1
Аристарх: Дэлхий нарыг тойрдог
1543 онд Николай Коперник "Дэлхийн бөмбөрцгийн эргэлтийн тухай" хэмээх бүтээлдээ дэлхий нарыг тойрдог гэдгийг нотолсон билээ. Түүнээс өмнө эрдэмтэд дэлхийг орчлон ертөнцийн төв хэмээн үзсээр ирсэн юм. Гэсэн хэдий ч тэр энэ онолыг анх гаргаж ирсэн хүн биш аж.
МЭӨ 3-р зуунд эртний Грекийн одон орон судлаач, математикч, философич Аристарх амьдарч байжээ. Тэрээр дэлхий нарыг тойрдог гэдгийг бүхнээс түрүүлж мэдсэн хүн бөгөөд үүнээс гадна тэрээр дэлхийгээс нар хүртэлх зай, сар хүртэлх зай тэдгээрийн хэмжээг тодорхойлох шинжлэх ухааны аргыг боловсруулсан байна. Түүгээр ч үл барам Коперникийн гар бичвэрүүдэд Аристархын нээлтүүдийн талаар ишлэлүүд орсон байжээ. Харамсалтай нь Аристархын ихэнх судалгаа он цагийн эрхээр алдагдсан байна.
2
Эратосфен: Дэлхийн радиусыг тооцоолсон нь
МЭӨ 3-р зуунд дэлхийг тойрон аялахгүйгээр хэмжээг нь бодож гаргасан хүн бий. Грекийн математикч, одон орон судлаач, газар зүйч, филологич, яруу найрагч Эратосфен МЭӨ 3 -р зуунд амьдарч байсан бөгөөд Александрын номын сангийн тэргүүн байжээ. Сониуч сэтгэлгээтэй, шинжлэх ухааны олон бүтээлээр хүрээлэгдсэн Эратосфен дэлхийн радиус хэр том болохыг тодорхойлохоор шийджээ. Дашрамд хэлэхэд хүмүүс дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг Аристотелийн үеэс буюу МЭӨ 4-р зуунаас л мэддэг болсон юм.
Тэрээр 6 сарын 22-нд Египетийн Сиен (Асуан) хотод нар гүн худгийн ёроолыг гэрэлтүүлж байхад Александр хотод сүүдэр үүсгэж байгааг ажиглажээ. Энд нарны тусгал 7,2 хэмээр хазгай тусаж байсан нь тойргийн 1/50-тэй тэнцүү байв. Энэхүү өнцөгт тулсан нумын урт буюу 2 хотын хоорондын зайг хэмжин дэлхийн тойргийн уртыг 250000 стадий (Эртний уртын хэмжүүр) гэж гаргасан нь орчин үеийн технологиор тооцоолсон тоонд тун дөхсөн хэмжээ байжээ. Дэлхийн радиус 6,371 км гэдэг бол Эратосфены тооцоог км-т шилжүүлбэл 6302 км болно.
3
Лукреций: Өвчин үүсгэгч бичил биетэн буюу нян
Удаан хугацааны турш хүн төрөлхтөн өвчинг бурхан, чөтгөр мэтийн ер бусын зүйлээс үүдэлтэй гэж үздэг байжээ. Энэхүү үзэл нь сэргэн мандалтын үе (1500-1600 он) хүртэл үргэлжилсэн юм. Гэвч үүнээс нэлээд эрт, МЭӨ 1-р зуунд Ромын яруу найрагч, философич Титус Лукреций Карус "Юмсын мөн чанарын тухай" философийн шүлэгтээ "Жижиг хэмжээтэй үр хүнээс хүнд тархах замаар өвчин үүсдэг байж болзошгүй" гэж бичсэн байв.
Тэрээр байгалийн бүх үзэгдлүүд бурхдын хүслээр биш, харин тоо томшгүй олон тоосонцрын харилцан үйлчлэлээс үүдэлтэй гэсэн онол дэвшүүлсэн юм. Лукрецийн энэ онол нь эрдэмтдийг халдварт өвчний мөн чанарыг судлахад түлхэц өгч, төрөл бүрийн бичил биетнийг нээхэд тусалсан юм.
4
Демокрит: Атомын онол
МЭӨ 4-5-р зуунд амьдарч байсан гүн ухаантан Демокрит атомын онолыг дэвшүүлсэн байна. Атом гэдэг зүйл байдаг гэдгийг XX зуун нэлээд гарч байж нээсэн нь түүнийг үнэхээр алсын хараатай хүн байсан гэдгийг илтгэнэ.
Мэдээж Демокрит атомын шинж чанарыг нарийн тайлбарлаагүй. Тэрээр "Энэ ертөнц бүгд "АТОМ" гэдэг бодисоос бүрэлдэн тогтсон болохоор үхэх гэдэг бол ердөө тухайн биеийг бүрдүүлж буй атомууд нь задарч байгаа үзэгдэл юм. Тиймээс үхлийн дараах хойд ертөнц гэх зүйл огт байхгүй" хэмээсэн байдаг. Ингэж хэлснээрээ тэрээр өөрийн цаг үеэс хэдэн мянган жилээр түрүүлж сэтгэсэн нь тодорхой байна.
Сонирхуулахад "атом" гэдэг нь Грек хэлний "атомон" буюу үл үзэгдэх гэсэн үгнээс гаралтай юм.
5
Ксенофан: Уур амьсгалын өөрчлөлт
Ксенофан бол МЭӨ 6-р зуунд амьдарч байсан эртний Грекийн яруу найрагч, гүн ухаантан юм. Ксенофаны бүтээлүүд бүрэн бүтнээрээ үлдээгүй боловч түүний дэвшүүлсэн онолуудыг дундад зууны үеийн сэтгэгчид тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэрээр олон тооны чулуужсан амьтдын үлдэгдлүүдийг судлаад нэгэн цагт дэлхий тэр чигтээ усаар хүрээлэгдсэн байсан хэмээх онолыг дэвшүүлсэн юм. Ксенофан бүх хуурай газар далайн ёроолд байж байгаад газрын хавтны шилжилтийн улмаас дээш өргөгдсөн хэмээн тэмдэглэн үлдээсэн байна.