Гэхдээ энэ ганцхан Азиуд ийм хандлага гаргадаг гэсэн үг биш. Техасын их сургуулийн эрдэмтэд явуулсан нэг туршилтад төрөөд дөнгөж хэдхэн хонож байгаа хүүхдүүд хүнийг гадаад үзэмжээр нь үнэлж байгааг тогтоосон байдаг. Тиймээс хүмүүсийг гоо үзэсгэлэнгээр "жагсаах", тэрхүү жагсаалтад дээгүүр бичигдэхийг хүсэх нь тийм ч буруу зүйл биш.
Гэвч Ази, ялангуяа Япон, Хятад, Солонгос гэх мэт орнуудад гоо сайханд донтсон мэт амьдралын хэв маяг тогтсон байдаг.
Жишээлбэл Филиппинд нийтдээ 40 мянган төрлийн миссийн тэмцээн болдог аж. Олон улсын гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн мэдээлж буйгаар Ази нь бусад тивүүд нийлснээс илүү олон гоо сайхны мэс засалчтай гэжээ. Мөн Өмнөд Солонгосын 3 эмэгтэй тутмын 1 нь нүүрэндээ мэс хүргэсэн байдаг аж. Procter & Gamble компани саяхан Сингапурт арь арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний харицсан төв оффис байгуулсан байна.
Ерөнхийдөө дэлхийн гоо сайхны зах зээл 511 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд түүний гуравны нэгийг Ази тив дангаараа бүрдүүлж байгаа.
Хамгийн сонирхолтой нь энэхүү зах зээлд дэлхийн эдийн засгийн уналт өсөлт огт нөлөөлдөггүй аж. Бүр хүнсний бүтээгдэхүүний эрэлт хүртэл буурч байхад эсрэгээрээ гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг гэсэн судалгаа хүртэл бий.
Ингэж гоо сайхны араас хөөцөлддөг нь цаанаа бас учиртай. Сэтгэл судлаач Ладд Вийлер, Янгми Ким нарын хийсэн судалгаагаар дорнын соёлд дур булаам хүмүүс бусдын төлөө илүү их санаа зовдог, илүү өрөвч, өгөөмөр сэтгэлтэй байдаг гэж үздэг аж. Нөгөө талаас барууны соёлд дур булаам хүмүүс өөртөө илүү итгэлтэй, бусдыг дарангуйлдаг хэмээх үзэл суусан байдаг гэнэ.
Харамсалтай нь энэ хоёр үзлээс барууны соёлынх нь илүү үнэнд ойр аж. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд болох Петер Белми, Маргарет Нил нарын хийсэн сүүлийн үеийн судалгаа нь сэтгэл татам төрхтэй хүмүүс нийгмийн тэгш бус байдлыг дэмжих хандлагатай байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл үзэсгэлэнтэй хүмүүс өөрсдийгөө нийгмийн дээд давхаргад хамруулдаг гэсэн үг.
Ази дахь өнөөгийн чиг хандлага нь царайлаг хүн шууд амжилтанд хүрдэг гэдгийн нотолгоо юм. Телевизийн шоу ч бай, кино ч бай, үзэсгэлэнтэй л бол сайн жүжиглэдэггүй байсан ч хамаагүй хэмээн эцэг эхчүүд хүүхдээ (ялангуяа Хятад, Солонгост) сургуулиа төгсөнгүүт гоо сайхны мэс засалд оруулдаг болсон байна.
Үүний хажуугаар төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн зарах бизнес хэт хурдан өргөжих болсон. Ази эмэгтэйчүүд өдөрт 10 өөр төрлийн тос, чийгшүүлэгч зэргийг хэрэглэдэг гэсэн тоо баримт хүртэл бий.
Тэдгээрийг хэрэглээд үнэхээр бусдаас илүү царайтай болно гэсэн баталгаа байгаа юу? Хэрвээ үнэхээр царайлаг болвол та үнэхээр бусдаас илүү ухаалаг, сайхан сэтгэлтэй болсон мэтээр өөрийгөө мэдэрч эхлэх болов уу?
Мөн гоо сайхны араас хөөсөн эмэгтэйчүүд аюултай мэс засалд орох, төрөл бүрийн баталгаагүй бүтэгдэхүүн хэрэглэх гэх мэт том эрсдэл хүлээх болжээ. Амьдралаа өөрчлөхийн тулд эрсдэл хүлээх нь энгийн үзэгдэл боловч өөрийн царай төрхөөр ингэж тоглоод үнэхээр аз жаргалаа олсон хүн хэд байдаг бол?
Хамгийн аюултай нь Ази эмэгтэйчүүд сайн, үр дүнтэй гэсэн болгоны араас шуурдаг боловч тэдгээр үнэхээр үр дүнтэй эсэхийг бараг л судалдаггүй юм. Үүний хажуугаар хэдэн арван хайрцаг тосоо багц хэмээн өндөр үнээр зарж гоо сайхны араас хөөцөлдөж буй хүмүүсийг мэхлэгчид ч цөөнгүй бий болжээ.
Гэхдээ л зах зээл нь дэндүү том, эрэлт ихтэй учраас гоо сайхныг "борлуулах" явдал хэтдээ үргэлжлэх нь тодорхой.