Рения Шпигель 1939 онд 15 настай байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн байна. Рениа 1942 онд нас барах хүртлээ гурван жилийн турш өөрийн амьдрал, найз нөхөд, хамаатан садныхаа талаар дэлгэрэнгүй бичиж, гэр бүлийнхэнтэйгээ хамт хоригдож байсан нацистын геттогийн (еврейчүүдийг олноор нь хорьж байсан хороолол) аймшигт явдлыг дүрсэлжээ.
Геттод байхдаа Рениа харамсалтайгаар амиа алдсан юм. Түүний дүү Ариана эгчийнхээ тэмдэглэлийг уншиж зүрхлээгүй тул удаан хугацааны турш гар хүрэлгүй хадгалсан байна.
Рениагийн өдрийн тэмдэглэл нь нийт 700 хуудаснаас бүрдэж байжээ. Сүүлд буюу 2018 онд түүний гэр бүл тэмдэглэлийг нь англи хэл рүү орчуулж, Холокостын аймшгийг дүрсэлсэн ном болгон хэвлүүлжээ. Мэдээж тэрхүү ном нь уншигчдын дунд шуугиан дэгдээсэн байна. Тус өдрийн тэмдэглэл нь еврейчүүдийн амьдрал дэлхийн 2-р дайны үед ямар хэцүү байсныг нүдэнд харагдтал буулгасан нь үүнд нөлөөлсөн юм. Мэдээж Рениагийн түүхийг аль хэдий нь Анне Франкийн өдрийн тэмдэглэлтэй зүйрлэх болсон байна.
Ариана, Рения Шпигель нар эцэг эхтэйгээ Польшийн Сколе хотод (сүүлд Украйны мэдэлд орсон) амьдардаг байв. Дэлхийн 2-р дайн эхлэхийн өмнөхөн тэрээр эмээ, өвөө дээрээ тус улсын өмнөд хэсэгт орших Пржемысль хотод очжээ. Түүний ээж, дүү Ариана нар харин Варшавт үлдсэн байна. Удалгүй нацистууд Польшыг эзэлж тус улсад байгаа еврейчүүдийг дарлаж эхлэв. Еврейчүүд тусгай таних тэмдэг зүүхээс өөр аргагүй болж, тэднийг хорих гетто байгуулна гэсэн цуу яриа тархав. Энэ нь ч удалгүй үнэн болж Рениа өөрийн гэр бүл болоод бусад 20 мянган еврейчүүдийн хамтаар геттод хоригджээ. Нацистууд тус хорооллыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарласан байна. Гэхдээ дотор нь еврейчүүд чөлөөтэй амьдрах эрхтэй байв.
Харамсалтай нь еврейчүүд бүх эрх чөлөөгөө 1942 он гэхэд алдсан юм. Нацистууд тэднийг шууд хорих лагерь руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд удалгүй хоморголон устгах ажиллагаа эхэлсэн билээ.
Рениа энэ бүгдийг тод томруун дүрсэлсэн юм. Тэрээр тэмдэглэлдээ хорих лагерь руу явахаас эмээж, амьд үлдэх эсэх дээрээ эргэлзэж байгаагаа бичиж үлдээжээ. Мөн Рениа анхны хайр болох Сигмунд хэмээх залуугийн тухай дурссан байжээ. Энэхүү тэмдэглэлийн дэвтэр нь тэр залуугийн ачаар бүрэн бүтэн үлдсэн юм.
1939 оны 1-р сард Рениа 15 нас хүрч тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн бөгөөд 1942 оны 7-р сарын 30-ны өдөр алагдах хүртлээ хөтөлжээ.
Рениа нас барахаас хоёр сарын өмнө 1942 оны 6-р сарын 7-нд "Хаашаа ч харсан, хаа сайгүй цус байна. Аймшигтай харгислал. Байнгын аллага. Бүхнийг чадагч бурхан минь, би танаас дахин гуйя: бидэнд туслаач, биднийг авраач! Эзэн минь, бидэнд амьдрал хайрла, би танаас гуйж байна, би амьдрахыг хүсч байна! Би энэ амьдралдаа маш бага зүйл үзсэн. Би үхмээргүй байна, үхэл намайг айлгаж байна" гэж бичжээ.
Рениа Сугмунд хэмээх залуутай геттод байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд түүний тухай олон удаа бичсэн байдаг.
1942 оны 7-р сарын 30-нд тэрээр найз охиноо гэр бүлийнхээ хамт авч зугтахыг оролдсон боловч баригдсан байна. Үүнээс болж Рениаг Сигмундын эцэг эхийн хамт буудан хороожээ.
Хамгийн сүүлд хөөрхий Сигмунд Рениагийн тэмдэглэлд "Буун дуу гурван удаа гарч гурван хүний амийг авч одов. Энэ явдал өчигдөр, арван нэг хагасын үед боллоо. Хувь тавилан хамгийн ойр дотны хүмүүсийг минь надаас аваад явлаа. Надад цаашид амьдрах хүсэл үлдсэнгүй. Миний чихэнд зөвхөн буун дуу сонсдоно. Миний хайрт Ренуся, өдрийн тэмдэглэл чинь ингээд дууслаа" гэж бичжээ.
Гэхдээ тэр амьд үлдээд зогсохгүй аймшигт Аушвицийн хорих лагерьт хүргэгдсэн байна. Дайны дараа тэрээр Нью-Йорк хот руу нүүж шинэ амьдрал зохиожээ.
Рениагийн ээж Роза, дүү Ариана нар ч мөн адил тэрхүү хар дарсан зүүднээс амьд үлдэж чадсан байна. Тэд католик шашинтай болж, нэрээ солин амьдарч байсан ч Сигмунд тэднийг 50-аад оны үед олж чадсан гэнэ. Тэрээр тэдэнд Рениагийн өдрийн тэмдэглэлийг өгсөн боловч хөөрхий эмэгтэйчүүд нээж уншиж зүрхлээгүй өдийг хүргэсэн байна.
2012 он хүртэл энэ тэмдэглэл банкны сейфэнд хэвтэж байжээ. Эцэст нь Арианагийн охин Александра нагац эгчийнхээ тэмдэглэлийг нийтлэхээр шийдсэн байна. Тэрээр өдрийн тэмдэглэлийг эмхэтгэж ном болгох ажлыг 2014 онд дуусгасан бөгөөд 2016 онд ном болгож хэвлүүлэв. Дараа нь тус номоос сэдэвлэсэн кино, театрын жүжиг хүртэл польш хэл дээр тавигдсан аж.