Өдгөө 33 настай Адель олны нүднээс далд байх хугацаандаа 45 кг хасаад эргэн ирсэн явдлыг шүтэн бишрэгчид нь 8 жил хамт байсан нөхрөөсөө салж, сэтгэл гутралд орсноос болов уу хэмээн санаа зовниж байлаа. Гэхдээ дуучин бүсгүйн хувийн амьдрал өдгөө тун аз жаргалтай байгааг үерхээд хэдэн сар болж буй найз залуу Rich Paul-тайгаа хамт өнгөрүүлсэн мөчүүдээс нь харж болно.
Галбир тодотгосон бариу хар цамц, шоо хээтэй мини банзал, урт түрийтэй гутлаар гоёсон Адель өнгөрсөн даваа гарагийн үдэш Лос-Анжелесийн чинээлэг хороололд найз залуутайгаа оройн зоог барьж, романтик болзоонд явж байхыг энтертаймент сэтгүүлчид олж харжээ.
Энэ онд албан ёсоор үерхэж эхэлсэн хос хоёрын харилцаа улам батжиж, дотно болсон байгааг биеийн хэлэмж, үйл хөдлөл судлах тал дээр мэргэшсэн хүмүүс онцолж байлаа.
Түүний найз залуу, 39 настай Рич Пол нь спортын арын албаны нэр хүндтэй мэргэжилтэн бөгөөд Леброн Жэймсийн агент буюу хувийн төлөөлөгч гэдгээрээ Америкт танигджээ.
Тиймдээ ч Адель, Рич нар NBA-ийн финалын тоглолтыг хамтдаа үзэж, амрагийн холбоотой болсон гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан билээ.
Дуучин бүсгүйн жин ихээр хассан нууц нь 90% хоолны дэглэм, 10% дасгал хөдөлгөөн байсныг хувийн дасгалжуулагч нь дэлгэсэн юм. Адель долоо хоногт гурван удаа өөртөө тохирсон дасгал хийдэг бөгөөд хэзээ ч бэлтгэлээ тасалж байгаагүй. Мөн тэрбээр тэжээллэг чанар ихтэй загас, кофе, гүзээлзгэнэ, турмерик, сонгино зэргийг түлхүү хэрэглэдэг Сиртфудын дэглэмийг барьж жингээ амжилттай хассан ажээ.
Мөн олон жил ханилж, үрийн зулай үнэрлүүлсэн анхны нөхөр Саймон Конеки нь түүнийг орхисон явдал дуучин бүсгүйг улам хүчирхэг болгож, удаан хөдөлмөрлөх нэг шалтгаан болсон нь тодорхой. Өнгөрсөн онд Адель инстаграмдаа зургаа нийтлэхдээ тайлбар хэсэгт нь ''Би өмнө уйлдаг байсан, харин одоо хөлөрдөг болсон'' гэж бичиж байв.