээлч байдлыг зөвхөн урлаг, уран бүтээлээр хязгаарлалгүй бүхий л талаар нь судалж илүү бодит чадварын тухай судалж байна. Оюун ухаан биднийг илүү бүтээлч байхад тусалдаг байх ёстой, гэсэн ч бид тодорхой өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлоход бэрхшээлтэй байгаа билээ. Флинны тодорхойлсон IQ буурах үзэл юунаас ч шалтгаалсан байж болох ч бидэнд оюун ухаанаа өөр талаас нь судалж үзэх бас нэгэн сэдлийг өгч байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()