Хамгийн сонирхолтой нь цахилгаан могой загас нь могой биш цулбуур загасны төрөлд хамаардаг гэнэ. Тиймээс тэднийг цахилгаан цулбуурт загас гэж нэрлэдэг ч хүмүүс бий.
Эрдэмтэд удаан хугацааны туршид Амазон мөрний орчимд ганц л төрлийн цахилгаан загас байдаг гэж итгэсээр иржээ. Гэвч сүүлийн 10-аад жилийн хугацаанд ахиад 2 төрөл байдаг нь тодорхой болсон.
Тэдгээр төрлүүд гадаад үзэмж төдийгүй гаргадаг хүчдэлийн хэмжээгээрээ хоорондоо ялгардаг. Electrophorus voltai нь 800 вольт, Electrophorus varii нь ойролцоогоор 600 вольт, харин Electrophorus electricus нь 400 вольт хүртэл хүчдэл гаргаж чаддаг байна.
Магадгүй та цахилгаан загасыг хаа сайгүй тэнүүчилж таарсан болгоныг хүчдэлээр цохиулж явдаг гэж бодож байж болох юм. Үнэн хэрэгтээ тэд маш залхуу бөгөөд хоол олж идэхээс бусад үед нэг л газартаа байдаг аж.
Сайтар хооллож, амарсан цахилгаан загас 3-4 удаа хүчдэл гаргах цэнэгтэй болдог байна. Тэд зөвхөн өөрсдийн олз руугаа эсвэл өөртөө ойртож ирсэн амьтад руу дайрдаг. Цахилгаан могой загас нь маш хурдан хөдөлгөөнтэй тул хэр баргийн амьтан түүнээс бултаж амждаггүй.
Тэдний ялгаруулдаг хүчдэлийн хэмжээ нь том биетэй амьтдын ч зүрхийг зогсоох чадалтай байдаг учраас бараг амьтай бүгд энэ загаснаас болгоомжилдог. Азаар энэ төрөл зүйлийн амьтнаас болж амиа алдсан хүмүүсийн тоо харьцангуй цөөн байдаг.
Ийм төрлийн загаснууд булингартай усанд амьдардаг учраас эргэн тойрноо нүдээрээ харж ажиглах бус, усны хөдөлгөөнөөр мэдэрдэг гэнэ. Тиймээс нэлээд ойртож очихгүй л бол ямар ч хөдөлгөөнийг анзаарч мэдрэхгүй.
Нас бие гүйцсэн цахилгаан загас 1.5 м урт болж, 20 кг жин хүрдэг. Тэдний биеийн бүтэц нь олон тооны булчингаас бүрддэг ба тэдгээр булчингууд нь цахилгаан цэнэг хуримтлуулж, ялгаруулах үүрэгтэй байдаг тул үргэлж ажиллагаатай байдаг.
Цахилгаан могой загас олзоо олсон бол шууд цээжин хэсгээ нааж цахилгаан ялгаруулдаг. Өмнө нь дурдсанчлан ихэнх амьтад нэг удаагийн дайралтаар амиа алддаг.
1807 онд байгаль судлаач Александр фон Гумбольдт цахилгаан могой загас барихыг нутгийн иргэдээс хүсжээ. Ийнхүү хүмүүс хэд хэдэн адуу, луус зэргээс бүрдсэн сүргээ нуур руу оруулахад аюулд орсон гэдгээ мэдэрсэн цахилгаан могой загаснууд шууд сүрэг рүү дайрсан байна. Цахилгаан могой загас өөрийгөө цэнэглэхэд тодорхой хугацаа шаарддаг учраас нутгийн иргэд ийм арга ашиглан тэдний хүчдэлийг барж аюулгүй болгожээ. Тэд цахилгаан могой загаснуудын цэнэг дуусгахыг хүлээж, бүх зүйл намдсаны дараа ус руу орон барьж эхэлсэн байна. Харамсалтай нь тус явдлаас болж хоёр морь үхсэн аж. Харин сүүлийн үед цахилгаан тусгаарлагчтай хэрэгслүүдийн тусламжтайгаар цахилгаан загасыг ямар ч амьтны амь хохироолгүй барьдаг болжээ.
Гэхдээ эдгээр амьтад цахилгааныг зөвхөн биеэ хамгаалахын тулд ашигладаггүй гэнэ. Дээр дурдсанчлан тэд эргэн тойрноо тийм ч сайн харж чаддаггүй учраас биенээсээ 10 вольт хүчдэл ялгаруулж эргэн тойрноо мэдэрдэг байна. Тодруулбал тэд хүрээлэн буй орчныхоо 3 хэмжээст зураглалыг гаргаж хардаг гэсэн үг юм.
Үүний хажуугаар цахилгаан загас өөр хоорондоо цахилгаан хүчдэлийн хэмнэлээр харилцдаг гэнэ. Үүгээр тэд нэгнийхээ байршил, хүйс, нас зэрэг мэдээллийг түвэггүй олж чаддаг аж.