МЭ 60 оны орчимд Английн зүүн хэсэгт нутаглаж байсан Исени овгийн удирдагч Прасутагос нас барсан юм. Харамсалтай нь түүнд удам залгах хүү байсангүй. Тухайн үед Ромын эзэнт гүрэн ноёрхлоо тогтоогоод байсан бөгөөд хэлэлцээрийн үр дүнд Исени нэг ёсондоо өөртөө засах орон болсон байлаа. Нэгэнт Прасутагост удам залгах хүү байгаагүй тул Ромын эзэн хаан Неро албан ёсоор тус нутгийг захирах эрхтэй болох байв. Гэвч Прасутагосын эхнэр, нөхрөөсөө олон насаар дүү улаан үст Боудикка энэ бүгдийг ухаалгаар ашиглаж нөхцөл байдлыг гартаа авахаар шийджээ. Тэрээр Прасутагост хоёр хүүхэд төрүүлж өгсний аль аль нь охид байсан аж. Тиймээс Прасутагос охиддоо өөрийн эрх мэдлээ өвлүүлэх гэрээслэл бичсэн байна.
Ромын эзэнт гүрэн Прасутагосын гэрээслэлийг хүлээн авахаас татгалзаж, эмэгтэй хүн удирдагч болж хэрхэвч чадахгүй гэж мэдэгджээ. Үүний дараа Ром шууд тус овгийн нутгийг өөрсдийн мэдэлд шилжүүлэв.
Үүнд уурссан Боудикка Ромчуудтай заргалдах гэж оролдсон боловч түүнийг олон нийтийн өмнө ташуурдан шийтгэсэн бөгөөд охидыг нь ром цэргүүд хүчирхийлж, тэсэхийн аргагүй доромжлол амсуулжээ. Ромчууд Исеничүүдийг зэрлэгүүд гэж үздэг байсан тул хүссэн бүхнээ хийж дарамталдаг байсныг эндээс харж болно.
Хэмжээлшгүй доромжлол амссан Боудикка Исеничуудыг нэгтгэн бослого гаргахад уриалж эхлэв. Хоёр охиныхоо хамт тэрээр сүйх тэргээр хөрш зэргэлдээ овог аймгуудаар аялж, тэднийг өөрсдийн тэмцэлд нэгдэхийг уриалав.
Тэрээр хүмүүсийг өөртөө татахдаа гаргууд нэгэн байсан учраас удалгүй 120 мянган цэрэг цуглуулж чаджээ. Ийм хэмжээний армитай болсноор Боудикка хөрш болох Триновантуудын нийслэл Камулодуныг эзлэн авч, дараа нь Ромын жанжин Квинтус Петилиус Сериалагийн цэргийг бут цохисон юм.
Босогчдын хүчийг дутуу үнэлснээс болоод хохирол амссан тус нутгийн амбан захирагч Гайус Суетониус Паулин нэмэлт хүч цуглуулж эхэлсэн боловч тэрээр Боудиккагийн өөдөөс яаж ч чадалгүй дийлдсэн юм. Тухайн үед Лондиниус (одоогийн Лондон) нь худалдаачид, гар урчууд амьдардаг, Ромчууд нэлээд олноор суурьшсан эдийн засгийн төв суурин болоод байв. Ромын арми хотоос ухарч гарсны дараа Боудикка тэнд үлдсэн иргэдийг өршөөсөнгүй. Тэрээр уг газрыг галдан шатааж, хүн амыг юу ч үлдээлгүй хядсан байна. Боудикка дараа нь Верулами, Каллева зэрэг хотуудыг мөн газрын хөрснөөс арчиж хаяжээ.
Энэ хооронд Гайус Суетониус Паулин Ромоос цэрэг дуудуулсан байна. Хэдийгээр түүнд ердөө 10 мянган цэрэг байсан хэдий ч цэргүүд бүгд маш сайн бэлтгэлтэй, хэдэн арван жилийн дайн тулааны туршлагатай байжээ. Ийнхүү дайн тулаанд төгс суралцсан эрс Боудиккагийн "зэрлэг" армитай тулав. Харамсалтай өмнөх тулаануудад хүнд хохирол амссан тул Боудикка эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг ч олноор нь өөрийн армидаа нэгтгэн авсан байв. Ийнхүү тактик, ур чадвар, туршлагаар илүү ромчууд британичуудыг хиар цохив. Тулалдаан дууссаныг харсан Боудикка ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд дайснуудын гарт биш, өөрийн сонголтоор хорвоогоос явахыг илүүд үзсэн байна.
Өдгөө тэрээр агуу Ромчуудын эсрэг сөрөн зогссоныхоо төлөө Британийн хамгийн алдартай удирдагчдын нэг хэмээн тооцогдох болсон бөгөөд үндэсний бэлгэ тэмдэг болтлоо алдаршжээ.