Туршилтаар зөвхөн эр шумуулын генетикийн өөрчилсөн байна. Ингэснээр тэдэнтэй үржилд орсон эмэгчин шумуулны биеийн бүтцэд өөрчлөлт орж, тетрациклин хэмээх антибиотикоос хамааралтай болох аж. Байгальд мэдээж ийм антибиотик байхгүй учраас эмэгчин шумуулнууд нь маш түргэн хугацаанд үхэх юм. Энэ аргаар вирус тээвэрлэгч шумуулны тоог толгойг цөөлөх төлөвлөгөө боловсруулсан байна. Харин дээрх генетикийн өөрчлөлттэй эрэгчингүүд нь үр удам үлдээх чадваргүй бөгөөд өөрсдөө ч мөн удалгүй үхэж дуусах гэнэ.
"Oxitec" нь 2016 онд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа, дараа нь 2020 онд Байгаль орчныг хамгаалах газраас зөвшөөрөл авахын тулд маш олон шалгуур давах шаардлагатай болсон аж. Хэрвээ эхний туршилт нь амжилттай болвол ойрын хоёр жилдээ багтаан тус компани 20 сая генийн өөрчлөлттэй эрэгчин шумуул байгальд тавихаар төлөвлөж байна.
Одоогийн байдлаар шавжны эсрэг хороор л шумуултай тэмцэж байгаа билээ. Гэвч химийн хор нь эргээд хүн, байгальд хохирол учруулж байгаагийн дээр шумуулнууд аливаа химийн бодист эсэргүүцэлтэй болон хувьсаж байгаа юм.
"Oxitec" өмнө нь генетикийн аргаар өөрчилсөн шумуулаа Бразилд туршсан байна. Үүний үр дүнд тус орны "Aedes aegypti" шумуулны тоо толгой 90 хувиар буурсан гэнэ. Тиймээс энэ удаагийн туршилт ч мөн амжилттай болно гэдэгт тус компани итгэлтэй байгаа.
Энэ шинэ аргаас шалтгаалан жирийн шумуулны тоо толгой эрс буурч, мөхөлд хүрэх эсэхийг хүмүүс ихээр сонирхжээ. Дулааны улиралд хүн амьтдад ихээхэн төвөг учруулдаг энэхүү шавьж дэлхий дээр үгүй боллоо гэхэд төдийлөн ялгаа гарахгүй гэж үздэг эрдэмтэд цөөнгүй бий. Үнэндээ шумуул устсанаар 100-аад төрлийн загас "хоолны цэс"-ээ өөрчлөх, эсвэл муугаар бодоход өөрсдөө мөн адил устаж, хоол хүнсний гинжин хэлхээнд өөрчлөлт оруулах эрсдэлтэй.
Дэлхий дээр 3500 гаруй зүйлийн шумуул байдаг бөгөөд тэдгээрээс цөөн хэд нь өвчний вирус тараадаг юм. Харин тэдгээрийн нэг болох Aedes aegypti нь бусад шумуулнуудаа дарангуйлдаг, хэт хурдан үрждэг, байгальд ямар нэг онцгой үүрэг гүйцэтгэдэггүй төрөл учраас тоо толгойг нь цөөллөө гээд ямар нэг муу зүйл болохгүй аж.