Адольф Гитлер 1937 оны 1-р сард хамгийн үнэнч хүмүүсийнхээ нэг буюу зэр зэвсгийн яамны сайд Алберт Шперд барилгын ажлыг даалгажээ. Шпер үүний дагуу юу хүссэнээ хийх эрх мэдэл, бараг хязгааргүй хэмжээний төсөл хүлээн авсан байна.
Шпер ч цаг алдалгүй ажилдаа орж бараг армийн дайтай хот төлөвлөлтийн инженерийн баг бүрдүүлэв. Тэд өдөр шөнөгүй ажиллан зам, гүүр, барилга, туннель, нисэх онгоцны буудлын загварыг гаргасан байна.
Мөн 1940 он гэхэд Герман улсын "дахин төрсөн" нийслэлийг Берлин бус Германиа хэмээн нэрлэхээр тогтжээ.
Берлиний шинэчлэлтийн төсөл нь 1930-аад оны сүүл гэхэд хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон байв. Туннель, замын уулзвар, гүүр, метроны шинэ шугам, төмөр замын вокзал, нисэх онгоцны буудлуудыг тухайн үед төлөвлөсний дагуу барьж эхлэв. Барилгачид хуучин хорооллуудыг нурааж, илүү том өргөн чөлөөнүүд гаргаж эхэлсэн бөгөөд гудамжны гэрлийг хотын хөдөлгөөнд саад болгохгүйн үүднээс маш өндөр хийсэн байна.
Шинэ Берлин нь 2 өргөн чөлөөнөөс бүрдэх байв. Эхнийх нь зүүнээс баруун, хоёр дахь нь урдаас хойд зүг рүү чиглэсэн байхаар зураг төслийг нь гаргажээ. Хотын урд хэсэгт томоохон галт тэрэгний буудал барих бөгөөд тэр нь төв буудал болох байжээ.
Харин түүнээс холгүйхэн Дэлхийн 1-р дайнд нас барсан цэргүүдэд зориулан аварга том дурсгалын хаалга байхаар төлөвлөжээ.
Тус хаалганаас холгүйхэн 180 мянган хүний багтаамжтай Ардын Их танхим хэмээх ордон баригдах байжээ. Тус барилга нь төрийн яамд, янз бүрийн байгууллагууд, зарим орны элчин сайдын яам, хоёр мянган суудалтай кино театр, зочид буудал, зоогийн газар, Германы уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг галерей зэрэг зүйлсийг багтаах байв.
Хотын төв хэсэгт аварга том усан оргилуур хийх бөгөөд түүн дээр нь алдарт уран барималч Арно Брекер Герман цэргүүдийн гавьяаг харуулсан урлагийн бүтээл сийлэхээр төлөвлөгдсөн аж.
Харин Ардын Их танхимын урд талбай нь нэг сая хүний багтаамжтай байх бөгөөд ордны дээврийг бөмбөгдөлтөөс хамгаалахын тулд цэвэр төмрөөр хучих ёстой байв.
Ерөнхийдөө 1937 онд уг төсөл батлагдахтай зэрэгцээд Tempelhof хэмээх нүсэр хэмжээтэй онгоцны буудлыг барьж дуусгасан юм. Үүний дараа Рейхийн нислэгийн яамны барилгын ажил эхэлсэн байна. Өнөөдөр тус барилгад ХБНГУ-ын Сангийн яам байрладаг.
Өмнө нь дурдсан нүсэр барилгуудыг барих газрын суурь болгож асар том хэмжээтэй бетоныг цилиндр хэлбэртэйгээр газар цутгажээ. Энэ нь Ардын их танхимын суурь болох байсан аж. Берлинийг ЗХУ-ын Улаан арми эзлэн авах үеэр дээрх суурь нь усаар дүүрч, цэргийн хөдөлгөөнд саад учруулсан байдаг.
1941 онд холбоотнууд Берлин хотыг бөмбөгдөж эхлэх үед барилгын ажил зогссон юм. Өнөөдөр тэрхүү бетон цилиндр л энэхүү үлэмж төслөөс үлдсэн байдаг. Сонирхолтой нь энэ олон жилийн дараа тэдгээр нь огт цуураагүй байгаа нь бетоныг хэр чанартай болохыг харуулна.
Гэхдээ дайн болоогүй байсан ч Гитлерийн "мега хот" барих төсөл нь хэрэгжих ямар ч боломж байгаагүй юм. Үүнд хоёр шалтгаан бий.
Эхнийх нь орох оронтой холбоотой юм.
Шпер дээрх өргөн чөлөөнүүдийг барихын тулд хэдэн мянган орон сууцны барилгыг нураах ёстой байсан бөгөөд үүнээс болоод 150 мянган иргэн орон гэргүй болох байв. Мөн шинэ барилгын ажлыг гүйцэтгэж байгаа хэдэн арван мянган ажилчдыг хаана байрлуулах вэ гэсэн асуудал гарч ирнэ.
Үүний дээр 1930 оны сүүлээр дайн эхэлсэн учраас шинэ барилгын ажлын хөрөнгө оруулалтыг татаж батлан хамгаалах салбарт хувиарласан байна. Мэдээж хэрэг энэ бүхэн нь шинэ нийслэлийн төсөлд том саад учруулсан юм. Гэхдээ нацистууд энэ асуудлыг тун харгис аргаар шийджээ. Тэд хэдэн зуун мянган еврейчүүдийг хорих лагерь руу илгээн, хөрөнгийг нь хураах замаар санхүүжилттэй болоод зогсохгүй барилга барих талбайгаа гаргасан аж.
Хоёр дахь асуудал нь ажиллах хүч байв.
1940-өөд оны үед ийм хэмжээний бүтээн байгуулалтыг заасан хугацаандаа дуусгахын тулд дор хаяж 182 мянган ажилчин хэрэг болох байв. Үүнд ганцхан барилгачид биш зураг төсөл гаргагч, сан техникч, цахилгааны инженерүүд гэх мэт тусгай мэргэжлийн хүмүүсийг багтаасан болно. Тухайн үед Германд дээрх тооноос 15 дахин цөөн тооны ажилчид байсан юм. Мөн жил бүр 450 сая ширхэг тоосго шаардагдах байсан ч 1938 онд гэхэд ердөө 105 саяыг л үйлдвэрлэсэн байжээ.
Үүнийг анзаарсан Шпер нь Гитлерийн баруун гар Гиммлерт хандсан бөгөөд тэрээр жилд 120 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих тушаал өгсөн байна. Гэхдээ тэр үйлдвэр байсан ч, бүх хүчин чадлаараа ажилласан ч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй нь мэдээж.
Дайны дараа Шпер бусад нацистуудын адил Нюрембергийн шүүх хурлаар орж 20 жилийн ял авсан байна. Хожим нь нас өндөр гарсныхаа дараа тэрээр дурсамжаа хэвлүүлсэн бөгөөд түүндээ Гитлерийн хүссэн агуу нийслэл барих ажил нь бүтэшгүй мөрөөдөл байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.